link

MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
2026-04-21 14:33 ЗАА

“Инженер технологийн дээд боловсрол төсөл” (M-JEED)-өөс их сургуулийн инновацын экосистемийг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Их сургууль – Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд зэргийн бус хөтөлбөрт ШУТИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хүний нөөцийн бүрэлдэхүүн Япон улсын Кюүшү их сургууль дээр 2026 оны 4 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд  “Инновац, энтрепренершип”  чадавхжуулах сургалтад хамрагдлаа.

Арга хэмжээний хүрээнд:

  • Кюүшү их сургуулийн “Хуан Роберт Энтрепренершип” төв (QREC)-ийн энтрепренершип үйл ажиллагаа, сургалтын арга зүй, зохион байгуулалт 
  • Оюутны старт-ап санаачилгыг дэмжих “S.I.P” хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулалт
  •  “Япон улсын инновац, старт-апын экосистем, их сургуулийн үүрэг оролцоо” (OIP) зэрэг сэдэвт сургалтуудад хамрагдахаас гадна шинэ санааг зах зээлд турших, нэвтрүүлэх чиглэлийн хичээлүүдэд (Introduction Entrepreneurship, Tech Marketing Game) оролцож, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Мөн түүнчлэн Япон улсын төр, захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй старт-ап инновацын экосистемийн орчин, дэд бүтэцтэй (FGN, Cambridge Innovation Center CIC) танилцан Кюүшү их сургуулийн “Энтрепренершип төв” (QREC) болон “Нээлттэй инновацын платформ”  (OIP) зэрэг нэгжүүдтэй цаашид хамтран ажиллах санал солилцов.

Тухайлбал Япон улсын технологийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг болох “Ramen Tech” pitch event арга хэмжээнд ШУТИС-ийн старт-ап санаачилгуудыг оролцуулах болон “Parks” хөтөлбөр (инновац, старт-апыг дэмжих санаачилга)-т оролцогч Азийн бүсийн орнуудтай холбогдон ажиллах зэргээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалт арга хэмжээний үеэр Япон улсын Кюүшүгийн технологийн институт KyuTech болон Фукуока их сургуулиудад ажиллаж сургалт, судалгааны хамтын ажиллагааны талаар холбогдох профессоруудтай уулзалт зохион байгуулав.

 

“Их сургууль – Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны чадавхыг бэхжүүлэх нь” төсөл нь их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж буй хүний нөөцийг энтрепренершип сургалтын арга зүй, оюуны өмчийн менежмент, технологи дамжуулалт, гарааны бизнесийн хөгжүүлэлт, инновацын хөрөнгө оруулалт татах арга хэрэгсэл зэрэг чиглэлүүдээр чадавхжуулж улмаар их сургууль – аж үйлдвэрийн хамтын ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад чиглэж байгаа юм.

Дашрамд хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар их сургуулийн инновац, энтрепренершип үйл ажиллагааг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа MJEED төслийн нэгжид талархал илэрхийлье !

ШУТИС-ИЙН ИННОВАЦ, БИЗНЕС ТҮНШЛЭЛИЙН АЛБА

Affiliated schools