link

Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
2026-11-05 12:49 Доржсүрэн

2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве Шинжлэх ухаан, технологийн их сургуульд айлчилж ректор Т.Намнан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ШУТИС-ийн багш, судлаачид, мэргэжилтэн, ажилтан нарыг Энэтхэг Улсад урт, богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, магистр, докторын түвшинд суралцуулах зэрэг чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.

Уулзалтын дараа Энэтхэг Улсын үндэсний дуу “Ванде Матарам” (Vande Mataram)-ын 150 жилийн ойг тохиолдуулан тус улсын Махараштра мужийн ардын бүжгийн “Шри Бирудев Гажнрутя Навьювак Мандал” (Sri Birudev Gajnrutya Navyuvak Mandal) хамтлаг ШУТИС-д тоглолтоо толилууллаа.

 

Энэхүү соёлын арга хэмжээг Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR)-ийн дэмжлэгтэйгээр, Монгол, Энэтхэгийн хооронд 1961 онд байгуулсан Соёлын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 10 дугаар сард Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр баталсан 2025–2029 оны Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулжээ.

Тоглолтын нээлтийн үеэр Элчин сайд Атул Малхари Готсурве Монгол, Энэтхэг хоёр улс стратегийн түншүүд төдийгүй Буддын шашин, олон зуун жилийн түүх, соёл, иргэншлийн хэлхээ холбоотойг онцлон тэмдэглэв. Тэрээр Махараштра мужийн ардын бүжгийн хамтлагийн айлчлал нь Энэтхэгийн соёл, уламжлал, өвийг Монголын үзэгчдэд танилцуулж, хоёр улсын соёлын болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг илэрхийллээ.

Мөн “Ванде Матарам” дуу Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэж, тусгаар тогтнол, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болсныг онцлов.

 

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн багш, ажилтан, оюутнууд болон батлан хамгаалах, дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчид оролцож, Энэтхэгийн ардын бүжгийн хамтлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Тоглолтын хөтөлбөрт Махараштра мужийн уламжлалт ардын бүжгийн Ганеш Вандана, Васудев, Шеткаари, Дангари Гажа, Лавани, Коли, Лэзим, Жогва зэрэг үзүүлбэр багтсан юм. Эдгээр бүжиг нь Энэтхэгийн ард түмний шашин, шүтлэг, ахуй амьдрал, газар тариалан, мал аж ахуй, загасчлал болон ардын урлагийн өвөрмөц уламжлалыг илэрхийлдгээрээ онцлогтой.

Энэтхэгийн ардын бүжгийн хамтлагийн тоглолт нь ШУТИС-ийн багш, ажилтан, оюутнуудад тус улсын соёл, уламжлалтай танилцах боломж олгосон бөгөөд Монгол, Энэтхэгийн боловсрол, соёлын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Affiliated schools