link

“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-07-10 16:49 Батзориг

2026 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ШУТИС, БНХАУ-ын Шанхайн зам тээврийн их сургуулийн (Shanghai Jiao Tong University) хамтарсан “Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” анхдугаар форумыг амжилттай зохион байгууллаа. Тус форумыг хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монгол-Хятадын хил дамнасан тээвэр, ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан лаборатори”-ийн төслийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд нийт 50 гаруй эрдэмтэн, судлаачид, багш, оюутнууд оролцлоо.

Форумын эхэнд ШУТИС-ийн ректор Т.Намнан Шанхайн зам тээврийн их сургуулийн (ШЗТИС) Намын нарийн бичгийн дарга ноён Ян Жэнбинг хүлээн авч уулзаж хоёр их сургуулийн хамтын ажиллагаа, тэр дундаа “Монгол-Хятадын хил дамнасан тээвэр, ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан лаборатори”-ийн төслийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо. Мөн цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтарсан судалгаа, 2+2 хамтарсан хөтөлбөр, ахисан түвшний хамтарсан хөтөлбөр, багш солилцоо, дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов. Тус уулзалтад ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, МИТС-ийн захирал Н.Пүрэвдорж, МХТС-ийн захирал Л.Баяр-Эрдэнэ, ХШУС-ийн захирал Б.Тунгалагтамир, ГХА-ны албаны дарга Г.Батзориг, Хятад-Монголын “Бүс ба зам” хил дамнасан тээвэр, ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан лабораторийн эрхлэгч Инь Чэнглиан, Гадаад харилцааны дарга Ван Чиан, Ази, Африкийн хамтын ажиллагааны албаны асуудал эрхэлсэн захирал Чэн Хайлэй, БНХАУ-ын Зам тээврийн яамны Хурдны замын судалгааны хүрээлэнгийн дэд дарга Ван Шүйюүн, Зам тээврийн яамны Ухаалаг тээврийн системийн төвийн дэд дарга Сон Шианхуй зэрэг хоёр сургуулийн төлөөлөгчдөөс гадна МУ-ын Боловсролын яамны Дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Түмэндэлгэр, Зам тээврийн яамны Тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан нар оролцлоо.

 

Форумыг нээж ректор Т.Намнан, Шанхайн зам тээврийн их сургуулийн Намын нарийн бичгийн дарга ноён Ян Жэнбин нар үг хэлж, Боловсролын яамны Дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Түмэндэлгэр, Зам тээврийн яамны Тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

 

Форумын үндсэн үйл ажиллагааны хөтөлбөрт хоёр их сургуулийн хамтарсан тунхаг бичигт ректор Т.Намнан, Шанхайн зам тээврийн их сургуулийн Намын нарийн бичгийн дарга ноён Ян Жэнбин нар гарын үсэг зурав. Уг тунхаг бичигт энэхүү форумын зорилго, ач холбогдол, хамрах хүрээ, оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлж, 2027 оны ээлжит форумыг Шанхайн зам тээврийн их сургууль дээр зохион байгуулахыг нийтэд мэдэгдлээ.

  

Үүний дараагаар ШУТИС, ШЗТИС-ийн Хил дамнасан тээвэр, ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан лаборатори болон ШУТИС, ШЗТИС-ийн Дэвшилтэд материал, боловсруулалтын технологийн хамтарсан лабораторийн нээлт, хаяг нээх ёслолын ажиллагаа болж ректор Т.Намнан, Шанхайн зам тээврийн их сургуулийн Намын нарийн бичгийн дарга ноён Ян Жэнбин, Хятад-Монголын “Бүс ба зам” хил дамнасан тээвэр, ухаалаг тоног төхөөрөмжийн хамтарсан лабораторийн эрхлэгч Инь Чэнглиан, ХШУС-ийн захирал Б.Тунгалагтамир, ШЗТИС-ийн Материалын шинжлэх ухаан, инженерийн сургуулийн захирал Дай Чин нар нээлээ.

Форумын дараагийн нэг чухал арга хэмжээ нь хоёрын их сургуулийн бүрэлдэхүүн ХШУС болон Материалын шинжлэх ухаан, инженерийн сургуулийн хооронд 2+2 хамтарсан хөтөлбөр, мөн МХТС болон Глобал коллежийн хооронд бакалаварын хос дипломын хөтөлбөрийн гэрээнд ХШУС-ийн захирал Б.Тунгалагтамир, ШЗТИС-ийн Материалын шинжлэх ухаан, инженерийн сургуулийн захирал Дай Чин, МХТС-ийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Глобал коллежийн захирал Ван Хэшэн нар тус тус гарын үсэг зурав.

 

 

Форумын үндсэн үйл ажиллагаа болох 3 салбар хуралдаан 1. Хиймэл оюун, хил дамнасан тээвэр, жолоочгүй тээврийн хэрэгсэл, 2. Салбар хоорондын олон улсын хамтын ажиллагаа, 3. Шинэ эрчим хүч, дэвшилтэд материал сэдвийн доор нийт 15 илтгэл хэлэлцүүлж, хоёр их сургуулийн болон зочин илтгэгч, судлаач нар судалгаа, туршлагаа солилцлоо. Форумд оролцсон нийт зочид, оролцогчиддоо гүн талархал илэрхийлж, цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсье. 

 

 

 

Форумыг зохион байгуулах ажлын хэсэг

Affiliated schools