link
Дэлхийн шилдэг мянган эрдэмтний нэг монгол эрдэмтэн
Монгол эрдэмтний чадвар, оюун ухааныг дэлхийн шинжлэх ухаан үнэлжээ. Тодруулбал, Америкийн намтар судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй "Great Minds of the 21st Century" номонд Шинжлэх ухааны доктор, профессор Б.Сүхбаатарын намтар шалгарчээ.
"XXI зууны их ухаантнууд" гэж монголоор нэрлэж болох энэхүү ном дэлхий дахинд болон улс эх орондоо чухал хувь нэмэр оруулсан 1000 хүний намтрыг дэлхий нийтэд зарладаг. Энэ зууны шилдгүүд буюу үйл хэрэг нь бусдаас ялгарч, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг тодруулж, сонгон шалгаруулахдаа глобал сүлжээ бүхий тусгай хүрээлэн ажилласан юм байна. Нөгөөтэйгүүр Альберт Эйнштейн, Марк Твэйн, Мартин Лютер Кинг, Далай лам, Маргарет Тэтчер, Жон Ф.Кеннеди зэрэг суут хүмүүсийн нэрс ч эл номд оржээ. Удахгүй хэвлэлтээс гарах тус номонд орсны гэрчилгээ болгон доктор, профессор Б.Сүхбаатарт өргөмжлөл, медаль илгээжээ.
ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуулийн мэдээллийн технологийн профессорын багийн ахлагч Б.Сүхбаатар манай улсын мэдээлэл холбооны салбарын анхны шинжлэх ухааны доктор. Японы "Waseda" их сургуулийн профессор, мэдээлэл холбооны салбарын шилдэг судлаач өргөмжлөлтэй.
-Ийм сайхан мэдээг та хэзээ сонссон бэ?
-Энэ оны эхээр юм даа. Америкийн Намтар судлалын хүрээлэнгээс "Таныг удахгуй хэвлэгдэх гэж буй мянган эрдэмтний намтар орсон " Great Minds of the 21st Century " номонд оруулахаар санал оруулж байна. Та анкетаа доорхи асуултанд хариулж өгнө үү" гэсэн захиа ирсэн. Тухайн үед гайхасхийгээд чимээгүй л өнгөрсөн. Мөн Англид төв нь байрладаг Олон улсын намтар судлалын хүрээлэн ч дээрхтэй адил таны намтрыг номдоо оруулмаар байна гэж мэдэгдэж билээ.
-Мэдээж энэ номонд ороход өндөр босго тавьж, 1000 эрдэмтнээ сонгосон байх. Гэхдээ ямар шалгуургаар гэдгээ хэлсэн үү?
- Тулгуур шинжлэх ухаан болох хими, физик, математик, биологи, мэдээллийн технологиос гадна хавсрах шинжлэх ухаан геологи, уул уурхай гээд олон салбар байна. Энэ бүгдээс мянган эрдэмтэн олоход амархан. Иймээс олон шалгуур тавьсан байх. Гол нь өөрийн оронд төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Дэлхий нийтийг хамарсан тодорхой байгууллага, өөрсдийн гишүүн хүмүүсээсээ санал авдаг юм билээ. Миний хувьд гадаадын орнуудад 60 гаруй өгүүлэл нийтлуулсэн. Нэг талаар энэ нөлөөлсөн байх. Хоёрдугаарт, дээрх хүрээлэн манай орныг дэмждэг юм билээ, Иймээс дэлхийн шилдэг мянгад багтахад улсын маань нэр хүнд нөлөөлсөн гэж боддог. Мөн би гадаадын олон байгууллагатай хамтарч ажилладаг. Мэдээлэл холбооны чиглэлээр ажилладаг олон улсын 10 гаруй нийгэмлэгийн гишүүн ажил маань ч нөлөөлсөн байх. Нөгөөтэйгүүр
салбараа хэрхэн хөгжүүлэх, ирээдүйд хэрхэн авч явах вэ зэрэг шинжлэх ухааны чиглэлээр олон орны эрдэмтэдтэй санал солилцдог. Энэ хүмүүс миний нэрийг уг номд дэвшүүлсэн болов уу гэж таамаглаж байгаа.
