link

ШУТИС болон БНХАУ-ын Чунчиний их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-06-05 14:07 ЗАА

Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-д БНХАУ-ын Чунчиний их сургуулийн төлөөлөгчид 2026 оны 6 дугаар сарын 1–5-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чунчиний их сургуулийн Олон улсын харилцааны албаны дэд захирал, Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал, профессор Шиэ Хуй /Xie Hui/, Манчестерийн Их Сургуулийн Инженерийн сургуулийн Бүтээцийн инженерчлэлийн профессор Мэйни Су /Meini Su/, Чунчиний Их Сургуулийн Иргэний инженерчлэл ба шингэний механикийн профессор Круз Ли /Cruz Y. Li/, профессор Шиаомин Зяан /Xiaoming Zhang/ нар багтав.

Айлчлалын хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ШУТИС болон Чунчиний их сургууль хооронд сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор, доктор (Ph.D), дэд профессор Р.Бадмаанямбуу болон Чунчиний их сургуулийн Олон улсын харилцааны албаны дэд захирал, Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал, профессор Xie Hui нар гарын үсэг зурж баталгаажуулав. Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн удирдлага, Гадаад харилцааны алба, Оюутны соёл үйлчилгээний алба, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль (ЭХ

ИС), Барилга, архитектурын сургууль (БАС)-ийн төлөөлөл оролцлоо.

ШУТИС болон Чунчиний их сургууль нь “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд байгуулагдсан “Их сургуулийн судалгаа, хамтын ажиллагааны сүлжээ” (iUNRC)-ийн гишүүн байгууллагууд бөгөөд хоёр талын хамтарсан судалгааны ажлыг өнгөрсөн оноос ЭХИС-ийн Шинэ, сэргээгдэх эрчим хүчний тэнхимтэй хамтран хэрэгжүүлж байна.

Талууд цаашид “Хүйтэн бүс нутаг дахь салхин турбины далбаа–цамхгийн бүтцийн чичиргээний шинж чанар болон цахилгаан үйлдвэрлэлийг оновчлох судалгаа” сэдэвт хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр тохиролцов. Уг төслийн хүрээнд эрс хүйтэн бүсийн нөхцөлд ажиллах салхин турбины мөстөлт, бүтцийн чичиргээ, далбаа–цамхгийн харилцан нөлөөлөл болон цахилгаан үйлдвэрлэлийн гүйцэтгэлийг судлах юм.

Мөн салхин цахилгаан станцын инженер, техникийн ажилтнуудын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, багш, оюутан солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэн хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Энэхүү хамтын ажиллагаа нь ШУТИС-ийн сэргээгдэх эрчим хүч, инженерчлэлийн салбарын судалгааны чадавхыг олон улсын түвшинд өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын салхины эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа, тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Гадаад харилцааны алба
Эрчим хүчний инженерчлэлийн сургууль

Affiliated schools