link
ШУТИС-ийн Материалын технологийн сургуулийн Хэрэглээний физикийн багийн тэргүүлэх профессор, цөмийн физикч, Үл эвдэх сорилтын Монголын Нийгэмлэгийн тэргүүн Б.Түмэндэмбэрэлтэй уран, цөмийн эрчим хүчний талаар ярилцлаа.
-Эхлээд таны ажил, мэргэжилтэй танилцмаар байна?
-Би ШУТИС-ийн Материалын технологийн сургуулийн Хэрэглээний физикийн профессорын багт тэргүүлэх профессороор ажилладаг. Физикч-физикийн багш мэргэжилтэй. МУИС-ийг цөмийн физикчээр нарийн мэргэшиж 1981 онд төгссөн. Дараа нь Дубна хот дахь Олон Улсын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ)-д 1981-1987 онуудад ажилласан. Тэнд эхний хоёр жилд нь ИБР-2 шинжилгээний цөмийн реакторын нейтроны урсгалыг ашиглан монголын уул, уурхай , геологийн дээжинд, тухайлбал байгуулагдаад удаагүй байсан Эрдэнэтийн УБҮ-ийн хүдрийн дээжийн элементийн шинжилгээг хийж байсан. Дараагийн дөрвөн жилд нь Синхрофазатрон хурдасгуурын релятив бөөм ба цөмийн урсгалыг ашигланцөмийн фрагментацын урвалаар үүссэн үлдэгдэл цөмийн цацраг идэвхийн зүй тогтлыг цөмийн гамма спектр судлалын аргаар судлах ажлыг профессор Д.Чүлтэмийн удирдсан Монгол улс, ОХУ, Чехи, ХБНГУ-ын эрдэмтэдийн баг хийж байсан. Энэ судалгааны ажлын зорилго нь цөмийн цахилгаан реакторын байны физик, нептун-237 мэт урт настай, хүчтэй цацраг идэвтэй изотопуудыг трансмутацийн аргаар усгах зэрэг цөмийн эрчим хүчний суурь судалгааны асуудлууд байв. Энэ чиглэлд манай эрдэмтэдийн баг олон туршлага тавьж бүгдээрээ дэд эрдэмтэн, хоёр нь шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалцгаасан юм. Цөмийн энергийг гаргаж авдаг олон арга замууд бий. Одоо бол уран мэт хүнд цөмийн хуваагдлын гинжин урвалыг жолоодох зарчим дээр 450 гаруй ЦЦС ажиллаж байна. Халуун цөмийн урвалыг жолоодох асуудлыг дэлхийн тэргүүлэх орнууд хамтран судалж байна. Түүний дараачийн шат нь ерөөсөө дэлбэрэхгүй физик зарчим дээр үндэслэсэн цөмийн цахилгаан реактор гэж бий. Тэр цөмийн цахилгаан реакторын судалгааны ажлаа ОХУ-д хийж, Монголдоо 1997 онд эрдмийн зэрэг хамгаалсан. Цөмийн эрчим хүчний суурь судалгааны сэдвээр улсдаа анхны эрдэмтэн болсондоо бахархдаг .
-Сүүлийн үед Монголд ураныг ашиглах талаар ярих болсон. Ер нь уран гэдэг ашигт малтмал байгальд хэрхэн үүсч бүрэлдсэн юм бэ. Уран гэж юу вэ гэдэг асуултаар гол сэдвийнхээ яриаг эхлэх үү?
-Уран бол байгальд оршиж байгаа цацраг идэвхитэй, хүнд элемент. Цацраг идэвхит задрал байнга явагдаж, цаашаагаа олон төрлийн бүтээгдэхүүн цөм цувран үүсч байдаг. Тэр бүтээгдэхүүний дийлэнх нь цацраг идэвхгүй, зарим цөөн нь цацраг идэвхитэй. Жишээ нь, ради хэмээх гамма цацраг идэвхтэй цөмийн задралаар радон хэмээх альфа цацраг идэвхитэй хий үүсдэг. Энэ хоёр элементийн цацраг идэвхийн ачаар ураны ордыг илрүүлэх радиометрийн арга үндэслэнэ. Дээр нь үүссэн богино настай буюу цацраг идэхгүй хүнд металлууд үүсдэг. Уран задарч явсаар байгаад хамгийн сүүлд хар тугалга болоод дуусдаг. Байгаль дээр хар тугалга элбэг тохиолддог нь ийм учиртай. Уран гэдэг элемент их хөгшин, ховордож байгаа бодис юм. Байгаль дээр ураны гурван төрөл зүйл нь оршдог. Уран- 238 дийлэнх нь байдаг бол уран-234 маш бага, одоо цөмийн түлшээр ашиглаж буй уран-235 нь 0,72 процентын агууламжтай.
