link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Япон Улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Фүтоши Ишигүрид ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгох ёслол 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр боллоо.
“Хүндэт профессор” цол олгох ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Намнан болон Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцлоо.
Фүтоши Ишигүри нь модны анатоми, модлогийн шинж чанар, таримал ойн моддын өсөлт болон модны шинж чанарын хамаарал, модны физик, химийн шинж чанарын өөрчлөлтийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн юм.
Тэрээр 2015 оноос ШУТИС-тай хамтран ажиллаж, ойн инженерчлэл, мод боловсруулах үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр сургалт, судалгаа, хөтөлбөрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж иржээ.
Фүтоши Ишигүри 2016 оноос хойш ШУТИС-д 10 удаа уригдан ирж, оюутнуудад судалгааны арга зүй, үр дүнгээ танилцуулан нээлттэй семинар зохион байгуулж, мэдлэг, туршлагаа хуваалцсан байна.
Мөн 2018–2025 онд ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль болон Ой, мод судлалын чиглэлийн байгууллагуудтай хамтран олон улсын эрдэм шинжилгээний дөрвөн хурал зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн “Ойн инженерчлэл”, “Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи” хөтөлбөрийн шинэчлэлд мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан байна.
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ШУТИС-ийн таван доктор, хоёр магистрант Үцүномияа их сургуульд суралцаж, төгсөхөд Фүтоши Ишигүри эрдэм шинжилгээ, сургалтын бүхий л талаар дэмжлэг үзүүлсэн бөгөөд төгсөгчид ШУТИС-ийн сургууль, хүрээлэнд ажиллаж байна.
Түүний санаачилга, идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд эдгээр суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг хамарсан нийт 772.5 сая төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлэх боломж бий болжээ.
Мөн тус төслийн хүрээнд ШУТИС-ийн “Ойн материал судлал” лабораторийг байгуулахад 260 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн сонголт, суурилуулалт, ашиглалтад мэргэжлийн зөвлөгөө өгч, биечлэн оролцсон байна.
ШУТИС болон Үцүномияа их сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Фүтоши Ишигүри чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын бусад их, дээд сургуулийн таван профессор, дөрвөн судлаачийг оролцуулан сургалт, судалгааны орчин, хөтөлбөрийн хөгжлийн чиглэлээр туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Фүтоши Ишигүрид ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгосон нь Монгол, Японы их сургуулиудын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойн материал судлалын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж буй хэрэг юм.
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION