link

Хятад хэлний клубийн “Хувь хүний төгөлдөршил”, “Төгсөгчдийн цуврал лекц” “Зочин профессорын лекц” боллоо
2025-04-16 22:27 ЗАА

Хятад хэлний клубийн “Хувь хүний төгөлдөршил” лекц амжилттай эхэллээ

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ээ: “Сэтгэлийн хөдлөл ба би” сэдвээр эхлүүллээ.

Тус клуб нь ШУТИС-д хятад хэл суралцаж буй оюутнуудын өөрийгөө ялж, өөрийгөө өөрчилж сэтгэл хөдлөлөө зөв удирдаж амжилттай суралцахад нь дэмжих зорилгоор ГХС-ийн ТМО-хятад хэлний ангийн 2014 оны төгсөгч Монос фарм трейд ХХК, Санто эмийн пүүсийн төлөөлөгчийн газрын захирал М.Долгоржавыг урьж энэхүү лекцээ зохион байгууллаа.

    

“Төгсөгчдийн цуврал лекц”-ээ 2025 оны 3 сарын 21-ний өдөр “Сэтгэлийн хөдлөл ба би” сэдвээр эхлүүлж, клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш клубийнхээ уламжлал болсон хаврын улирлын лекцүүдээ нээлээ.

 

Уригдсан илтгэгч: Хувь хүний сэтгэл хөдлөл нь ирээдүйд нийгмийн харилцаанд орж ажиллах, мөн баг хамт олны хүрээнд үр дүнтэй хамтран ажиллахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Сэтгэл хөдлөлөө зөв удирдаж сурах нь хүн бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд энэ чадвар нь зөвхөн ажил хэрэгт ч биш, хувийн амьдрал, найз нөхдийн хүрээ, гэр бүлтэй харилцах харилцаанд ч гүн гүнзгий нөлөөтэй.

Сэтгэл хөдлөл гадаад орчноос ирж буй мэдээлэл болон дотоод бодол, туршлага дээр суурилан үүсдэг. Гэвч олон хүн сэтгэл хөдлөлөө мэдэрч байгаа ч түүнийгээ хэрхэн удирдахаа сайн мэддэггүй. Ингэснээр бид өөрийн мэдэлгүй муу дадал зуршилтай болж, түүгээрээ өөрийгөө болон өрөөлийг гомдоох, сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрддэг талаар өөрийн туршлагат үндэслэн ярилцлаа. Энэ богино хугацаанд хоёрыг бодож нэгийг ухааруулах үр өгөөжтэй лекц болж өндөрлөсөнд клубийн хамт олон чин сэтгэлээсээ талархалтай байна.

Хятад хэлний клубийн “Төгсөгчдийн цуврал лекц” боллоо

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ээ “Энтрепренершип” сэдвээр үргэлжлүүлэн ЦХ 2+2 хамтарсан хөтөлбөрийн төгсөгч Next Group - Бизнес хөгжлийн менежер Ч.Санчирыг урьж энэхүү лекцээ зохион байгууллаа.

2025 оны 3 сарын 28-д “Энтрепренершип” сэдвээр төгсөгч зочин Ч.Санчир хүрэлцэн ирж оюутан дүү нартаа өөрийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцан лекцээ давтагдашгүй сонирхолтой мэдээллээр эхлүүлж, ярилцлага  өрнүүлж, харилцан суралцлаа.

   

  

Уригдсан илтгэгч: “Энтрепренершип” буюу бизнес эрхлэх, шинээр санаачлан бүтээх үйл явц гэдэг нь олон хүний төсөөлдөг шиг заавал асар их хөрөнгө, онцгой авьяас, эсвэл өндөр түвшний боловсрол шаардах хүнд бэрх зүйл биш. Харин ч эсрэгээрээ, энэ бол өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлыг шинэлэг байдлаар шийдвэрлэх, хэрэгцээг олж харан түүнд хариу өгөх бүтээлч үйл явц, мөн “Энтрепренершип” гэдэг бол зүгээр нэг бизнес хийх бус, асуудлыг олж харах, зоригтой алхам хийх, бүтэлгүйтэхээс айхгүйгээр туршиж үзэх зориг, тэсвэр тэвчээрийн тухай ойлголт юм. Ямар ч нас, мэргэжил, боловсролтой хүн энтрепренер байж чадна. Гол нь сэтгэлгээ, хандлага чухал. Энэхүү хандлагыг эзэмшсэн хэн бүхэн өөрийн жижиг санаагаар ч гэсэн том өөрчлөлт авчрах боломжтой гэдгийг оюутан залуус бид нарт маш ойлгомжтой тайлбарлан өгсөнд клубийн хамт олны өмнөөс гүнээ талархаж байна.

 

Хятад хэлний клубийн “Зочин профессорын лекц

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб”-ээс 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд зохион байгуулдаг “Зочин профессорын лекц” амжилттай болж өндөрлөлөө.

Лекцийн зочноор Гадаад хэлний сургуулийн мэргэжилтэн багш, Шаньдун их сургуулийн хятад хэлний мэргэжилтэн Пан Хунчао багш уригдан оролцож, “Хятад хэлийг хэрхэн амархан сурах вэ?” сэдвийн хүрээнд оюутнуудад үнэ цэнтэй бодитой мэдээлэл, практик зөвлөмжүүдийг хүргэлээ.

   

Клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа тус лекцээр ярилцах сэдэв зорилгоо танилцуулан лекцээ эхлүүлэв.

Ээлжит лекцээрээ ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй оюутнуудын хэлээ хэрхэн үр дүнтэй амжилттай суралцахад нь дэмжих зорилготой ба зочин илтгэгч багш хятад хэлний хөг дуудлага, ханз шинэ үг, харилцан яриа эх сэдэв, хэлзүй дүрмээрээ өөрийгөө зөв сайхан бичгийн болон ярианы хэлнээ  илэрхийлэх талаар танилцуулж, онол арга зүйн зөвлөгөө өгч харилцан ярилцав.  

Зочин илтгэгч: Пан Хунчао багш: хятад хэлний онцлог HSK шалгалтын бүтэц, үнэлгээний зарчим, түүнд бэлтгэх стратеги, түгээмэл алдаа зэргийн талаар тодорхой жишээ, туршлага дээр үндэслэн тайлбарлаж, оюутнууд өөрсдийгөө танилцуулж харилцан суралцлаа.

Хятад хэл суралцагч оюутнууд хэлний мэдлэгээ сайжруулах үр дүнтэй арга барил, шалгалтад бэлтгэх зөв хандлагыг ойлгож авсан нь цаашдын суралцах үйл явцдаа үнэтэй хөтөч болох нь дамжиггүй.

Хятад хэлний клубийн санаачлан зохион байгуулдаг цуврал 3 лекцэд ГХС-ийн ТТО-хятад хэлний ангийн болон ХШУС, ГУУС, ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийнхөн, клубийн бусад идэвхтэн 120 орчим гишүүн оюутан идэвхтэй оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг оюутны үйлчилгээний алба, КНЗ, профессор багш нар, оюутан залуус, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

ЭС МЭДДЭГ ГЭДГЭЭ МЭДЭХҮЙ БОЛБООС МЭРГЭН ДЭЭД БУЮУ

ЭС МЭДЭХ АТЛАА МЭДНЭ ХЭМЭЭХҮЙ НЬ МУНХАГ ГЭМ БУЮУ

ЛАОЗ

“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2025-04-06

Affiliated schools