-Ураны төрлүүд хоорондоо ямар ялгаатай вэ?
-Уран-235 төрлийг хүн төрөлхтөн анх ашиглаж ирсэн. Энэ хүнд элемент хуваагдахдаа их хэмжээний энерги ялгардаг болохыг 1938 онд ЗХУ-ын эрдэмтэн Флеров, Петржак нарын хоёр эрдэмтэн нээсэн. Тун удалгүй дэлхий даяар хүн төрөлхтөн энэ их энергийг харамсалтай нь буруу зүгт ашигласан. Цөмийн зэвсэг хийхэд энэ их энергийг ашиглаад 1945 онд АНУ-аас Японы хоёр хотод бөмбөг хаясан эмгэнэлтэй түүх бий шүү дээ. Дараа нь энэ элементийг их аюултай зүйл юм байна гэдгийг мэдэж, энхтайвны зорилгоор ашиглах асуудал хүн төрөлхтний өмнө хурцаар тавигдсан. Ингэхийн тулд НҮБ байгуулагдаж, цөмийн зэвсгийг энхтайвны зорилгоор ашиглахаар ажиллаж эхэлсэн. Энэ их цөмийн энергийг цөмийн эрчим хүч гаргаж авахад ашиглах болсон. Ингээд ураны цөмийн хуваагдлын гинжин урвалыг жолоодох анхны төхөөрөмжийг Э.Ферми АНУ-ын Чикаго хотод 1942 онд ажиллуулсан ба ЗХУ-ын Обнинскэд 1957 онд анхы ЦЦС ажиллуулсан түүхтэй. Бусад орнуудад ч мөн адил ингэж ашиглаж ирсэн. Өнөөдөр цөмийн эрчим хүч, дэлхийн эрчим хүчний 17 орчим хувийг эзэлж байгаа. Зарим улсад 80 хувьтай ч бий.
- Монголын ашигт малтмалын нэг ураны нөөцийг ЗХУ-ын тусламжаар анх илрүүлсэн гэдэг. Тэгвэл ураны нөөц Монголын аль нутгаар ихэвчлэн байдаг вэ. Хэзээ яаж илрүүлж байв. Энэ талаарх судалгаа байна уу танд?
- Уран гэдэг элемент Монголын газрын хөрсөнд тархмал бий. Ураны нөөцөөр Азидаа манай улс дээгүүрт ордог. Монголын зүүн бүс нутгаар ураны ордууд байдаг. Дорнодын Мардай, Гурванбулагын ордыг нэрлэж болно. Геологийн тогтоцоор бол Монгол орон уранаар элбэг байх магадлалтай, цааш нь судалбал ураны нөөц нэмэгдэнэ гэж эрдэмтэд бичдэг. Ураныг юунд хэрэглэдэг вэ гэвэл атомын цахилгаан станцын түлш болгодог. Уран гэдэг хүнд металын задралын физик энергийг ашиглаж байгаа учраас хэрэглээний энерги болгож хувиргах технологи нь эрс ялгаатай. Нэг грамм уранаас ялгарах энергийг хэдэн арван вагон нүүрснээс ялгаж авдагтай тэнцүү тийм энергийг ялгаж авдаг. Цөмийн энергийг гаргаж авдаг байгууламжийг Цөмийн Цахилгаан станц (ЦЦС) гэдэг. Ураныг ашигладаг бүх технологийг цөмийн гүрнүүд эзэмшсэн. Хүйтэн дайны үед манай Мардайн ураныг концессийн гэрээгээр ЗХУ авч ашиглаж байсан гэдэг. Тэрний зориулалт энхтайвны болон цөмийн зэвсэг хийх давхар зорилготой байлаа. Манай улс уранаа олборлон авч ашиглах зорилго тавиад байна. Цөмийн хөтөлбөр ч дэвшигдсэн.
-Мардайн ураны уурхай хичнээн нөөцтэй вэ. Оросууд тэндээс ураныг хэр их ашигласан байдаг юм бол?
