link

БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
2026-09-17 12:54 ЗАА

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сүнчонхян их сургуулийн Ерөнхийлөгч Сон Бёнгүг тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд айлчилж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэлээ.

Энэхүү айлчлал нь ШУТИС болон Сүнчонхян их сургуулийн хамтран хэрэгжүүлж буй бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ой тохиож буйгаараа онцлог байв.

Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Олон улсын боловсрол, солилцооны газрын дарга, профессор Ю Бён Үг, Мэдээллийн аюулгүй байдлын профессор Им Ган Бин, профессор Жон Жэ Ёл, Олон улсын боловсрол, солилцооны газрын багийн менежер И Сү Жон, тус газрын ажилтан Сон Ю Жин нар ажиллав.

Айлчлалын хүрээнд ШУТИС-ийн ректор Т.Намнан, Сүнчонхян их сургуулийн Ерөнхийлөгч Сон Бёнгүг нар албан уулзалт хийж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн болон цаашдын хөгжлийн чиглэлийн талаар санал солилцлоо.

 

Үүний дараа хоёр сургуулийн төлөөлөл өргөтгөсөн уулзалт зохион байгуулж, 2+2 хамтарсан хөтөлбөрийг цаашид хөгжүүлэх, сургалт, судалгаа, багш, судлаач, оюутны академик солилцоог өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Мөн Сүнчонхян их сургуулийн хэрэгжүүлж буй “Glocal University 30” төслийн хүрээнд ШУТИС-тай хамтын ажиллагааг шинэ чиглэлээр өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

Энэ үеэр Сүнчонхян их сургуулийн зүгээс 2+2 хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ололт амжилтыг видео болон танилцуулгаар хүргэж, хөтөлбөрийн хөгжлийн түүх, үр дүнг нэгтгэн танилцууллаа.

Хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тохиолдуулан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, тогтвортой хөгжүүлэх, хоёр сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, оюутны хөгжил, харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан багш, ажилтнуудад хоёр талаас талархал илэрхийлж, батламж гардуулав.

 

Сүнчонхян их сургуулийн зүгээс ШУТИС-ийн ректор асан, зөвлөх профессор Т.Батбаяр, Политехникийн коллежийн захирал Б.Сүхбат, Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор Н.Мэнд, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Кибер аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Б.Мөнхбаяр нарт хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн талархлын батламж гардууллаа.

 

  

Харин ШУТИС-ийн зүгээс Сүнчонхян их сургуулийн профессор Ким Хон Жин, Олон улсын боловсрол, солилцооны газрын дарга, профессор Ю Бён Үг, Мэдээллийн аюулгүй байдлын профессор Им Ган Бин нарт талархлын батламж гардуулав.

 

Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны дараагийн арван жилийн зорилго, чиглэлийг тодорхойлох чухал алхам болгон “SCH–MUST хамтын алсын харааны тунхаглал” (SCH–MUST Joint Vision Declaration)-д хоёр сургуулийн удирдлагууд гарын үсэг зурлаа.

Тус тунхаглалаар хамтарсан сургалтын хөтөлбөрийг тасралтгүй хөгжүүлэх, хамтарсан судалгааг эрчимжүүлэх, багш, судлаач, оюутны академик солилцоог өргөжүүлэх замаар хоёр их сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилтоо илэрхийлэв.

Айлчлалын үеэр Сүнчонхян их сургуулийн Ерөнхийлөгч Сон Бёнгүг ШУТИС-д суралцаж буй 2+2 хамтарсан хөтөлбөрийн 95 оюутантай уулзаж, оюутнуудад хандан урам зориг өгөх үг хэлж, дурсгалын зураг авхууллаа.

Мөн хөтөлбөрийн төгсөгчдийн тусгай лекц зохион байгуулж, оюутнуудын дунд “Golden Bell” танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн явуулсан нь үе үеийн төгсөгчид болон одоо суралцаж буй оюутнуудын харилцаа, туршлага солилцоог дэмжсэн үйл ажиллагаа боллоо.

Айлчлалын хүрээнд Сүнчонхян их сургуулийн Олон улсын боловсрол, солилцооны газрын дарга, профессор Ю Бён Үг “AI технологи ашиглан чихрийн шижинг эрт оношлох” сэдвээр тусгай лекц, семинар зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш нар болон Эрүүл мэндийн төвийн ажилтнууд оролцож, хиймэл оюун ухааны технологийг анагаах ухаанд ашиглах боломж, AI болон эрүүл мэндийн салбарын огтлолцол, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцов.

 

Айлчлалын төгсгөлд Сүнчонхян–ШУТИС-ийн багш, төгсөгчдийн уулзалт зохион байгуулагдаж, 2+2 хамтарсан хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид, багш нар болон хоёр сургуулийн төлөөлөл нэг дор цуглан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ.

Энэ үеэр төгсөгчид оюутан байх үеийн дурсамж, суралцсан туршлага болон ажил мэргэжлийн замналынхаа талаар хуваалцаж, төгсөгчдийн холбоо, харилцааг цаашид бэхжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

 

 

ШУТИС болон Сүнчонхян их сургууль нь хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн хугацаанд бий болгосон туршлага, үр дүндээ тулгуурлан цаашид “Glocal University 30” төслийн хүрээн дэх хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгох, хамтарсан судалгааг эрчимжүүлэх, багш, судлаач, оюутны академик солилцоог өргөжүүлэх, шинэ чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьж байна.

 

Affiliated schools