link

ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
2026-11-19 16:50 Доржсүрэн

2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Энэтхэг судлалын төв хамтран “Монгол–Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа” (Mongolia–India Scientific Cooperation) сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Монгол, Энэтхэгийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа, инновацын чиглэлээр туршлага солилцох, хоёр улсын их, дээд сургууль, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Хурлыг ШУТИС-ийн ректор, профессор Т.Намнан болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве нар нээж, хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол, Энэтхэгийн түүх, соёлын харилцаа, мэдээлэл, харилцаа холбооны технологи, инженерийн боловсрол, газрын тос боловсруулах үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар илтгэл хэлэлцүүлэв.

Тухайлбал, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, профессор К.Хавалболот, Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор М.Оюунтөгс нар “Монгол улсын газрын тосны салбарын хүний нөөц ба газрын тос боловсруулах үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэхэд Монгол-БНЭУ-ын хамтын ажиллагааны өнөө ба ирээдүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, инженерийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээрх хамтын ажиллагааны асуудлыг хөндлөө. Мөн Энэтхэгийн Engineers India Limited (EIL) компанийн ерөнхий менежерийн туслах Раммохан Гурусами Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилт, явц болон цаашдын төлөвийн талаар илтгэл танилцуулав.

Хурлын хүрээнд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Энэтхэгийн түүх, соёл, Монгол–Энэтхэгийн харилцаа, шинжлэх ухаан, технологийн сэдэвт танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, оролцогчдыг шалгаруулан урамшуулав. Түүнчлэн Энэтхэг Улсад сургалтад хамрагдсан оюутнууд өөрсдийн туршлага, сэтгэгдлээ хуваалцлаа.

Эрдэм шинжилгээний хурлын дараа ШУТИС-ийн Төв номын санд “Энэтхэгийн булан” (Inauguration of the Indian Corner)-гийн нээлтийн ёслол боллоо. Энэхүү булан нь Энэтхэг Улсын түүх, соёл, боловсрол, шинжлэх ухааны талаарх мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, оюутан, багш, судлаачдын танин мэдэхүй, судалгааны үйл ажиллагааг дэмжихэд чиглэж байна.

Тус арга хэмжээ нь Монгол, Энэтхэгийн боловсрол, шинжлэх ухаан, инженерчлэлийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрдэмтэн судлаачид болон оюутнуудын харилцаа, туршлага солилцоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ

Affiliated schools