link

Хятад хэлний клубийн “Соёлын хичээл” боллоо
2025-04-21 19:36 ЗАА

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын  улирлын соёлын хичээлээ “Хятадын тулааны урлаг" сэдвээр эхлүүллээ. 

Соёлын хичээлээ ШУТИС-ийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний анги, 2+2 хамтарсан хөтөлбөр, хятад хэл сонгон суралцаж буй оюутан залуусын Хятадын соёл, түүх, тэдгээртэй холбоотой үг хэллэг сургах, соёлын ойлголтыг гүнзгийрүүлэх, хятад хэлний мэдлэгийг өргөжүүлэх зорилгоор Ази судлалын тэнхимийн хятад хэлний мэргэжилтэн багш Лю Юүтин, Чю Шинван, Ян Зуи нарыг урьж амжилттай зохион явууллаа.  

Багш: Чю Шинван

Сэдэв: Хятадын тулааны урлаг

Хятадын тулааны урлагийн төрөл, тэдгээрийн хөдөлгөөний онцлог, холбогдох үг хэллэгийн талаар Чю Шинван багш танилцуулж, хичээлд оролцогч оюутнуудтай хамт хөдөлгөөн дасгал хийлээ. Мөн Хятад уран бичлэгийн үндсэн арга аргачлалыг зааж, бичих дадлага хийлгэсэн нь оюутнуудын соёлын мэдлэг болон хэлний чадварыг нэгэн зэрэг хөгжүүлэхэд үр өгөөжтэй болов. Ийнхүү олон талт, танин мэдэхүйн ач холбогдол бүхий хичээл нь оюутнуудад сонирхолтой, үр дүнтэй болж өнгөрсөн юм.

 

Багш: Ян Зүи

Сэдэв: Хятадын үзэсгэлэнт түүхэн дурсгалт газар

Хятадын үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газрууд сэдвийн хүрээнд багш Ян Зуи оюутан залууст Хятадын алдартай аялал жуулчлалын бүс нутгууд, тэдгээрийн түүхэн ач холбогдол, соёлын өвийн талаар сонирхолтой танилцуулга хийж, холбоотой хятад үг хэллэг, өгүүлбэрийн бүтэцтэй танилцуулан, ярилцлага өрнүүллээ. Уг хичээл нь оюутнуудын хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэхийн сацуу, Хятадын соёл, түүхийн талаарх ерөнхий мэдлэгийг өргөтгөсөн үр дүнтэй, санаа сэдэл өгсөн хичээл болж өнгөрлөө.

    

Багш: Лю Юүтин

Сэдэв: Хятад орны талаар

Лю Юүтин багш Хятад улсын хүн ам, ястан үндэстэн, газар нутгийн бүтэц, бүс нутгийн ялгаа, эдийн засгийн онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эдгээр сэдвүүдтэй холбоотой үг хэллэг, хэлц хэллэг, нэр томьёо заасан юм. Энэхүү хичээл нь оюутан залуусын хятад улсын талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, хятад хэлний үгийн баялаг, хэрэглээний чадвараа нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй хичээл болж өндөрлөлөө.

 

 Соёлын хичээл болон ярианы буланд ГХС-ийн ТТО-хятад хэлний ангийхан, ГУУС, ЭХС, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1, 2-р курсийн  давхардсан тоогоор 100 гаруй оюутан залуус идэвхтэй оролцлоо. Хятад хэлний клубийн хаврын улирлын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүлэн, соёлын солилцоонд хувь нэмрээ оруулсан нийт оюутан залуус, дэмжин ажилласан багш нар болон эрхэм хүндэт клубийн зөвлөх багш, идэвхтэн гишүүддээ гүн талархал илэрхийлье. 

ЭРДМИЙГ ХИЧЭЭЛЭЭР ЭРЛИЙГ СУРЛААР

ШУТИС-ИЙН САЙН ДУРЫН “ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”

2025.04.11

Affiliated schools