link

“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
2026-04-10 22:26 ЗАА

ШУТИС, Менежментийн сургуулийн Тана лаборатори дээр “Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинарыг 2026 оны 4 сарын 3-ны Баасан гарагт зохион байгуулав. Уг семинарт “Блу Скай авиэшн вояж” ХХК болон Монголын нисгэгчгүй агаарын тээврийн холбооны ерөнхийлөгч Г.Бат болон холбооны гишүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов. Нам өндрийн эдийн засгийн чиглэлээр Проф. Ч.Баасандаш ШУТИС дээр явагдаж байгаа судалгаа, хөгжүүлэлтийн ажлуудыг танилцуулж цаашид хил залгаа БНХАУ, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч илтгэл тавив. Холбооны ерөнхийлөгч Г.Бат Монголын нам өндрийн эдийн засгийг хөгжүүлэх үндэсний стратеги (МНӨЭЗХҮС) зайлшгүй чухал байгаа учраас холбооны зүгээс санал боловсруулснаа танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв.

МНӨЭЗХҮС-ийг боловсронгуй болгон батлуулах, хэрэгжүүлэх шатанд сонирхогч талуудын эрх ашгийг аль болох тусгах, энэ зорилгоор нэгдсэн ашгийн төлөө бус Аллианс буюу нэгдэл санаачлан байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү нэгдлийг байгуулах үндэслэл, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулан гаргаж дараагийн уулзалтаар хэлэлцэн батлахаар шийдвэрлэв. Ялангуяа судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр Sandbox байгуулах асуудал тэргүүн ээлжинд чухал ач холбогдолтой болохыг оролцогчид цохон тэмдэглэв.

Нам өндрийн эдийн засагтай холбогдох аливаа олон нийтийн болон судалгаа, шинжилгээний байгууллагууд болон компани хувь хүмүүс, төрийн байгууллагуудын сонирхолыг нэгтгэхэд ийм аллиансын буюу нэгдэл цаашид консорциум бүтэцтэй ашгийн төлөө бус олон нийтийн байгууллага байх нь одоогийн эрхзүйн орчинд хамгийн тоохиромжтой гэж үзлээ.

Мэдээлэл бэлтгэсэн. Менежментийн сургууль Ч.Баасандаш

Менежментийн сургууль ба Солонгосын үйлдвэрлэлийн менежментийн холбоо (KIMA) ХАА-н дундын хоршоог бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна.

KIMA холбооны гүйцэтгэх захирал Хёнжинвүү 2026 оны 4 сарын 6-ны Даваа гарагт Менежментийн сургуульд зочилж Дэд захирал М.Банзрагч, ЭНБД Б.Оюунтунгалаг, багш Док.Д.Энхчимэг, Проф. Ч.Баасандаш, Док. М. Дүгэржав нартай хамтын ажиллагааны санамж бичгийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг төсөл хэлбэрээр өргөжүүлэх талаар санал солилцов. Улмаар Тана лабораторийн хөгжүүлж буй загвар дундын хоршооны түшиц газар болох Батсүмбэр, Угтаалцайдам сумдаар хамтарсан ажлын айлчлал хийв.

 4 сарын 7(Мя) өдөр Төв аймгийн Батсүмбэр, 4 сарын 8(Лха) өдөр Угтаалцайдам сумдад очиж Сумын удирдлагуудтай уулзаж, төслийн талаар санал солилцож орон нутгийн нөхцөл байдалтай танилцав.

Зураг. Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн төлөөлөгчийн дарга Х.Шагайтай уулзалтын үеэр.

Зураг. Төв аймгийн Угтаалцайдам сумын удирдлагууд, КИМА нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Хёжүнвүү болон Менежментийн сургуулийн төлөөлөлтэй гурвалсан ажлын уулзалтын үеэр

Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд орон нутгийн удирдлагууд ШУТИС, Менежментийн сургуулийн дэргэдэх Тана лабораторитой байнга хамтран ажилладагаа дурсаад цаашид солонгосын КИМА холбоогоор дамжуулан малын эм, эмчилгээ ялангуая адууны эмнэлэг байгуулах, ухаалаг хүлэмжийн технологи нутагшуулан экспортод чиглэсэн ХАА-н үйлдвэрлэл явуулах талаар хамтран төсөл санаачлан хэрэгжүүлэх талаар идэхвтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Affiliated schools