-Энэ тухай нарийн сайн мэдэхгүй. Би онолын болон физик талаас нь тайлбарлаж байна. Ямар ч байсан манай улсад ураны нөөцтэй. Түүнийг ашиглах боломжтой, ашиглах нь ч ашигтай. Ашиглахгүй байвал уранд задрал явагдаад л нөөц нь байгалийн жамаар аяндаа багассаар байгаа юм. Ураны хагас задралын үе нь маш удаан ч гэсэн ашиглаад байх хэрэгтэй. Ураны 0,72 хувийн агуулгатай изотопийг нь цөмийн түлш, эрчим хүчинд хэрэглэж байгаа гэж би дээр өгүүлсэн. Цаашаагаа нөгөө уран-238 изотопийг ашиглах чиглэлд амжилт гарч цөмийн эрчим хүчний хөгжлийн хоёр дахь том давалгаа эхэлсэн.
-Ураныг түлш, эрчим хүчинд ашиглахаас гадна өөр юунд ашиглах боломтой юм бэ?
- Байгаль дээр байгаа уран нэгэн төрлийн хүнд металл шүү дээ. Тэр металлаас цацраг идэвхитэй хэсгийг нь ялгаад цацраг идэвхигүй изотопоор нь дахиад цөмийн төхөөрөмжүүдийн цацрагийг хамгаалах контейнер, сансрын хөлөг ба цэргийн машины хуяг, их бууны сумны зэв гэх мэт олон хэрэглээ бий. Жишээ нь хар тугалган хамгаалалтаас ураны хамгаалалт хамаагүй овор хэмжээ багатай, бат бөх болдог. Метал уранаар хийсэн радиографийн 100 Ки идэвхжилтэй ириди-192 гамма цацрагийн үүсгүүрийн контейнер 17кг бол хартугалгаар хийсэн ийм контейнер нь 50 гаран кг болдог. Металлын шинж чанараар нь ямар хэрэглээ байна бүх төрлийн тийм инженерийн хэрэгцээнд ашиглаж болно. Хүн төрөлхтөн ураныг энхийн зорилгоор ашиглах нь зүйтэй юм. Одоогийн хүн төрөлхтөний эрчим хүчинд хэрэглэж байгаа нүүрс, нефтийн нөөц хэдэн зуун жилээс хэтрэхгүй шавхагдах тул цөмийн эрчим хүчнийг ашиглах технологийг сайжруулан хэрэглэх нь одоогоор дэлхийг цаг уурын дулаарлаас хамгаалан сэргийлэх ганц арга болж байгаа юм.
-Дэлхийд ураныг хамгийн анх ямар улс илрүүлж, ашиглаж ирсэн түүхтэй вэ?
-Анх ураныг илрүүлсэн цагаас цөмийн гүрнүүд ашиглаж ирсэн. Жишээ нь, ЗХУ, АНУ, Герман гэх мэт. Хамгийн анх ураныг судалсан хүн Мария Кюри гэдэг алдарт эрдэмтэн байдаг. Тэр хүн байгалийн ураныг нээн илрүүлсэн. Харин бидний яриад байгаа уран 235, 238 гэсэн нэр нь тэрнээс хойш хэдэн арван жилийн дараа үүссэн. Мария Кюри тэр үед уран- 1,2,3 болон тори-1,2,3 гэх мэтээр нэрсэн байгальд байгаа изотопыг анх судлаж,цацраг гаргадаг юм байна гэдгийг нь нээн илрүүлсэн түүхтэй. Үүгээрээ 1903 онд Нобелийн шангал хүртсэн. Гэхдээ уран энерги гаргадаг болохыг 1938 оноос нээсэн.
-Уран хүн, амьтны биед хортой, хоргүй гэж байх уу?
