link

ГАДААДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2008-01-09 06:18 Админ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2007 оны 12 дугаар сарын 17–ны өдрийн
11 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт



ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭ,
ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДАГУУ ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАХ ХҮМҮҮСИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ




Нэг. Нийтлэг зүйл


1. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад магистрантур, докторантурт суралцах Монгол Улсын иргэдийг шалгаруулахад энэхүү журмыг баримтлана.

2. Тухайн жилд гадаадад суралцуулах мэргэжлийн чиглэл, хяналтын тоог яамд, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага /цаашид “захиалагч” гэнэ/-уудаас ирүүлсэн захиалга, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөв байдал, хүлээн авах талын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “яам” гэнэ)-аас тогтооно. Ингэхдээ залуу судлаач, эрдэмтдийг дэмжих зорилгоор сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, эрдэм шинжилгээний ажилтан нарт тодорхой тооны тусгай хуваарийг гаргаж байна.

3. Магистрантур, докторантурт суралцах мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалт авах хугацаа, бүртгэл, сонгон шалгаруулах зарчим, шалгалт авах байрыг шалгалт эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө яамны вэб хуудсаар дамжуулан зарлана. Энэ журмын 2-т заасан тусгай хуваарийн тухай мэдээллийг яамнаас их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын албан ёсны электрон шуудангийн хаягаар хүргүүлэх бөгөөд тухайн байгууллага энэ мэдээллийг өөрийн багш, ажилтнууддаа түгээх үүргийг хүлээнэ.

4. Зарласан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр, магистр (докторантурт суралцах хүмүүст хамаарна)-ын боловсролын зэрэгтэй (дипломын голч дүн нь 3,00-аас доошгүй байна), мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын дадлага, туршлагатай, гадаадад суралцах хэлний бэлтгэлтэй хүмүүс (цаашид ”шалгуулагч” гэнэ)-ийг энэхүү журмын дагуу сонгон шалгаруулалтад оруулна.

Хоёр. Бүртгэл, сонгон шалгаруулалт


5. Шалгуулагчид дор дурдсан материалыг бүрдүүлэн зарлалын дагуу бүртгүүлнэ:

а. өргөдөл (тухайн чиглэлээр суралцах зорилго, суралцахад өөрийгөө бэлтгэсэн байдал болон өөрийгөө энэ тэтгэлэгт хамрагдах шаардлагатайг тайлбарласан үндэслэл, суралцаж төгсөөд хийх ажлын тухай төсөөлөл, суралцахад шаардагдах дэмжлэг, нөхцлийг тодорхой илэрхийлсэн байна);

б. өөрийн судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, ашигласан арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна);

в. эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);

г. ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллуулж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс энэ мэргэжлээр суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон захидлыг битүүмжлэн энэхүү тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлнэ);

д. бакалавр, магистр (докторантурт суралцах хүмүүст хамаарна)-ын боловсролын зэрэг эзэмшсэн тухай боловсролын баримт бичиг, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (боловсролын баримт бичгийн хуулбарыг олгосон байгууллагаас нь авахыг зөвшөөрсөн захидал).


6. Энэ журмын 2-т заасан тусгай хуваарийн дагуу сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй багш, эрдэм шинжилгээний ажилтан нь өөрийн ажиллаж буй байгууллагадаа бүртгүүлнэ. Байгууллага нь бүртгүүлсэн ажилтнуудынхаа хүсэлтийг эрдмийн зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж, энэ журмын болзол, шаардлагыг бүрэн хангасан ажилтны материалыг эрдмийн зөвлөлийн хурлын протокол, шийдвэрийн хамт албан бичгээр яаманд ирүүлнэ.

7. Нийтэд зарласан хуваарийн дагуу сонгон шалгаруулалтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс (цаашид “комисс” гэнэ) зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллийг оруулна. Сонгон шалгаруулалт нь гадаад хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай байна. Гадаад хэлний шалгалтыг тестээр, мэргэжлийн шалгалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон хэрэглээний ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгөхөд оршино.

8. Шалгуулагч шалгалт бүрт 60-аас дээш хувийн амжилт үзүүлбэл зохино. Энэ босго оноо нь шалгуулагчдын тооноос хамааран хэлбэлзэж болно.

9. Босго оноог давсан шалгуулагчдын шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, хамгийн өндөр оноо авсан шалгуулагчдыг хяналтын тоонд багтаан шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл дипломын голч дүнг харгалзана. Дипломын голч дүн тэнцвэл хэвлүүлсэн бүтээлийн тоо, чанарыг харгалзана.

Гурав. Бусад зүйл

10. Яам нь гадаадад суралцахаар шалгарсан шалгуулагчдын материалыг хүлээн авах талын шаардлагад нийцүүлэн бүрдэл болгож хүргүүлэх ажлыг холбогдох гэрээ, хэлэлцээрт заасны дагуу гүйцэтгэнэ.

11. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. Шийдвэр хүлээн авсан суралцагч нь яамнаас батлагдсан тусгай маягтын дагуу тангарагийн бичиг өргөн барина.

12. Энэ журмын 2-т заасан тусгай хуваарийн дагуу шалгарсан багш, эрдэм шинжилгээний ажилтан нь захиалагчтай гэрээ байгуулна. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагч хугацаандаа амжилттай төгсөх, суралцагчийг буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай нөхцөл болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.

13. Гадаадын аль нэг оронд суралцуулах шалгалтад тэнцэж, тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн хүнийг дахин өөр оронд суралцуулах шалгалтад оруулахгүй.

14. Сонгон шалгаруулалтын бэлтгэлийн болон зохион байгуулалтын холбогдох зардлыг шалгуулагч хариуцна.

15. Шалгуулагч нь энэ журамд заасан болзол шаардлагыг хангаагүй, баримт бичгээ дутуу эсвэл хуурамчаар бүрдүүлсэн, шалгалтын явцад бусдаас дэмжлэг авсан, бусдын бүтээлийг хуулж ашигласан, худал мэдээлэл өгсөн, зарласан хугацаанаас хоцорсон болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол сонгон шалгаруулалтаас хасна.

16. Монгол улсын болон гадаадын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрт энэ журмаас өөрөөр заасан болон гадаадын холбогдох байгууллагаас сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар энэ журамд зааснаас өөр тусгайлсан нөхцөл, журмыг шаардсан тохиолдолд гэрээ, хэлэлцээрийн заалтууд болон хүлээн авах талаас тусгайлан шаардсан нөхцөл, журмыг баримтална.

17. Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.



- - - о О о - - -



Оруулсан Д. Туул, ОУХАА-ны ахлах мэргэжилтэн
 


























Affiliated schools