link

БНЧУ-ын Элчин сайдын яамны идэвхтэй дэмжлэг дор тус улсын тэргүүлэх их сургуулиудтай хэлний боловсрол, нийгмийн шинжлэх ухаан, инженерийн ухааны чиглэлээр хамтран ажиллана
2025-10-28 14:32 ЗАА

2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан Нээлттэй боловсролын өдөрлөгийн үеэр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Гадаад хэлний сургууль (ГХС), Нийгэм, хүмүүнлэгийн сургууль (НХС), Эрчим хүчний инженерчлэлийн сургууль (ЭХИС)-ийн зүгээс Чех улсын их сургуулиудтай хамтран дэлхийн жишигт хүрсэн хос, давхар зэргийн хөтөлбөрүүдийг боловсруулан нутагшуулах, Чех хэлний боловсрол, соёлын чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх санал дэвшүүлсэн. Уг саналуудын хүрээнд үр дүнтэй хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд эрхэмсэг ноён Ян Вытопил тус улсын тэргүүлэх их сургуулиуд болох дэлхийн их сургуулийн эрэмбэд дээгүүр байр эзэлдэг Карлийн их сургууль, Прагийн техникийн их сургуулийн төлөөлөгчдийн хамт 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ШУТИС дээр зочлон ирж, ажил хэрэгч, хамтын ажиллагааны уулзалт хийлээ.  

Энэхүү уулзалтад  ШУТИС-ийн Ректор Т. Намнанг төлөөлөн Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В. Өлзийбаяр, ГХС-ийн захирал Ц. Энхбаатар, ЭХИС-ийн  захирал Б. Бат-Эрдэнэ, НХС-ийн захирал Я. Төгөлдөр, профессор багш нар өргөнөөр оролцон нээлттэй санал солилцон тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тогтлоо. Эрхэмсэг ноён элчин сайд Ян Вытопил  Чех улсад  өнөөгийн байдлаар Монгол улсын 15 мянган иргэд сурч, ажиллаж амьдарч байгаагаас 2500 гаруй нь оюутан, сурагчид байгаа нь хоёр орны хооронд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа, түншлэл хөгжүүлэх асар их боломж буйг онцлоод ШУТИС дээр түшиглэн энэ хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх сонирхол байгаагаа илэрхийллээ. БНЧУ-ын Элчин сайдын яам ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутан, сурагчид, залуу судлаачид  Чех улсад хос, давхар зэргийн хөтөлбөрүүдээр сургалтын төлбөргүйгээр суралцах нөхцөлийг  дэмжих зорилгоор ШУТИС дээр Чех хэлний сургалт явуулах асуудлаар Гадаад хэлний сургуультай нягт хамтран ажиллахаар боллоо.

 

Түүнчлэн Эрхэмсэг ноён элчин сайд Ян Вытопил Чех улсын засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр энэхүү хамтын ажиллагааны багт нэгдэж буй ГХС, НХС, ЭХИС-ийн бакалавр, магистрын зэргийн хөтөлбөрийн оюутнууд, судлаачид, доктор оюутнууд, багш нар Чех улсын их дээд сургуульд  богино хугацаагаар суралцах, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, судалгаа хийх өргөн боломжийг тусгайлан олгож буй талаар уулзалтын явцад мэдэгдлээ. Уулзалтын үеэр Карлийн их сургуультай ГХС олон улс судлал, НХС олон нийтийн харилцаа, пиар коммуникаци, угсаатны зүй, соёлын антропологи, нийгмийн ажлын чиглэлээр, Прагын Техникийн их сургуультай ЭХИС  цөмийн эрчим хүч, цахилгааны инженерийн чиглэлээр хос, давхар зэргийн хөтөлбөрүүд боловсруулан, хэрэгжүүлэх асуудлаар хамтын ажиллагаа хариуцсан багууд  байгуулж хамтран ажиллах шийдвэрт хүрлээ.

Affiliated schools