-Ураны хортой, хоргүй чанар ураны хэрэглээний аль шатанд байна уу гэдэг талаас нь ярина. Байгальд байгаа ураны хувьд байдгаараа л нөлөөлнө. Энэ нь сул цацраг идэвхитэй нэгэн бодис. Дээгүүр нь мал бэлчээд, бид хэдэн зуун жил тэр уран дээгүүр явж, амьдраад ирсэн. Байгалийн түвшиндээ уран хоргүй. Харин тэрнийг уул уурхайн аргаар олборлож, гаргаад, дараа шар нунтаг болтол нь боловсруулан баяжуулдаг. Энэ үед түүний альфа цацраг идэвхээс хүнийг хамгаалах хэрэг гарна. Альфа цацрагийн талаар дунд сургуулийн хүүхдүүд ч мэднэ. Тэр шар нунтгийг торхонд савласан нөхцөлд цацраг идэвхи нь ямар ч хор, нөлөө, аюул учруулахгүй. Газрын доор байгаа ураныг гаргаж ирсний дараа цацраг идэвхи нь ялигүй өндөр болдог. Ураны гол хор нь альфа цацраг идэвхитэй хий л байдаг. Цөмийн цацраг яаж үйлчилдэг үү яг тийм түвшинд үйлчилнэ. Цацраг нь их бол их, хэрэв бага бол бага үйлчилнэ. Нэгд, ураны уурхайг ажилуулна гэдэг альфа цацраг идэвхээс нь хамгаална. Хоёрт, ураны задралын бүтээгдэхүүн хүнд металлууд байдаг. Тэр хүнд металлууд богино настай тул задраад цацраг идэвхигүй болчихно. Хүнд металл угаасаа хүнд хортой шүү дээ. Хар тугалга, мөнгөн ус гэхээр хүн болгон сандардаг биз дээ. Тэгэхээр ураны задралын бүтээгдэхүүн хар тугалгаас жаахан хүндхэн байна. Хүнд металлууд химийн хортой. Уран маш ихтэй газрын шороо, тоос хүний биед орох юм бол хортой. Харин ураны уурхай, үйлдвэрт хөдөлмөр хамгаалал, үйлдвэрлэлийн бүх аюулгүй байдлыг хангавал зохино.
- Та цөмийн физикч эрдэмтэн хүний хувьд манайд ураныг ямар түвшинд ашиглах боломжтой гэж үздэг үү?
-Урьд нь ЗХУ манай ураныг ашиглаж байсан бол одоо манай улс өөрсдөө ашиглана гэсэн зорилт тавьж байгаа. Ураны нөөцийг тодорхой тогтоосны дараа бусад ашигт малтмалтай адил хуулийн дагуу гүйцэтгэгчийг шалгаруулаад ашиглах боломжтой. Яг олон улсын түвшинд ашиглаж чадна. Ураны уурхай ердийн алт, зэсийн уурхайгаас ялгаатай нь Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн хяналтан дор бүх үйл ажиллагааг явуулдаг. Хэчнээн хэмжээний уран олборлож байна, хэдий хэмжээг нь ашиглаж, тээвэрлэх үү гэх зэрэг нь ил явагдах ёстой.
-Ураныг Монголдоо эрчим хүчинд ашиглах боломжтой юу?
-Эрчим хүчинд ашиглаж болно. Ураны химийн концентатаас цаашхи боловсруулалтыг манай улс хийх шинжлэх ухаан технологийн боломж байхгүй шүү дээ. Монголын нутаг дээр ураныг шар нунтаг болтол боловсруулна. Цөмийн реактор хүртэл маш олон үйлдвэр дамжина. Цөмийн реакторын түлш гэдэг зүгээр нэг нүүрс шиг шатдаг юм биш. Цөмийн түлш нь метал цирконоор хийсэн нарийн гуурсан хоолойн дотор хийсэн боловсруулсан ураны тангууд байдаг. Тэдгээр хоолойг багцлаад дулаан ялгаруулах системийг угсардаг. ЦЦС-ын реакторт дулаан ялгаруулах системийн дотор нь цөмийн урвал явагдаад дулаан нь ялгардаг. Ашигласны дараа дулаан ялгаруулах систем нь маш хүчтэй цацраг идэвхитэй болно. Ашигласны дараа түүнийг реакторын хажууд тодорхой хугацаанд хадгалж хөргөөд, цааш нь дахин боловсруулалт хийдэг. Харин атомын цахилгаан станцаас гарсан тэр цацраг идэвхит хаягдлаас дахиж ашиглах цөмийн түлшинээс гадна маш олон төрлийн хэрэглээний бодисуудыг жишээ нь, анагаах ухаанд , үйлдвэрлэлд хэрэглэдэг бодисуудыг ялгаж авна.
-Тэгвэл ураныг ашиглах үйл ажиллагаанд маш нарийн, өндөр мэргэжлийн инженер, боловсон хүчин ажиллах шаардлагатай юм аа даа?
