link

ЭНЭТХЭГ УЛСАД ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА
2010-01-07 07:37 Админ

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилээс БНЭУ-ын их, дээд сургуульд 40 Бакалавр /байгалийн ухаан (6), хөдөө аж ахуй (6), технологи (6), аялал жуулчлал (2), мэдээллийн технологи (10), инженер (10)/, 20 Магистр /инженер (4), мэдээллийн технологи (6), байгалийн ухаан (6), хөдөө аж ахуй (4)/ гэсэн нийт 60 хүнийг шалгаруулж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулах ярилцлагад оруулна. Энэ ярилцлагаар 30 хүнийг сонгон шалгаруулж, БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистрын сургалтад хамруулна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, бүртгэн, оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй (сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй), 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.  Магистрын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2010 оны 1 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 402 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү. Үүнд: Иргэний үнэмлэх; Ажил байдлын тодорхойлолт; Бакалаврын диплом, дүнгийн жагсаалт; Шалгалтын хураамж 10000 төгрөг.
          Шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай, МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Бүх шалгалтад нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
          Англи хэлний шалгалтыг 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авч, шалгалтын дүнг 1 дүгээр сарын 21-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны үүдэнд зарлана. Шалгалтын босго оноог давсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна.
Бүртгэлийн үед мэргэжлийн шалгалтыг “математик” эсвэл “хими”-ийн хичээлийн аль нэгнээр өгөхөө шалгуулагч сонгоно. Уг шалгалтыг 2010 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын оноо болон ярилцлагад орох хүмүүсийн нэрсийг 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Ярилцлагад орох хүмүүсийг шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан сонгоно.
Ярилцлагад тэнцсэн 30 хүнийг БНЭУ-ын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах сургууль гаргана. Шийдвэр хүлээн авсан хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Замын болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцана.

Жич: Дүнгийн голч оноо 2.0-с дээш оноотой оюутнууд хамрагдах эрхтэй. Бүртгүүлэхийг хүссэн оюутнууд 2010 оны 01 сарын 17-ны дотор ГХХАГазрын 218 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.

 

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар

 

Affiliated schools