link

ШУТИС "Бүс ба Зам" шинжлэх ухаан, технологийн санаачилгын олон улсын чуулга уулзалтад амжилттай оролцлоо
2025-06-20 17:09 ЗАА

БНХАУ-ын Сычуань мужийн Чэнду хотод 2025 оны 6-р сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Их сургуулиудын судалгааны хамтын ажиллагаа: Бүс ба Зам шинжлэх ухаан, технологийн санаачилга” (iUNRC)-ийн гурав дахь удаагийн олон улсын чуулга уулзалтад ШУТИС-ийг төлөөлөн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор, доктор (Ph.D), дэд профессор Р.Бадмаанямбуу амжилттай оролцлоо.

 

Энэхүү арга хэмжээнд Бүс ба Зам санаачилга (BRI)-ийн түнш 20 гаруй орны их сургуулиуд оролцож, хамтын судалгаа, солилцоо, инновацын стратеги, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар хэлэлцэв.

Чуулганы үеэр iUNRC солилцоо болон хамтын ажиллагааны хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилттэй, Chongqing их сургуультай хамтарсан 5 сая юанийн хөрөнгө оруулалттай (ойролцоогоор $696,000) iUNRC байгалийн хор хөнөөлийг бууруулахад чиглэгдсэн сорилт, судалгааны лаборатори байгуулахыг дэмжих болсон нь онцлох үйл явдлын нэг байв.

Проректор Р.Бадмаанямбуу тус арга хэмжээнд “ШУТИС-ийн дижитал шилжилтийн бодлого, үр дүн, хиймэл оюуны ирээдүйн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, их сургуулийн хөгжлийн стратеги, хамтран ажиллах боломжуудын талаар олон улсын түншүүдэд танилцууллаа.
Тэрээр Chongqing их сургуулийн ректор Ван Шүшин, проректор Ли Жиан, профессор Сяомин Жан, профессор Круз Ли нартай уулзах үеэрээ iUNRC санаачилгын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, гүн талархал илэрхийлсэн юм. 
Мөн тус их сургуулийн профессор Сяомин Жан болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор М.Ганхүлэг нарын багийн хамтран хэрэгжүүлж буй “Эх газрын эрс тэс уур амьсгал дахь их оврын салхин турбины механик болон цахилгаан үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд” сэдэвт хамтарсан судалгааны төслийн явцыг өндрөөр үнэлж, цаашид:
•    Их сургуулиудын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах,
•    Хамтарсан лаборатори байгуулах
санал, хүсэлтийг дэвшүүлж, стратегийн түншлэлийг бэхжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.

 

iUNRC нь шинжлэх ухаан, технологийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжих, тэргүүлэх есөн чиглэлээр (уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, ухаалаг хөдөө аж ахуй, их өгөгдөл г.м.) инновац, авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг бөгөөд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд олон улсын хамтын ажиллагааны гол платформын нэг болоод байна.

ШУТИС цаашид уг санаачилгад идэвхтэй оролцож, бүс нутгийн шинжлэх ухаан, технологийн хөгжилд оюуны хувь нэмрээ оруулах зорилго тавин ажиллаж байна.

Affiliated schools