-Мэдээж, маш нарийн мэргэжлийн хүмүүс ажиллах шаардлагатай. Зарим тохиолдолд өндөр хөгжилтэй орнуудад ЦЦС ба цөмийн түлшний циклийн үйлдвэрүүд бүгд автоматжсан байгаа.
-Монголын хувьд тэр нарийн мэргэжлийн инженерүүд бий юу?
-Монголын хувьд ураны ердийн уул уурхай ажиллах учир онцгой нарийн мэргэжлийн хүн байх шаардлагагүй. Ганцхан ялигүй сул цацраг идэвхийн хяналт бүхий үйлдвэрлэл байна. Хамгийн гол нь хяналтын сайн менежмент, өндөр технологи байх ёстой. Харин манайхан аюул багатай технологийг судалж сонгон ашиглах шаардлагатай.
-Ураныг судалдаг ямар эрдэмтэн судлаачид Монголд байдаг вэ?
- Мэдээж, геологи, геофизик, уул уурхайн хүмүүс ураныг ашигт малтмал гэдэг утгаар судалдаг хангалттай олон хүмүүс ШУТИС-д бий. Харин физикийн эрдэмтэд ураныг цацраг идэвхт бодис гэдэг талаас нь судалдаг. Хамгийн гол судалгааны байгууллага нь МУИС-ийн ЦСТ гэж бий.
-Таны хувьд ямар судалгаа хийдэг вэ?
-Би цөмийн физикч. Тэгэхдээ миний суурь судалгаа буюу эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв бол цөмийн эрчим хүчний асуудал юм. Цөмийн энергийг ашиглах талаар суурь судалгаа хийж байв. ЦЦС бол физикийн аюултай төхөөрөмж. Тэсэрч, дэлбэрэх магадлал нь тэг биш. Тиймээс одоо миний хийж байгаа ажил бол ЦЦС-н техникийн аюулгүй байдлыг найдвартай, баталгааг нь хангах чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа. Тухайлбал, дулааны цахилгаан станцыг угсрахад чанарын шалгалт хийнэ. Тэр станцын төхөөрөмж тодорхой хугацаатай ашиглагдахаар байх ёстой. Жишээ нь, ЦЦС- тогоо гэхэд угсралт хийж байхдаа чанарын шалгалтыг 100 хувь хийдэг. Яагаад гэвэл станц ажиллаж эхээд л тогоонд нь хүн ойртох боломжгүй цацраг идэвхи буй болдог учраас цөмийн реакторын техникийн байгууламжид чанарын шалгалт хийж бүх насны батлагаа өгдөг. 40 жил ажиллах баталгааг нь найдвартай хийсний эцэст ажилуулдаг. Хэн ч гар хүрч ажиллахааргүй баталгаа гаргадаг онцлогтой юм. ШУТИС-Материаллаг технологийн сургуульд тэр баталгаа өгдөг мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэдэг. Жишээ нь, үл эвдэх сорилын инженер гэх мэт. 1993 оноос хойш энэ мэргэжилтэнг бэлтгэж байна.
-Энэ чиглэлийн инженерүүд Монголд аль салбарт голдуу ажиллаж байгаа вэ?
-Эрчим хүч, нисэх, Төмөр замын салбаруудад хаана үлэвдэх сорилын шалгалт хэрэгцээтэй ажил байна тэнд ажиллаж байгаа. Сүүлийн үед уул уурхайн салбарын Айвонхоу Майнзын бүтээн байгуулалтад үлүн улсын стандартын түвшинд ажиллаж байна.
-Та одоогийн судалгаандаа цөмийн эрчим хүчтэй холбоотой ямар санал дэвшүүлсэн юм бэ?
-Монголд судалгааны цөмийн реактор ба ЦЦС барих нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн судалгаа хийж байгаа. Цөмийн реактор барихад манайд одоо бэлтгэдэггүй олон талын инженерүүд хэрэг болно. Цөмийн биш инженерүүдийг бэлтгэх нь ШУТИС-ийн үүрэг. Харин цөмийн инженерийг бэлтгэх нь МУИС үүрэг шүү дээ. Эхний ээлжинд инженер-физикийн системийн механик инженер, автоматжуулалтын мэргэжилтэн хэрэг болно.
-Энэ мэргэжил судалгаагаар гарч ирсэн үү?
