link
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА
2006/02/08
2006-2007 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын их, дээд сургуульд тус улсын Засгийн газрын тэтгэлгээр 40 оюутныг инженер (10); технологи (10); байгалийн шинжлэл (6); анагаах ухаан (4); хөдөө аж ахуй (2); эдийн засаг (2); эрх зүй (2); олон улсын харилцаа (2); орон судлал (2)-ын чиглэлээр бакалаврын түвшний сургалтад хамруулна.
Сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа эсвэл БНТУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс багагүй хугацаагаар суралцаж амжилттай төгссөн 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Гадаадын их, дээд сургуулийн үндсэн ангид хувийн зардлаар суралцаж байгаа оюутныг сонгон шалгаруулалтад оруулахгүй.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй хүмүүсийг 2006 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 10.00-17.00 цагийн хооронд бүртгэх тул доор дурдсан баримт бичгийг монгол хэл дээр бүрдүүлэн хавтсанд хийж, Боловсролын Их сургуулийн Багшийн сургууль (хуучин нэрээр Багшийн коллеж)-ийн 1 дүгээр давхарт хүрэлцэн ирнэ үү. Үүнд:
1. Суралцаж буй сургуулийн сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт
2. Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулна)
3. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулна)
4. 1 хувь өнгөт цээж зураг (3х4 хэмжээтэй)
5. Хураамж 5000 төгрөг.
Сонгон шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн суурь шалгалт гэсэн хоёр үе шаттай МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
Англи хэлний шалгалтыг 2006 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 15.00 цагт зохион байгуулж, шалгалтын оноог 2006 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.
Хэлний шалгалтад 50 ба түүнээс дээш хувийн оноо авсан оюутнуудыг доорх хүснэгтийн дагуу дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна.
№ Бүртгүүлсэн мэргэжлийн чиглэл Мэргэжлийн шалгалт
1 Инженер, технологи, байгалийн шинжлэл, хөдөө аж ахуй, эдийн засаг, эрх зүй Математик
2 Анагаах ухаан, байгалийн шинжлэл, хөдөө аж ахуй, технологи Хими
3 Олон улсын харилцаа, орон судлал Нийгмийн тухай мэдлэг
Мэргэжлийн шалгалтыг 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулна. Мэргэжлийн шалгалтад мөн нийт онооны 50 ба түүнээс дээш хувийн оноо авбал зохино. Шалгарагчдыг 2 шалгалтын нийлбэр оноогоор нь зарлагдсан хуваарь тус бүрээр жагсааж шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2006 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлаж, 2006 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 16.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 401 тоот өрөөнд Туркийн талд илгээх баримт бичгийг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө өгнө.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНТУ-ын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана.
Суралцахаар хариу авсан оюутнууд Туркийн талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл ангид амжилттай суралцаж, төгссөний дараа БНТУ-д дахин нэгдсэн шалгалт өгч, үргэлжлүүлэн суралцах сургууль, мэргэжлийн чиглэлээ нарийвчлан сонгоно.
БНТУ-ын Засгийн газраас амьжиргааны тэтгэлэг олгож, сургалтын төлбөргүй суралцуулах бөгөөд БНТУ-д ирж очих замын зардал болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцна.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