-Номонд орсон бусад эрдэмтдийн талаар мэдэх үү?
-Энэ талаар мэдээлэл аваагүй.
-Ном Таны гар дээр ирсэн үү. Хаагуур тараагдах бол...?
-Энэ оны сүүлээр хэвлэгдэнэ гэсэн. Номонд орсныг нотлох диплом, медалийг ирүүлсэн. Уг нь үүнийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Лондонд "World forum" нэртэйгээр зохион байгуулагдсан. Гэвч очиж амжаагүй. Номыг бэлэн болмогц Конгрессын номын сан, олон улсын томоохон номын сангууд, АНУ-ын муж улсуудын албаны номын сангууд, архивууд болон уг номыг захиалсан газруудад түгээдэг. Мөн тусгайлан чимэглэсэн хэвлэлийг намтар нь орсон хүмүүст гардуулдаг гэсэн.
-Номыг дагаад хамтарч ажиллах санал олон ирэх болов уу?
-Хэлж мэдэхгүй байна. Одоогоор Австриас "Мэдээ¬лэл холбооны тэргүүлэх чиглэлийн технологиуд" нэртэй ном хамтарч бичих санал ирсэн. Он гараад тийшээ явах байх. Харин тус хүрээлэнгээс Монгол талыг хариуцсан судлаач, санал дэвшүүлэгч болгон, цаашдаа манай орон болон Азиас эрдэмтэд нэр дэвшвэл надаас санал авна гэдгээ хэлсэн.
-Номонд эрдэмтдийн юуны тухай өгүүлсэн бол?
-Товч намтар байна. Мөн сонирхдог зүйл, ололт амжилт гэж юу юм, таныг энэ мэргэжилд хөтөлсөн зүйл гэх мэт товч асуулт хариулт орсон. Шинжлэх ухааны том өгүүллийг энгийн уншигч уншаад ойлгоход бэрх. Янз бүрийн туршилт хийж, эцсийн үр дүн шинжлэх ухаанд хэрэглэгддэг. Үүнийг гадаадын эрдэмтэд сайн мэдэрч чаддаг. Харин манайхан энэ талыг ойлгоход хэцүү. Магадгүй энэ хүн юу хийгээд энэ номонд орсон юм бол гэж гайхаж мэднэ. Заримдаа "Та юу хийв" гээд асуух нэгэн ч гарсан. Тэдэнд 200 гаруй өгүүлэл, 10-аад ном бий гээд эхнээс нь тайлбарладаг. Гэвч үүнийг мэргэжлийн бус хүмүүс уншаад ойлгоход амар биш.
-Мэдээлэл холбоо, харилцааны хөгжил манайд ямар төвшинд байна гэж та үнэлдэг вэ?
