ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ОЮУТАН, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА
Оросын Холбооны улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан соёлын хэлэлцээр болон хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2008-2009 оны хичээлийн жилээс ОХУ-д:
- орос судлал, түүх, сэтгүүл зүй, сэтгэл судлал, дэлхийн эдийн засаг, эдийн засаг, санхүү, удирдлага, статистик, стандартчилал, кадастр, хот төлөвлөлт, байгалийн ухаан, геодези, геологи, ашигт малтмал, эрчим хүч, цахилгаан станц, металлурги, машин тоног төхөөрөмж, информатик, электроник, холбоо, химийн технологи, барилга, архитектур, экологи, гидротехник, хөрс судлал, ойн инженер, ойн аж ахуй, загасны аж ахуй, мод боловсруулах технологи, газар зүй, картографи, өргөн хэрэглээний барааны технологи, хүнсний бүтээгдэхүүний технологийн чиглэлээр суралцах 120 оюутан;
- математик, физик, хими, биотехнологи, металлурги, эрчим хүч, геологи, хөрс судлал, хэмжил хэрэгслийн баталгаажилт, нефтийн барилга байгууламжийн ашиглалт, төрийн удирдлага, хүн амын статистик, эконометрикс, хор судлалын чиглэлээр суралцах 14 докторантыг тус тус сонгон шалгаруулж, суралцуулна.
Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг доор дурдсан болзолын аль нэгийг хангасан, ерөнхий боловсролын сургуульд 90 ба түүнээс дээш хувийн дундаж дүнтэй суралцсан, 22 хүртэлх насны Монгол Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Үүнд:
1. Магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид шалгалтад оролцох мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
2. ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид бүх хичээлдээ 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
3. Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид амжилттай суралцаж байгаа.
Докторын сургалтад хамрагдах хүмүүсийг шалгалтад орох чиглэлээр магистрын зэрэгтэй /сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй/, орос хэлний зохих мэдлэгтэй, судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан 35 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.
Шалгалтад орох хүсэлтэй хүмүүсийг 2008 оны 3 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд Оросын Шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-ийн бага танхимд бүртгэнэ.
Бакалаврын ангид суралцах хүсэлтэй хүмүүс нь бүртгүүлэхдээ доор дурдсан бичиг баримтуудыг эх хувиар нь авч ирнэ:
1. Иргэний үнэмлэх;
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн суралцагчийн хувьд - сургуулийн захиргаагаар баталгаажуулсан 2007-2008 оны хичээлийн жилийн 1, 2 дугаар улирлын сурлагын дүнгийн тодорхойлолт/;
3. Их, дээд сургууль, коллеж болон бэлтгэл ангийн оюутны хувьд - сурлагын дэвтэр;
4. Шалгалтын хураамж 6000 төгрөг.
Докторын түвшинд суралцах хүсэлтэй хүмүүс нь бүртгүүлэхдээ доор дурдсан бичиг баримтуудыг эх хувиар нь авч ирнэ:
1. Иргэний үнэмлэх;
2. Бакалавр, магистрын диплом, дүнгийн жагсаалт;
3. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
4. Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн реферат /14-ийн шрифтээр А4-ийн хэмжээтэй 5 хуудсанд багтааж бичнэ/;
5. Шалгалтын хураамж 12000 төгрөг.
Бүртгүүлэхдээ дараах хүснэгтийг бөглөж ирнэ үү.
№ | Овог нэр | Нас | Хүйс | Утас | Регистрийн дугаар | Курс | Голч дүн | Суралцаж буй чиглэл | Суралцах чиглэл |
1 | | | | | | | | | |
Уралдаант шалгалтыг мэргэжлийн шалгалт, орос хэлний шалгалт, ярилцлага гэсэн үе шаттай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн байранд зохион байгуулах бөгөөд өрөөний нарийвчилсан хуваарийг тухайн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө тус сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны үүдэнд гаргана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
Бакалаврын ангид суралцахаар бүртгүүлсэн оюутан, сурагчид нь 4 дүгээр сарын 2-ны өдрийн 15.30 цагт бүртгүүлсэн мэргэжлээсээ хамааран математик, хими, нийгмийн тухай мэдлэгийн шалгалтын аль нэгийг доорх хүснэгтийн дагуу тестийн хэлбэрээр өгнө.