-Олон Улсын Атомын Энергийн Агентлаг(ОУАЭА)-аас гаргасан судалгаагаар ЦЦС ажилуулахад 700 гаруй төрлийн мэргэжилтэн хэрэгтэй гэсэн байдаг.
-Ураныг ашиглахад маш олон шат дамждаг гэж та ярьсан. Монголд үүнийг хийх боломжгүй гэж байгаа. Тэгэхээр ийм олон шатлалын боловсруулалтыг аль улсад хийдэг вэ?
-Хэрэв ураны уурхай ажиллаж эхлэвэл ураны консентрат гарган авах ажил Монголын газар нутагт явагдана. Харин дараахь шатлалын цөмийн түлш хийхэд дөрвөн нарийн технологитой үйлдвэр дамжина. Тэр технологийг эзэмшсэн орон маш цөөхөн. Хэрэв манайд боловсруулсан шар нунтаг гадаадын аль нэг оронд үйлдвэрийн боловсруулалт хийгдэнэ гэсэн үг. Цөмийн түлш хийдэг орнуудад манайх боловсруулсан шар нунтагаа зарах боломж бий. Атомын цахилгаан станцын ашигласан түлшийг бүрэн боловсруулах технологийг дэлхийн хэдхэн орон эзэмшсэн. Жишээ нь, Цөмийн зэвсэгтэй ОХУ, АНУ, Франц, Англи, Хятад гээд тавхан орон бий.
-Ийм нарийн технологийг эзэмшиж, ашиглахад нь НҮБ-аас хянаж зөвшөөрдөг үү?
-Байгалийн уранаас авахуулаад хаягдал болох хүртлэх бүх үйл ажиллагааг цөмийн түлшний цикл гэдэг. Цөмийн түлшний цикл нь ОУАЭА хэмээх НҮБ-ын төрөлжсөн байгууллагын хяналтан дор явагдана.
-Цөмийн түлшний мэргэжилтэнг танай сургууль шинээр бэлтгэх гэж байгаа юм уу. Хэзээнээс элсэлтээ авч эхлэх вэ?
-Монгол Улс Цөмийн Энергийн Газраа байгуулсан. Цөмийн хөтөлбөрөө дэвшүүлж,ОУАЭА-т өргөн барьсан. Ерөнхийдөө ураны уурхайн үйлдвэрлэлд ураны консентратийг бэлтгэх мэргэжилтэн хэрэгтэй байгаа. Тиймээс цөмийн түлшний технологийн мэргэжилтэн бэлтгэхийн тулд ШУТИС-д энэ жилээс элсэлт авч байна. Мэргэжилтэнг бэлтгэж байгаа зорилго нь нэгд, цөмийн технологи,уран, цөмийн түлш, ЦЦС-н талаар нийгэмд үнэн бодитой, үнэн зөв, ерөнхий мэдээлэлийг хүргэх хэрэгтэй. Энэ талаар үнэн зөв мэдээлэл нийгэмд байхгүй байгаа учраас маш их саад бэрхшээл, алдаа, төөрөгдөл гарч байна. Олон нийтийн байгууллага нөгөө талаас нь хандаж байна. Нийгэмд төдийгүй төр засгийн бүх түвшинд зөв ойлголттой болох шаардлага тулгарч байгаа учраас бид мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн юм.
-Шинэ мэргэжилтэн бэлтгэхэд багшлах боловсон хүчин бэлтгэгдсэн үү?
-Ураны химийн консентратийг боловсруулахад ердийн уул уурхай, дээр гидрометаллургын үйл ажиллагаа нэмэгдэнэ. Тиймээс ШУТИС-ийн гурван салбар сургуулиас МТС-ийн Хэрэглээний физик, УУИС-ийн Ашигт малтмалын баяжуулалт ба боловсруулалт, ГГТС-ийн Геофизик геомэдээлийн профессорын гурван баг нийлж шинэ боловсон хүчинг бэлтгэнэ. Ажиллаж эхлэхэд шаардлагатай мэргэжилтэн байгаа. Гэхдээ цөмийн чиглэлээр гадаадаас туслалцаа авч суралцана. ОХУ-ын Дубна дахь ЦШНИ-ээс манайд 2 багш бэлтгэж өгөх, Токиогийн Их Сургуулиас манай мэргэжилтэнг бэлтгэхэд тусалъя гэсэн санал тавьсан байгаа.
Б.БАЯРМАА
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor