link

ШУТИС-ийн багш, ажилчдын спортын уламжлалт наадам 28 дахь жилдээ эхэллээ
2026-01-14 20:35 ЗАА

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, ажилчдын спортын уламжлалт наадам 28 дахь жилдээ волейбол, шатар, ширээний теннис, биллиард, нийтийн гимнастик, дартс, хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын 8 төрлөөр зохион байгуулагдаж эхэллээ. Энэ жилийн наадамд ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа 19 байгууллагын 1300 гаруй профессор, багш, ажилтнаас бүрдсэн баг тамирчид оролцож, хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.

 

Спортын наадмын нээлтийн ажиллагаанд 2025 оны дэлхийн аварга шалгаруулах формейшны стандарт бүжгийн тэмцээний хүрэл медалт “Moon Dance” хамтлаг, “UB dream” бөмбөрийн болон ардын хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулж, ёслолын арга хэмжээг улам өнгөлөг, сонирхолтой болголоо.

 

ШУТИС-ийн багш, ажилчдын спортын уламжлалт наадам “Бид нэг ШУТИС”  уриан дор хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, спортын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Спортын наадмын нээлтийн үеэр олон жилийн турш ШУТИС-ийн багш, ажилчдын спортын тэмцээнд идэвхтэй оролцож, баг хамт олноо манлайлан түүчээлж ирсэн нэр бүхий эрхэм багш нарыг Биеийн тамир, спортын салбарын шагналаар шагнах ёслол болж, шагналыг ШУТИС-ийн ректор Т.Намнан гардуулан өглөө.

Тухайлбал, Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт “100 жилийн ойн медаль”-аар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш, сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Доржийн Цэгмид шагнагдлаа.

 

Мөн монголын Үндэсний олимпын хорооны шагнал “Олимпын алдар” одонгоор Механик инженер, тээврийн сургуулийн Механик, мехатроникийн салбарын дэд профессор, доктор Б.Баярсайхан шагнагдсан юм.

Affiliated schools