№ | Бүртгүүлсэн мэргэжлийн чиглэл | Мэргэжлийн шалгалт |
1 | Сэтгэл судлал, дэлхийн эдийн засаг, эдийн засаг, санхүү, удирдлага, статистик, стандартчилал, кадастр, хот төлөвлөлт, байгалийн ухаан, геодези, геологи, ашигт малтмал, эрчим хүч, цахилгаан станц, металлурги, машин тоног төхөөрөмж, информатик, электроник, холбоо, барилга, архитектур, гидротехник, картографи | Математик |
2 | Байгалийн ухаан, химийн технологи, экологи, хөрс судлал, ойн инженер, ойн аж ахуй, загасны аж ахуй, мод боловсруулах технологи, өргөн хэрэглээний барааны технологи, хүнсний бүтээгдэхүүний технологи | Хими |
3 | Орос судлал, түүх, сэтгүүл зүй, газар зүй | Нийгмийн тухай мэдлэг |
Шалгалтын оноо болон дараагийн шатны хэлний шалгалтад орох эрх авсан оюутан, сурагчдын нэрсийг 4 дүгээр сарын 3-ны өдрийн 12.00 цагт Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн үүдний самбар дээр зарлана. Хэлний шалгалтыг 4 дүгээр сарын 4-ний өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, оноо болон сүүлийн шатны ярилцлагад орох эрх авсан оюутан, сурагчдын нэрсийг 4 дүгээр сарын 5-ны өдрийн 12.00 цагт Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн үүдний самбар дээр зарлана.
Докторын түвшинд суралцах хүмүүсийн хэлний шалгалтыг 4 дүгээр сарын 2-ны өдрийн 15.30 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын оноо болон дараагийн шатны мэргэжлийн шалгалтад орох эрх авсан хүмүүсийн нэрсийг 4 дүгээр сарын 3-ны өдрийн 12.00 цагт Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн үүдний самбар дээр зарлана. Мэргэжлийн шалгалтыг 4 дүгээр сарын 3-ны өдрийн 14.00 цагт Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн байранд ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авах бөгөөд шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон хэрэглээний ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгөхөд оршино.
Хэлний болон мэргэжлийн шалгалтад тэнцсэн нийт шалгуулагчдаас Монгол-Оросын хамтарсан комисс ярилцлага авна. Ярилцлагыг 4 дүгээр сарын 5-ны өдрийн 13.00 цагт Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн байранд зохион байгуулна. Ярилцлагад орох хүмүүс өөрийн сургууль /оюутан, сурагчид/, албан газар /докторантуу/-ын удирдлагаар баталгаажуулсан тодорхойлолтоо авч ирнэ үү.
Нийт сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 4 дүгээр сарын 7-ны өдрийн 12.00 цагт Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн үүдэнд зарлана. Шалгарсан хүмүүсийг ОХУ-ын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлж, холбогдох баримт бичгийг нь илгээх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, нэр дэвшигчийн суралцах хот, сургуулийг хуваарилна. Замын зардал болон эрүүл мэндийн даатгалын төлбөр /200 ам.доллар/-өө суралцагч өөрөө хариуцах бөгөөд хүлээн авах тал үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно (одоогийн байдлаар ОХУ-ын Засгийн газраас бакалаврын оюутанд сар бүр 600 рублийн, аспирант, докторантад 1500 рублийн тэтгэлэг олгож байна).
Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь 1 жилийн орос хэлний бэлтгэл сургалтад хамрагдах боломжтой. Докторын түвшинд хэлний бэлтгэл сургалт байхгүй.
Энэ зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn/)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан булангаас уншиж болно.
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС
МОНГОЛ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Оруулсан Д. Туул, ОУХАА-ны ахлах мэргэжилтэн