link
2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын Бурхан шашны их сургууль хооронд сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, соёлын өвийг хамгаалах, дижитал технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт ШУТИС-ийн ректор Т.Намнан, Монголын Бурхан шашны их сургуулийн ректор Ж.Лхагвадэмчиг нар гарын үсэг зурж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлов.

Санамж бичгийн хүрээнд талууд Монгол дахь буддын сүм хийдийн түүх, соёлын өв, шашны мэдлэгийн өвийг хамтран судлах, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, форум, семинар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Мөн соёлын өвийг хамгаалах, баримтжуулахад шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглахад онцгой анхаарах юм. Тухайлбал, буддын сүм хийдэд хадгалагдаж буй шашны үнэт дурсгал, зураг, цутгуур, баримал, тахилын урлагийн бүтээлүүдийг бүртгэх, тайлбарлах, баримтжуулах, түүхэн дурсгалт газрыг хамгаалах, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

Хамтын ажиллагааны нэг чухал чиглэл нь соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил юм. ШУТИС-ийн зүгээс Монголын Бурхан шашны их сургуульд хадгалагдаж буй түүх, соёлын дурсгал, судар бичгийг дижиталжуулахад техник, технологийн туслалцаа үзүүлж, соёлын өвийг хадгалж хамгаалах, судалгааны эргэлтэд оруулахад хамтран ажиллана.
Түүнчлэн хоёр их сургуулийн багш, судлаач, оюутнууд харилцан номын сан, судалгааны орчноо ашиглах, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломж бүрдэж байна.
Боловсролын хамтын ажиллагааны хүрээнд Монголын Бурхан шашны их сургуулийн багш, ажилтнуудын мэдээллийн технологи, онлайн сургалтын арга зүйн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, агуулга, суралцахуйн үр дүнг хамтран боловсруулах чиглэлээр ажиллахаар тусгасан байна.

ШУТИС болон Монголын Бурхан шашны их сургуулийн хамтын ажиллагаа нь Монголын түүх, соёл, шашны өвийг шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдуулан судлах, хадгалж хамгаалах, уламжлалт мэдлэгийг орчин үеийн боловсрол, судалгааны үйл ажиллагаатай холбох шинэ боломжийг бүрдүүлж байна.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026