link
ШУТИС-ийн Геологийн шинжлэх ухааны төвийн болон Тохоку их сургуулийн судлаачдын 20 гаруй жилийн хамтын ажиллагааны үр дүнд Япон Улсын шинжлэх ухаан, технологийн сан (JST), Японы Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн хамтран хэрэгжүүлдэг Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл (SATREPS) хөтөлбөрөөр “Integrated research on CO2 mineral sequestration, hydrogen production and metal recovery using ultramafic rock toward Net-zero” сэдэвт судалгааны ажлыг 2027 оны 4-р сараас эхлэн 5 жилийн хугацаатай хамтран хэрэгжүүлэх боллоо.
SATREPS төслийн бэлтгэл, урьдчилсан үнэлгээ хийх, Монгол талын судлаачидтай уулзаж судалгааны цар хүрээ, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй холбоотой санал солилцох, мөн төрийн байгууллагуудад төслийг танилцуулах зорилготой Японы JICA байгууллагын төлөөлөл, Япон талын энэ удаагийн үнэлгээний багийн ахлагч Ё.Сакамото, мэргэжилтэн Ю.Комура, JST байгууллагын төлөөлөл Я.Фүжий, Ч.Табата, К.Ширакава, Тохоку их сургуулийн төлөөлөл, профессор, судалгааны төслийн ахлагч А.Окамото, судлаач Х.Ямагиши, ассистант профессор Д.Отгонбаяр нар 2026 оны 8-р сарын 3-наас 7-ны өдрүүдэд Монголд ажиллав.
Уулзалтын эхэнд ШУТИС-ийн Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот нар зочдыг хүлээн авч шинээр хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцлоо.


Японы JST, JICA болон Тохоку их сургуулийн төлөөлөгч, судлаач эрдэмтэд ШУТИС-д ажиллах хугацаанд Монгол талын судлаачидтай уулзалт хийн төслийн баримт бичигт тусгагдах судалгааны ажилтай холбоотой саналууд солилцсоноос гадна судалгааны лабораторийн төхөөрөмжүүдийг байршуулах боломж, нөхцөлтэй танилцсан. Төслийн Монгол талын үндсэн гүйцэтгэгч нь ШУТИС-ийн Геологийн шинжлэх ухааны төв бөгөөд төслийн ахлагчаар ГУУС-ийн Геологийн тэнхимийн профессор Б.Батхишиг, судлаачаар Геологийн шинжлэх ухааны төвийн захирал, Геологийн тэнхимийн профессор Б.Мөнхцэнгэл, Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн дэд профессор Д.Энхбаяр, Оюу толгой ХХК-ны ахлах гидрогеологич Б.Батдэмбэрэл, Геологийн шинжлэх ухааны төвийн судлаач Г.Ариунцэцэг, Б.Мөнхдэлгэр нар ажиллана.

Түүнчлэн 2026 оны 8-р сарын 6-ны өдөр Японы JST, JICA байгууллагуудын төлөөлөгчдөд хэт суурилаг чулуулаг, геологийн хээрийн судалгааны талаар мэдээлэл өгөх зорилгоор Төв аймгийн Эрдэнэ сумын Хөхдаваа орчимд хээрийн маршрут хийж Тохоку их сургуулийн профессор, төслийн ахлагч Okamoto Atsushi, туслах профессор Д.Отгонбаяр нар танилцуулга хийлээ.


Энэхүү хамтарсан судалгааны ажлын хүрээнд хэт суурилаг чулуулгийг ашиглан нүүрстөрөгчийн давхар ислийг (CO2) эрдэс үүсгэх хадгалах үр дүнтэй аргуудыг боловсруулж, устөрөгчийг гарган авах, металл ялгаж авах боломжит аргуудыг турших, ирээдүйд нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах ажлын суурийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Хүрэлцэн ирсэн төлөөлөгчид Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Үндэсний геологийн албаны удирдлагуудтай уулзаж төслийг танилцуулж санал бодлоо хуваалцсан.
2026 оны 8-р сарын 7-ны өдөр ректор Т.Намнан хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тус уулзалтын үед ШУТИС-ийг төлөөлөн ректор Т.Намнан, JICA-г төлөөлөн багийн ахлагч Ё.Сакамото, Эдийн засаг, хөгжлийн яамыг төлөөлөн Шинжлэх ухаан технологийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Отгонцэцэг нар уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурав. Ректор Т.Намнан Олон Улсын хамтран хэрэгжүүлэх төслийн үр дүн нь хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, төсөл хэрэгжүүлэх судлаачдад амжилт хүслээ.



ШУТИС-ийн Геологийн Шинжлэх Ухааны төв
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2