link

Хил хамгаалалтад инновац нэвтрүүлэх талаар эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцлээ
2026-11-03 11:10 Доржсүрэн

Хил хамгаалах ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг аравдугаар сарын 30-ны өдөр ШУТИС-ийн байранд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор, хошууч генерал Ш.Лхачинжав тус хүрээлэнгийн эрдэмтэн докторууд, ХХЕГ-ын газар, хэлтсийн дарга, офицерууд, ДХИС-ийн эрдэмтэн багш, сонсогч нар, ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), профессор Т.Намнан тус сургуулийн эрдэмтэн багш нар оролцлоо.

 

Энэ удаагийн хурлаар улсын хил хамгаалалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаан, технологи, инновацын дэвшилтэт шийдэлтэй уялдуулан судлах, судалгааны үр дүнг хил хамгаалалтын практикт нэвтрүүлэх боломжийг тодорхойлох, цаашид хамтран хэрэгжүүлэх зорилгоор судалгааны чиглэлийг хэлэлцлээ. Хурлын хүрээнд ХХЕГ, ДХИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид нийт есөн илтгэл хэлэлцүүлж, санал солилцсон юм.

Хамтын ажиллагааны тухайд, ХХЕГ, ШУТИС-ийн удирдлагууд өнгөрсөн тавдугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хил хамгаалалтад шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлэх судалгааны лаборатори байгуулах, оюуны өмчийн хамтарсан бүтээл туурвих зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.

Мөн хилчин инженерүүдийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, шинэ техник, технологи зохион бүтээх, хиймэл дагуул, утасгүй холбоо, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна.

 

Affiliated schools