link
2026 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн (Università per Stranieri di Perugia) ректор, профессор Валерио де Цезарис тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд айлчиллаа.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Олон улсын харилцааны албаны дарга, профессор Жиованна Скокозза, Сургалтын албаны дарга Стефаниа Скалионе, Гадаад харилцааны албаны дарга, доктор Валентина Сэри, Хэвлэлийн албаны дарга, доктор Сониа Жиүрелли, Бээжин дэх Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яамны Соёлын асуудал эрхэлсэн дипломат ажилтан, доктор Элиса Мессина нар багтав.
Зочдыг ШУТИС-ийн ректор Т.Намнан, Захиргаа, удирдлагын газрын дарга А.Энхбат, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, дэд профессор О.Болормаа, Монгол-Италийн нийгэмлэгийн тэргүүн Л.Нямаа нар хүлээн авч уулзан, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны өнөөгийн үр дүн болон цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
ШУТИС нь Перужагийн Гадаад Оюутны Их Сургуультай 2024 оны 4 дүгээр сард хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр орны хэл, соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС болон Монгол-Италийн нийгэмлэгийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, 2024 болон 2026 онд ШУТИС-ийн төлөөлөгчид Перужагийн Гадаад Оюутны Их Сургуульд зочлон хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийсэн юм.
Мөн 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “Монгол-Италийн түүхэн харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран амжилттай зохион байгуулсан нь хоёр орны их сургуулиудын эрдэм шинжилгээ, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал арга хэмжээ болсон юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд одоо хэрэгжиж буй хэл, соёл, хүмүүнлэгийн чиглэлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологи, тогтвортой хөгжил, усны нөөцийн судалгааны чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэв. Тухайлбал, Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн Усны нөөцийн судалгаа, баримтжуулалтын төв (Water Resources Research and Documentation Centre – WARREDOC) болон ШУТИС-ийн холбогдох сургууль хооронд хамтарсан судалгаа, судлаачдын солилцоо, сургалт, семинар болон хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан ажиллахаар болов.
Перужагийн Гадаад Оюутны Их Сургууль нь 1925 онд байгуулагдсан, Итали хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг их сургууль юм. Тус сургуулийн WARREDOC төв нь 1985 онд байгуулагдсан бөгөөд усны нөөцийн чиглэлээр судалгаа, сургалт, олон улсын хамтын ажиллагаа хэрэгжүүлдэг. Перужагийн Гадаад Оюутны Их Сургуульд 2013 онд ЮНЕСКО-гийн “Усны нөөцийн менежмент ба соёл” (Water Resources Management and Culture) тэнхим байгуулагдсан бөгөөд WARREDOC нь ЮНЕСКО-гийн Дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр (WWAP) болон Ус судлалын Засгийн газар хоорондын хөтөлбөр (IHP)-тэй хамтран ажилладаг. Тус ЮНЕСКО-гийн тэнхимийн үйл ажиллагаа 2026–2029 онд үргэлжлэхээр шинэчлэгдсэн байна.


The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2