link

“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө
2025-09-15 14:05 ЗАА

Монгол Улсад анх удаа Азийн их, дээд сургуулиудын барилга, автозам, гүүрийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагддаг Азийн ган гүүр (Asia BRICOM-2025) тэмцээн 2025 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Тэрэлжийн үзэсгэлэнт байгалийн цогцолборт газарт амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Япон, Тайланд, Тайвань, Индонез, Монгол зэрэг таван орны 13 багийн 150 гаруй оюутан, профессор, судлаачид оролцож, бүтээлч сэтгэлгээ, инженерийн мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Азийн гүүр (Asia BRICOM) тэмцээнд оролцогч багууд дүрмийн дагуу 4.0 м урт, 60 см өргөн,  50 кг, 100 кг, 150 кг-ын жигд бус ачааллыг даах боловч хотойлт нь зөвшөөрөгдөх хэмжээнд байх, хамгийн хөнгөн, хурдан угсрагдах ган гүүрийн жижигрүүлсэн загвар зохион бүтээж өрсөлддөг. Гүүрийн загваруудыг бүтээцийн болон угсралтын өртөг, угсралтын хурд, гоо зүйн шийдэл, илтгэх ур чадвар, мөн урьдчилан тооцсон ба бодит хотойлтын зөрүү зэрэг шалгуураар дүгнэв.

ШУТИС-ийн амжилтууд

ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль (БАС)-ийн оюутнууд 2017, 2018, 2019, 2023, 2024 онд оролцохдоо олон улсын тавцанд чамгүй амжилт гаргаж ирснээс дурьдбал:

2019 онд Индонез улсад болсон тэмцээнд профессор Я.Дүйнхэржав, ахлах багш доктор О.Алтанзагас нарын удирдсан “Triple S” баг “Тэргүүн байр”

2024 онд Вьетнам улсад зохион байгуулагдсан тэмцээнд багш Б.Жавхлан, багш С.Энхболд нарын удирдсан “Galaxy” баг нийт дүнгээр “Тэргүүн байр”-ыг эзэлсэн бөгөөд Монголын оюутнуудын олон улсын нэр хүндийг өргөсөн түүхтэй.

2025 оны тэмцээний Тэргүүн байр, цомын эзнээр Япон улсын Фүкүй Их Сургуулийн баг 92.21 оноогоор шалгарлаа.

MUST-Delta баг (Б.Жавхлан, Б.Батзаяа багштай ШУТИС, БАС-ийн Барилгын инженерчлэлийн 3, 4-р курсийн оюутнууд) — 81.69 оноо, 2-р байр

MUST-MonArch баг (Б.Жавхлан, Б.Батчимэг багштай ШУТИС, БАС-ийн Архитектур, Усны барилга, Барилгын инженерчлэлийн оюутнууд) — 76.30 оноо, 3-р байр

Монголын оюутнууд олон улсын тавцанд дахин амжилтаа бататган харууллаа.

Азийн Гүүр тэмцээний Тэргүүн байранд орсон Япон улсын Фүкүй Их Сургуулийн баг

Азийн Гүүр тэмцээний 2-р байранд орсон MUST-Delta баг

Азийн Гүүр тэмцээний 3-р байранд орсон MUST-MonArch баг

 Олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!

Онцлох үйл явдал

Азийн ган гүүр тэмцээнийг 2008 онд санаачилсан Тайваны Үндэсний Төв Их Сургуулийн профессор Хү Сей Лунг энэ жил тэмцээнд биечлэн хүрэлцэн ирж, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуультай хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан нь цаашдын хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр, оюутан солилцоо, багш нарын чадавхжуулалтын томоохон алхам боллоо.

 

Санамж бичигт гарын үсэг зурж буй агшин

Талархал

“Азийн гүүр 2025” тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад санхүүгийн болон бүхий л талаар хамтран дэмжлэг үзүүлсэн ШУТИС-ийн удирдлагууд, БАС-ийн захирал доктор Б.Нарантуяа болон захиргааны хамт олон, зохион байгуулалтын ажилд хүчин чармайлт гарган идэвхтэй ажилласан БАС-ийн Барилгын Инженерчлэлийн тэнхимийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Азийн ган гүүр тэмцээний үйл ажиллагааны хөтлөгч, орчуулагчид болох БАС-ийн оюутан М.Мөнгөлжин, 2025 оны төгсөгч Тамир нартаа талархал илэрхийлье.

Энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулахад Volunteer багийн оюутан, сурагчдын оролцоогүйгээр төсөөлөшгүй байлаа. Тэд гадаадын багуудыг угтан авах, тэмцээний бүхий л үе шатанд орчуулагч, тайлбарлагч, хөтөч, туслах ажилтны үүргийг чин сэтгэлээсээ гүйцэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэдний идэвх зүтгэл, чин сэтгэлтэй хөдөлмөрт гүн талархал илэрхийлье.

Мөн тэмцээнийг бодитоор дэмжиж оролцсон ивээн тэтгэгч байгууллагууд болох Могүмб Констракшн ХХК, “Мөнх Инж Констракшн” ХХК, Golden Light Group,  “ЗЕТ прожект” ХХК компанийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

 

Азийн ган гүүр тэмцээн ирэх жил Япон улсын Фүкүй Их Сургуульд зохион байгуулагдана.

Тэмцээний үйл явдлын зургуудаас

БАС-ийн захиралын нээлт, мэндчилгээ

Илтгэлийн тэмцээн, MUST-Delta баг

Илтгэлийн тэмцээн, MUST-Delta баг

Илтгэлийн тэмцээн, MUST-Firmus баг

Угсралтын тэмцээн, MUST-Delta баг

Угсралтын тэмцээн, MUST-Delta баг

Гүүр ачаалах тэмцээн, MUST-MonArch баг

Гүүр ачаалах тэмцээн, MUST-Delta баг

Гүүр ачаалах тэмцээн, MUST-Firmus баг

Азийн ган гүүр 2025  тэмцээн зохион байгуулсан Глори резорт тэрэлж

Шинэ монгол технологийн их сургуулийн баг

Техник технологийн дээд сургуулийн баг

Азийн ган гүүр тэмцээний орчуулагч, хөтлөгчид

Азийн ган гүүр тэмцээний Volunteer баг

Тэмцээний дэлгэрэнгүй зураг, мэдээллийг доорх веб хуудаснаас сонирхоно уу.

https://www.facebook.com/profile.php?id=61579321424061

Affiliated schools