link

ШУТИС-ийн герман хэлний сургалт DSH (Deutsche Sprachprüfung für den Hochschulzugang ausländischer Studienbewerber) шалгалтаар дүгнэгдэв
2008-05-07 17:37 Админ

ШУТИС нь 2001 оноос герман хэлний инженерийн бэлтгэл анги нээн сургалт явуулж байгаа билээ. Тус ангид герман хэлний хичээлүүдийг түлхүү үзэхээс гадна ерөнхий эрдмийн хичээлүүд герман хэлээр ордог нь цаашид үргэлжлүүлэн герман хэлтэй оронд суралцах зорилготой оюутнуудын сонирхлыг зүй ёсоор татдаг сургалт юм. ШУТИС ба ХБНГУ-ын Дармштадтын Техникийн Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монголд герман хэлний DSH буюу германы их дээд сургуульд суралцах  герман хэлний түвшинг тогтоож эрх олгодог герман хэлний шалгалтыг Дармштадтын ТИС-ийн герман хэлний багш 4 дэх жилдээ ирж авлаа. Хатагтай Маргот Рэмэ ШУТИС-д хоёр долоо хоног ажиллахдаа оюутнуудад нийт 30 цагийн нэмэлт хичээл заасны дараа шалгалтаа авсан юм. DSH шалгалт нь 3 түвшинтэй бөгөөд хүмүүнлэг, хэлний чиглэлээр суралцах оюутнууд DSH 3, инженерийн чиглэлээр суралцах бол DSH 2, мөн зарим инженерийн анги, коллежид суралцах оюутнууд DSH 1 –д тэнцсэн байх ёстой юм байна. Тэгвэл ШУТИС-ийн германы бэлтгэл ангийн 15 оюутан шалгалтад орсноос 8 оюутан DSH 2, 4 оюутан DSH 1-ийг авсан нь тус сургуулийн герман хэлний болон мэргэжлийн герман хэлний сургалт өндөр түвшинд хүрснийг харууллаа. Шалгалтын сэдвүүд ихэвчлэн техникийн шинжлэх ухааны хэллэгтэй байдаг ч суурь эрдмийн хичээлүүдээ герман хэл дээр үзсэн нь оюутнуудын шалгалтаа амжилттай өгөхөд нөлөөлсөн байна. Шалгалтад тэнцсэн оюутнуудын сертификатыг ШУТИС-ийн ректор Б. Дамдинсүрэн ОУХАА-ы дарга Ц. Сарантуяа, ДТИС-ийн герман хэлний багш М. Рэмэ нар гардуулав.

  

Affiliated schools