link

Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
2026-03-23 15:47 ЗАА

LVMH (Moët Hennessy Louis Vuitton) группийн Loro Piana брэндийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ) олон улсын байгууллагын “Дасан Зохицохуйн Зам: малчин-мал амьтан-тал хээрийн цогц эрүүл мэнд” төслийг 2025-2029 онуудад Монгол улсад хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь Монголын тал хээрийн бүс нутгийн малчин, мал, амьтан ба бэлчээрийн тогтвортой байдлыг бэхжүүлэх таван жилийн хамтын ажиллагааны төсөл бөгөөд өвөрмөц газар нутгийн нөхцөлд Цогц Эрүүл мэнд (One Health) хандлагыг нэвтрүүлснээр уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал алдагдах, газар ашиглалтын доройтол, эрүүл мэндийн эрсдэл зэрэг хоорондоо уялдсан сорилтуудыг шийдвэрлэх зорилготой.

Уг төслийн хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 01-нээс 10-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Дарьганга, Сүхбаатар, Баяндэлгэр (Баяндэлгэр үүлдрийн улаан ямаа байрлах) сумуудад нэг эрүүл мэндийн идэвхжүүлэгч анхны тусламж, гэрийн асаргаа болон малчид, хоршоодод ямаа самнах, ноолуур бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Уг төслийн багт Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Ноос ноолуур судлалын салбарын эрхлэгч Ц.Ганболд сургагч багшаар орж ажиллан ямааны ноолууран түүхий эдийн бэлтгэлийн талаар сургалт зохион байгууллаа. Cургалтаар:

  • Дэлхийн ямааны үүлдэр омог
  • Дэлхийн ноолуурын үйлдвэрлэл, хэмжээ
  • Ноолууран ширхэгтийн давуу шинж чанар
  • Ямааны ноолуур самнах арга, ангилан ялгалт, тордолт хийх
  • Дэлхийд ноолуурын үнэлгээг хэрхэн тогтоодог
  • Ноолуурын стандарт, түүний хэрэгжилт анхаарах зүйл
  • Ноолуурыг нэмүү өртөг шингээж бэлтгэх, малчид хэрхэн орлогоо нэмэгдүүлэх агуулгын хүрээнд мэдлэг олгов.

Цаашид малын гаралтай ноос ноолуур, арьс ширийг боловсруулах, түүхий эдийг зөв зохистой бэлтгэж орон нутагт нэмүү өртөг шингээх чиглэлд түлхүү ажиллахаар болов.

 

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн

Affiliated schools