link
Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн GREENFUTURE – “Sustainability and Resilience Indicators for Mongolia Universities Assessment” олон улсын төслийн хүрээнд их сургуулиудын тогтвортой хөгжил, ногоон кампус, байгууллагын засаглал, үнэлгээний шалгуур үзүүлэлт, олон улсын хамтын ажиллагааны асуудлаарх олон улсын хурал 2026 оны 10 дугаар сарын 23–24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Хуралд Боловсролын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Испанийн Валенсиагийн Политехникийн их сургууль, Италийн Генуягийн их сургууль, Германы Миттвайдагийн Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, багш нар, төслийн зохицуулагчид оролцож, судалгааны үр дүн, олон улсын туршлагаа хуваалцав.

Тус хурлаар дээд боловсролын байгууллагуудын тогтвортой хөгжлийг үнэлэх аргачлалыг боловсронгуй болгох, олон улсын сайн туршлагыг Монголын нөхцөлд нутагшуулах, мэдээлэлд суурилсан удирдлагыг хөгжүүлэх, их сургуулиудын нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ.
GREENFUTURE төсөл нь Монголын их сургуулиудын тогтвортой хөгжил, өөрчлөлтөд дасан зохицох чадварыг үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлалыг боловсруулах, байгууллагын удирдлага, мэдээллийн менежмент, үнэлгээ, тайлагналын чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна. Төслийн хүрээнд байгаль орчин, нийгэм, засаглалын (Environmental, Social and Governance – ESG) шалгуур үзүүлэлт болон олон улсын UI GreenMetric үнэлгээний тогтолцооны туршлагыг судалж, Монголын дээд боловсролын байгууллагуудын онцлогт тохирсон үнэлгээний аргачлал боловсруулах асуудлыг хэлэлцэв.
Хурлын үеэр Европын түнш их сургуулиуд тогтвортой хөгжлийн үнэлгээ, тайлагналын туршлагаасаа хуваалцаж, Европын сайн дурын VSME стандарт болон байгууллагын онцлогт нийцсэн үндсэн үзүүлэлтүүдийг ашиглан үнэлгээний тогтолцоог үе шаттай хөгжүүлэх боломжийг танилцууллаа. Оролцогчид тогтвортой хөгжлийн үнэлгээг зөвхөн олон улсын эрэмбэлэлтэд байр эзлэх хэрэгсэл бус, их сургуулийн үйл ажиллагааны чанар, нийгэмд үзүүлэх үр нөлөө, тасралтгүй сайжруулалтыг дэмжих удирдлагын механизм болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолсон юм.
Мөн Сити их сургуулийн төлөөлөл UI GreenMetric олон улсын үнэлгээнд оролцсон туршлага, тулгарсан хүндрэлүүдээ танилцуулж, үнэлгээнд шаардлагатай мэдээлэл, нотлох баримтыг тогтмол бүрдүүлэх, багш, ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв. Түүнчлэн Монголын их сургуулиудын хөгжлийн үр дүн, стратегийн хэрэгжилт, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад оруулж буй хувь нэмрийг үнэлэх үндэсний тогтолцооны талаар танилцуулга хийж, их сургуулиудын үйл ажиллагааг үнэлэх 46 шалгуур үзүүлэлт, нийгэм болон тогтвортой хөгжлийн үр нөлөөг үнэлэх 72 шалгуур үзүүлэлт бүхий загварыг хэлэлцүүллээ.

Олон улсын хурлын үеэр ШУТИС-ийн багш, судлаачид их сургуулийн хөгжилд ESG шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх, удирдлагын шийдвэр гаргалтад өгөгдөл ашиглах, тогтвортой хөгжлийн үнэлгээнд шаардлагатай нотлох баримтын бүрдүүлэлт, удирдлагыг сайжруулах чиглэлийн судалгааны ажлуудаа танилцуулав. Мөн UI GreenMetric үнэлгээ, ногоон кампусын шалгуур үзүүлэлтүүд, тогтвортой хөгжлийн боловсролын хичээлийн суралцахуйн үр дүнгийн шинжилгээ зэрэг сэдвээр судалгааны постер илтгэлүүд хэлэлцүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр олон улсын түншүүд тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлт боловсруулах, мэдээлэл цуглуулах, үнэлгээ хийх нь төслийн эцсийн зорилго бус, харин их сургуулиудын нийгэмд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, байгууллагын тогтвортой хөгжлийг дэмжих хэрэгсэл болохыг онцоллоо. Мөн Монголын түнш их сургуулиудын хөгжлийн онцлог, тэргүүлэх чиглэл харилцан адилгүй тул байгууллага бүр өөрийн онцлогт тохирсон арга замаар төслийн үр дүнг хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.
Хурлын төгсгөлд GREENFUTURE төслийн хэрэгжилтийн явц, боловсруулж буй баримт бичиг, цаашдын хамтын ажиллагаа, тайлагналын асуудлыг хэлэлцэж, түнш байгууллагуудын санал, зөвлөмжийг тусган хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойллоо.
Энэхүү олон улсын төсөл нь ШУТИС болон Монголын бусад их сургуулиудын тогтвортой хөгжлийн үнэлгээ, ногоон кампусын бодлого, мэдээлэлд суурилсан удирдлагын чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ Европын түнш их сургуулиудтай судалгаа, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION