link

Тэсо Инвестмэнт групп ШУТИС-ийн төв номын сангийн суралцах орчныг сайжруулахад 46 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ
2026-10-16 12:29 ЗАА

Үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгч Тэсо Инвестмэнт группийн охин компани болох “Мейжик Тек Монголиа” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Шинжлэх ухаан, технологийн төв номын санд 46 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, оюутнуудын бие даан суралцах тав тухтай орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр орууллаа.

 

2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ШУТИС-ийн төв номын санд тус хөрөнгө оруулалтаар тохижуулсан, оюутнууд төвлөрч хичээллэх, цахим төхөөрөмж ашиглан бие даан суралцах боломжтой, хувийн орон зай бүхий суудалтай хэсгийн нээлтийн арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Тэсо Инвестмэнт ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяр, ШУТИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, “Мейжик Тек Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Хонгорзул, ШУТИС-ийн Төв номын сангийн захирал Т.Энхцацрал болон холбогдох албаны төлөөлөл оролцов.

ШУТИС болон Тэсо Инвестмэнт групп 2023 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Engineers of the Future”, “Бат бүтээгдэхүүн”, “Төмөр бетон”, “Ган гүүр” зэрэг оюутан, багш нарт чиглэсэн уралдаан, тэмцээнийг тус групп ивээн тэтгэн дэмжиж ирсэн.

Мөн 2025 онд улс даяар хэрэгжүүлсэн “Нэг тэрбум” тэтгэлгийн хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн 309 оюутанд тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгосон нь оюутнуудын боловсрол, хөгжилд чиглэсэн томоохон дэмжлэг болсон юм.

 

2026 онд хоёр байгууллага оюутны тэтгэлэг, тэмцээн уралдаан, ажлын байр, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд оюутнуудыг үйлдвэрлэлийн болон сургалтын дадлагад хамруулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, оюутны хөгжилд чиглэсэн урт болон богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн тэмцээн зохион байгуулах, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн зочин лекц, сургалт явуулах, шинжлэх ухаан, технологийн шинэ шийдэл, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сан нь 9000 м.кв талбай бүхий долоон давхар бие даасан барилгад байрладаг бөгөөд 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус номын сан 16 үйлчилгээний нэгжтэй, сургалт, судалгааны 160 мянга гаруй ном, сурах бичгийн сантай бөгөөд 1000 орчим уншигчийн суудал бүхий орчинд үйлчилдэг.

 

Номын сангийн гуравдугаар давхарт 300 орчим суудал, амрах хэсэг бүхий бие даалтын хоёр танхим ажилладаг. Мөн 2023 оноос бие даалтын танхимдаа “24 цагийн уншлага” үйлчилгээг нэвтрүүлснээр оюутнууд хичээл, судалгаагаа өөрийн боломжит цагт бие даан хийх нөхцөл бүрдсэн юм.

Энэхүү үйлчилгээтэй уялдуулан номын сангийн нийтийн эзэмшлийн талбайг оюутан, уншигчдад ээлтэй, тав тухтай орчин болгон тохижуулах шаардлага бий болсон. Номын сангаас Тэсо Инвестмэнт группт хамтран ажиллах санал тавьсны үр дүнд “Мейжик Тек Монголиа” ХХК 46 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, оюутнуудын төвлөрч суралцах, бие даан ажиллах орчныг сайжрууллаа.

Их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа нь оюутнуудын суралцах, хөгжих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ боловсролын чанар, ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж байна.

Affiliated schools