Зарим эрэлттэй мэргэжлээр суралцагчид тэтгэлэг олгох харилцааг Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар зохицуулна.
Нийгмийн салбарт хомсдолтой байгаа зарим мэргэжлийн чиглэлээр (ШУТИС-ийн нийгмийн ажилтан, хоол зүй, шим судлал) дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах суралцагчид Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг авах суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Монгол улсын иргэн байх;
- тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлийн үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх;
- боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
- магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр, эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллага (ШУТИС энэ шаардлагыг хангасан)-д суралцдаг байх;
- дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх;
- суралцагч зээл авснаас бусад тохиолдолд Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “өрийн мэдээллийн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх (сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцагчид хамаарах заалт)
Тусгай шаардлага:
- Төгссөнөөс хойш орон нутгийн байгууллагад 3 жил, нийслэлд 5 жил мэргэжлээрээ тогтвортой ажиллах нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байх;
- Элсэн суралцагч бол элсэлтийн шалгалтад тухайн мэргэжлийн чиглэлийн шалгалтад 501-ээс дээш оноо авсан тохиолдолд 100 хувийн, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улиралд 3.0, түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд 100 хувийн, 2.8-3.0 хүртэл голч дүнтэй суралцсан тохиолдолд 70 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэгт хамрагдах суралцагч дараах баримт бичгийг бүрдүүлж, бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн сургалтын албанд 2025 оны 8 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 05-ны (ажлын) өдрүүдэд өгнө.
Баримт бичгийг сургалтын албаны ажилтан хянах ба шалгуур хангасан суралцагчтай Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/301 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид буцалтгүй тусламж олгох гэрээ” байгуулна.
Бүрдүүлэх баримт бичиг
I. Хичээл сонголт 2 хийхийн өмнө:
- Хүсэлт (батлагдсан маягтын дагуу, өргөдөл хэсэгт оюутан өөрийн болон эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг нэмж бичнэ );
- Иргэний үнэмлэх, эсхүл лавлагаа (суралцагч, эцэг эх, асран хамгаалагч);
- Дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэгч бол элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар;
- Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн хуудас.
II. Хичээл сонголт-2 хийсний дараа:
- Тухайн улиралд судлах хичээлийг баталгаажуулсан тодорхойлолт;
- Сургалтын төлбөрийн нэхэмжлэл.