link
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д оролцож буй НҮБ-ын Их Сургуулийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллах үеэрээ ШУТИС-д зочилж, сургалт, судалгааны чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Тус уулзалтад Ректор Т.Намнан, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Ахисан түвшний сургуулийн захирал И.Цэрэн-Онолт, НҮБ-ын Их Сургуулийн Тогтвортой байдлын судалгааны хүрээлэн (UNU-IAS)-ийн захирал, профессор, доктор Shinobu Yume Yamaguchi, доктор Tsunao Watanabe, НҮБ-ын Их Сургуулийн Хөтөлбөрийн зохицуулагч, Олон улсын Сатояма санаачилгын түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газрын дэд захирал Ichiro Hama нар байлцав.
Уулзалтаар талууд ШУТИС болон НҮБ-ын их сургуулийн Тогтвортой байдлын судалгааны хүрээлэнгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт, судалгааны харилцан сонирхсон чиглэлүүдийг тодорхойлох талаар санал солилцов.
Талууд тогтвортой хөгжил, байгаль орчин, хот төлөвлөлт, биологийн олон янз байдал, ус болон байгалийн нөөцийн зохистой ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, инновац, дижитал технологи зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэмтэн судлаач, багш, оюутны солилцоог хөгжүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг үе шаттайгаар эхлүүлэхээр тохиролцоо.
Мөн уулзалтын үеэр International Partnership for the Satoyama Initiative (IPSI) буюу Сатояма санаачилгын олон улсын түншлэлд ШУТИС нэгдэх асуудлыг хэлэлцэж, тус түншлэлд элсэхээр тохиролцлоо.
Сатояма санаачилгын олон улсын түншлэл (IPSI) нь биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн тогтвортой байдлыг хангах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүн ба байгаль хоорондын зохистой харилцааг дэмжих зорилготой олон улсын түншлэл юм. 2026 оны 7 дугаар сарын байдлаар IPSI нь дэлхийн 359 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд үндэсний болон орон нутгийн засаг захиргаа, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, НҮБ болон бусад олон улсын байгууллагуудыг хамруулж байна.
ШУТИС тус олон улсын түншлэлд нэгдсэнээр Монгол Улсын онцлогт нийцсэн тогтвортой ландшафтын менежмент, уул уурхайн бүс нутгийн экосистемийн нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын судалгаа, усны нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, дижитал технологид суурилсан байгаль орчны мониторинг зэрэг чиглэлээр олон улсын байгууллага, их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэх юм.


The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2