link

Монгол Улсын ойжуулалтын салбарт шинжлэх ухаан, боловсролын чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо
2026-08-27 11:59 ЗАА

Монгол Улсын Засгийн газар болон Европын Хөрөнгө оруулалтын банк хооронд 200 сая ам.долларын санхүүжилт босгох гэрээ байгуулсантай холбогдуулан Монгол Улсын ойжуулалтын салбарын хөгжлийг шинжлэх ухаан, судалгаа, инновац, боловсролтой уялдуулах асуудлаар санал солилцлоо. Энэ хүрээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Т.Намнан нар Европын Хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгчтэй уулзаж, Монгол Улсын ойжуулалтын салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд шинжлэх ухааны судалгааг өргөжүүлэх, их сургуулийн сургалтын хөтөлбөр болон мэргэжлийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт, цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр томоохон ажлууд хэрэгжиж байна. Эдгээр ажлыг урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд зөвхөн мод тарихаас гадна ойг нөхөн сэргээх, арчлах, ургуулах, хамгаалах, ойн нөөцийг зохистой ашиглах, эдийн засгийн эргэлтэд зөв зохистой оруулах цогц бодлого, шинжлэх ухаанд суурилсан арга технологи шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцоллоо. Түүнчлэн дэлхийн улс орнуудын ойн аж ахуйн хөгжлийн туршлага, технологи, менежментийг Монгол Улсын онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх, ойжуулалтын салбарт инновац, судалгаа шинжилгээ, шинэ технологи, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг зэрэг хөгжүүлэх шаардлагатайг талууд тэмдэглэв.

 

Төслийн хүрээнд их, дээд сургуулийн судалгааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, ойжуулалт, ойн аж ахуйтай холбоотой сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог сайжруулах боломжийг хэлэлцсэн юм.

Мөн мэргэжлийн боловсролын байгууллагуудын сургалтын орчин, дэд бүтцийг сайжруулж, онолын мэдлэгийг үйлдвэрлэлийн дадлагатай хослуулсан сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь ойжуулалтын салбарт шаардлагатай чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Affiliated schools