link
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН
ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ
ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2006-2007 оны хичээлийн жилээс 100 оюутныг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд бакалаврын зэргийн сургалтад хамруулна.
Оюутнуудыг харилцаа холбооны инженер; компьютерийн шинжлэх ухаан ба технологи; ойн инженер; агрономи; экологи ба байгаль орчин; мал эмнэлэг; хоол судлалын инженер; дулааны инженер, эрчим хүчний инженер; машины дизайн, үйлдвэрлэл, автоматжуулалт; химийн инженер ба технологи; бизнесийн удирдлага; тээврийн инженер; монгол уламжлалт эмчилгээ; хятад эмчилгээ; сувилахуйн ухаан; хятад хэл, уран зохиол; компьютерийн сүлжээний технологийн чиглэлээр тус тус сонгон шалгаруулж суралцуулна.
Энэ сургалтад хамрагдах оюутныг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид шалгалтад оролцох мэргэжлээр 3.00-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс багагүй хугацаагаар суралцаж амжилттай төгссөн 25 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.
Иймд холбогдох сургуулиуд доорх хуваарийн дагуу шалгалтад оролцох оюутнуудаа хяналтын тоондоо багтаан шалгаруулж, нэрсийг нь сургуулийн захирлын албан бичгээр 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
№ Сургуулийн нэр Шалгалтад орох оюутны тоо
1 Монгол улсын их сургууль 40 хүртэл
2 Шинжлэх ухаан, технологийн их сургууль 40 хүртэл
3 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 20 хүртэл
4 Хөдөө аж ахуйн их сургууль 20 хүртэл
5 Боловсролын их сургууль 15 хүртэл
6 Соёл урлагийн их сургууль 15 хүртэл
7 Хүмүүнлэгийн ухааны их сургууль 15 хүртэл
Хүснэгтэд нэр дурдагдаагүй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежоос тус бүр 5 хүртэл оюутныг шалгалтад оруулна. Хяналтын тоонд багтаагүй оюутныг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс нь доор дурдсан баримт бичгийг монгол хэл дээр бүрдүүлж, 2006 оны 6 дугаар сарын 24, 25-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны 1 давхарт өөрийн биеэр ирж бүртгүүлнэ (баримт бичгийг дэс дараагаар нь хавтсанд хийсэн байна). Үүнд:
1. Анкет (маягтыг бүртгэх явцад олгож, бөглүүлнэ)
2. 3*4 хэмжээтэй өнгөт цээж зураг (анкет дээр наана)
3. Иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулна)
4. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулна)
5. Их, дээд сургууль, коллежийн 1-2 дугаар ангийн дүн эсвэл БНХАУ-ын их, дээд
сургуулийн хэлний бэлтгэл ангийн сурлагын дүнгийн жагсаалт
6. Хураамж 3000 төгрөг
Жич: 2006 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын их, дээд сургуульд тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах уралдаант шалгалтад оролцсон хүмүүс дахин баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй тул иргэний үнэмлэх, хураамжийн мөнгөтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.
Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутнуудын сонгон шалгаруулалтыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулах тул бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичгийг БСШУЯ-наас тус Элчин сайдын яаманд хүлээлгэн өгнө.
Сонгон шалгаруулалтыг математикийн шалгалт, ярилцлага гэсэн 2 үе шаттай зохион байгуулна. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. Математикийн шалгалтыг 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 давхарын уншлагын танхимд тестийн хэлбэрээр зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтын оноо болон ярилцлагад оролцох хүмүүсийн нэрсийг хуваарийн хамт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 18.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаах самбар дээр зарлана. Ярилцлагад орох хүмүүсийг шалгалтын онооны дэс дарааллаар нь жагсаан сонгоно.
Ярилцлагыг 2006 оны 6 дугаар сарын 30-ны болон 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулна. Ярилцлагын үр дүнг харгалзан сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны гадаах самбар дээр зарлана. Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэж байна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан оюутан нь хуваарилагдсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үргэлжлүүлэн үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
Оруулсан Д. Туул, ГХГ-ын ахлах мэргэжилтэн
Утас: 329081, 324590-1012
E-mail: intrel@must.edu.mn