-1994 оноос сайжирсан. "Цахим Монгол хөтөлбөр"-ийн хүрээнд энэ салбараа сайжруулан эхний 10 орны нэгд орох зорилт тавьж байсан. Зарим нэг үзүүлэлтээр аравтаа бараг хүрсэн. Үүний бодит жишээ нь хүн бүр өнөөдөр гар утас хэрэглэж байна. Аймаг бүрт өндөр хурдны сүлжээ дамжлаа. Ер нь гайгүй хэмжээнд яваа гэж боддог. Харин шинжлэх ухааны талд хийх ажил бий. Гэхдээ бид энэ салбарыг хөгжүүлэхдээ хэрэглээний талын ажлыг бизнесийнхэнтэй хамтарч хийх ёстой. Мөн онолын талд ажиллахдаа дэлхийд тэргүүлэх чиглэлийг сонгох ёстой. Түүнээс хүний араас явах хэрэггүй. Өнөөдөр бүх салбар мэдээлэл холбоотой холбогдсон. Мэдээллийн технологийг ашигладаггүй байгууллага ч гэж үгүй. Сэтгүүлчдийн хэрэглэдэг диктафон хэдэн зуун цагийн бичлэг хийхийн зэрэгцээ олон ярилцлага дундаас "Сухбаатар нэртэй яриа хаана байна" хэмээн хайлт хийх программтай болж. Иймээс манай докторант хуурцган дээрх ярилцлагыг текст болгоод хэвлэгч машин дээр гаргах, текстийг эргуулж яриа болгох ажлыг хийж эхлээд байна. Мөн эрүүл мэндийн салбарт тухайн өвчтөнөөр үг хэлуулээд оношийг нь тогтоох ажил хийж байна. Ингэснээр зайн эмчилгээ асуудалгүй болж эхэлнэ. Хүний дуугарч байгаа дуу, авианд тухайн хүний дотоод сэтгэхүй, эрүүл мэндийн байдлын мэдээлэл бий. Үүнийг багажаар хэмжвэл хүн бүр өөр царайтай байдаг шиг өөр, өөр л байна. Одоогийн рентген зураг гэх мэт технологи өндөр үнэтэй. Харин яриа дамжуулах бол хямдхан. Энэ бол шинэ чиглэл. Гэхдээ гадныхан энэ талд ямар төвшинд ажиллаж байгааг мэдэхгөй. Зөрхний цохилтоор өвчний онош, тухайн хүний зан чанар, оюуны чадавхийг ч гаргах бололцоотой байгаа. Монголд энэ салбарын шинжлэх ухааныг
хөгжүүлэхийн төлөө нэлээд ажиллалаа. Жижиг орны эрдэмтэд хэцүү. Бүх юм руу ордог. Гадаадын эрдэмтэд зөвхөн тодорхой, нэг чиглэлд бүх ажлаа зориулдаг. Харин бид тийм биш. Бодлогын судалгааны асуудал, улсын мэдээлэл холбооны сүлжээг цааш хөгжүүлэх, боловсон хүчнийг нэмэгдүүлэх гэх мэтээр тулгамдаж буй бүх зүйлд анхаарлаа хандуулан ажилладаг.
-Тухайн өвчтөнөөр уг хэлуулээд оношийг тогтоох судалгааны ажил хэзээ биеллээ олох вэ?
-Докторант судалгааны ажлаа аваад эхлэлийн байдалтай байна. Хугацаа нэлээд орно. Олон нийт болон гадаадын эрдэмтэн, судлаачид ч хүлээн зөвшөөрөхөд хугацаа хэрэгтэй.
-Манай орны нөхцөлд шинэ судалгаа хийхэд техник, технологийн хүрэлцээ, боломж хүндрэлтэй байдаг уу?
-1970-аад онд багшлах үед техник, технологи нь багцаагаар Оросоос 10, Японоос 20 гаруй жилээр хоцорч байсан. Харин одоо тийм биш. Зэрэгцээ шахам явна. Гэхдээ программ хангамжийн талд дутагдалтай. Монгол хүний оюуны чадавхи өндөр. Үүнийгээ программ боловсруулалтад ашиглах ёстой.
-"Цахим Монгол хөтөлбөр"-ийн үр дүнгийн талаар таны саналыг сонсмоор байна?
-Хөтөлбөрт үндсэн 16 зорилт дэвшүүлснээс ихэнх нь биелсэн. 2012 он гэхэд үлдсэн нь биелнэ байх. Үүний зэрэгцээ "Цахим Монгол хөтөлбөр-2"-ийг хэрэгжүүлэхээр ярьж байна. Учир нь технологи асар хурдтай хөгжиж бас шинээр гарах боллоо. Миний тооцоолсноор хоёр сар тутамд нэг технологи гарч байна.
-Шинэ хөтөлбөрт юуны талаар тусгасан бэ?
-Мэдээлэл, холбооны технологийг илүү хөгжүүлэх, өндөр хурдны сүлжээг улс даяар бүх салбарт нэвтрүүлэхийн тулд хэрхэн дэмжих гэх мэт ажлыг тусгасан.
"Үнэн" сонин. 2008 он. Аравдугаар сар, № 40, 8-р нүүр.
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)