link

ШУТИС-ийн 2011-2012 оны хичээлийн жилийн намрын улирлын докторантын мэргэжлийн нэгдсэн шалгалтын удирдамж
2011-12-06 19:29 Админ

Зорилго:

ШУТИС-ийн докторантын мэргэжлийн нэгдсэн шалгалтын зорилго нь докторантурт суралцагчдын мэргэжлийн онолын мэдлэг эзэмшсэн түвшинг үнэлэх,  докторантурын сургалтыг дүүргэсэн гэрчилгээ олгох болзолыг хангасан эсэхийг тогтооход оршино.

Докторантын мэргэжлийн нэгдсэн шалгалтын зохион байгуулалт

  1. 2011-2012 оны хичээлийн жилийн Намрын улирлын докторантын мэргэжлийн нэгдсэн шалгалтыг Ректорын 2011 оны А-63 тоот тушаалаар баталсан “ШУТИС-д магистр, доктор(Ph.D)-ын сургалт явуулах, зэрэг хамгаалуулахад баримтлах журам”-ын 11 дүгээр зүйлийг үндэслэн 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулан явуулна.
  2. Докторантын нэгдсэн шалгалтыг ШУТИС-ийн Ректорын тушаалаар баталсан мэргэжлийн салбар комиссууд авах ба докторант тус бүрээр дүгнэж, протокол хөтөлнө.
  3. Докторантын мэргэжлийн нэгдсэн шалгалт авах  салбар комиссыг 3-аас доошгүй эрдэмтний бүрэлдэхүүнтэй (гадны байгууллагаас нэг эрдэмтнийг оролцуулан) байгуулах бөгөөд докторантурын сургалт явуулж буй бүрэлдэхүүн сургуулиийн эрдмийн зөвлөлөөс салбар комисст оруулах гишүүдийн нэрсийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны дотор МДА-нд ирүүлсэн байна.
  4. Мэргэжлийн нэгдсэн шалгалтанд орох болзол хангасан докторантын нэрсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны магистрантур, докторантурын сургалт хариуцсан ажилтан 2011 оны 12 сарын 5-ны дотор МДА-нд ирүүлнэ.
  5. Докторантын мэргэжлийн нэгдсэн шалгалтын зохион байгуулалтыг  Магистрантур, докторантурын алба хариуцна.
  6. Докторантаас мэргэжлийн нэгдсэн шалгалт авсан салбар комиссын гишүүдийн ажилласан цагийн хөлсийг ШУТИС-ийн холбогдох журмуудын дагуу  МДА-аас тооцож олгоно.
  7. Шалгалтын дүнгийн хуудсанд салбар комиссын дарга гарын үсэг зурж, МДА-ны тамга дарж баталгаажуулна.

Салбар комисс дараах үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:

a) Салбар комисс нь мэргэжлийн нэгдсэн шалгалтын материалын агуулга, тестийг боловсруулж комиссын даргаар батлуулан, битүүмжилж 2011 оны 12 дугаар сарын 9-ний дотор МДА-нд  хүлээлгэн өгнө.

b) Мэргэжлийн нэгдсэн шалгалтыг дүгнэхдээ ШУТИС-ийн Ректорын 2011 оны А-63 тоот тушаалаар баталсан “ШУТИС-д магистр, доктор(Ph.D)-ын сургалт явуулах, зэрэг хамгаалуулахад баримтлах журам”-ын 9.9 дүгээр зүйлд заасан аргачлалыг үндэслэнэ.

c) Мэргэжлийн нэгдсэн шалгалтыг мэдлэг шалгах тест болон мэргэжлийн ярилцлага гэсэн хоёр хэлбэрээр авч, нэгтгэн дүгнэнэ.

d) Салбар комисс нь шалгалтанд орсон докторант бүрийг нийт 100 хүртэл оноогоор дүгнэх бөгөөд үүнд тестийн шалгалт 60 хүртэл оноо, ярилцлага 40 хүртэл  оноогоор дүгнэгдэнэ.

e) Салбар комисс шалгалт авсан материал, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн шалгалтын протокол, дүнгийн хуудсын хамт МДА-нд хүлээлгэн өгнө.

 

 

Мэргэжлийн нэгдсэн шалгалтын агуулга нь ШУТИС-ийн тухайн мэргэжлийн докторантурын  сургалтын төлөвлөгөөний агуулга, стандартын түвшинд байх бөгөөд “B-” ба түүнээс дээш үнэлгээтэй шалгагдсан тохиолдолд докторантыг шалгалтанд тэнцсэнд тооцно.

Мэргэжлийн нэгдсэн шалгалтанд орох докторантад тавигдах шаардлага

Мэргэжлийн нэгдсэн шалгалтанд орох докторант нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

- Сургалтын төлөвлөгөөнд заагдсан нийт хичээлийг бүрэн судалж дүүргэсэн байх

- 2011-2012 оны хичээлийн жилийн Намрын улирлын “Докторантурын сургалт, судалгааны ажлын түвшин тогтоох” сарын ажлын хүрээнд сургалт, судалгааны ажлаа хэлэлцүүлэн, зохих шаардлагыг хангасан байх

- Мэргэжлийн нэгдсэн шалгалт өгөх докторант нь ШУТИС-ийн Ректорын 2011 оны А-200 тоот тушаалаар баталсан “ШУТИС-д магистр, доктор(Ph.D)-ын сургалтын кредит бүрдүүлэлт, төлбөрийн хуваарилалтыг зохицуулах түр журам”-ын 3.1.-ийг үндэслэн мэргэжлийн нэгдсэн шалгалтын 2 кредитийн төлбөрийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний дансанд 2011 оны 12 дүгээр сарын 5-ны дотор төлсөн байх

- Шалгалтанд докторантурт суралцагчийн үнэмлэхтэй  ирэх.

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА

 

 

Affiliated schools