link

ПАРИС, УЛААНБААТАР – АРХИТЕКТУР, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН СУРГАЛТ, СУДАЛГАА /АТЕЛЬЕ/
2014-10-03 19:55

2013 оны 9 дүгээр сард хот төлөвлөлт, архитектур мэргэжлээр суралцаж буй Франц, Монгол оюутнуудын хамтарсан баг Улаанбаатар хотод хот төлөвлөлтийн чиглэлээр олон улсын ателье буюу хамтарсан сургалт, судалгааны ажил зохион байгуулж ажилласан билээ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар, Нийслэлийн Зураг Төслийн Хүрээлэн, Монгол улс дахь Францын Элчин Сайдын Яам, Парисын Хот Төлөвлөлтийн Ателье /АPUR/ зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр ШУТИС-ын Барилга Архитектурын Сургууль болон Парис Ла Виллетийн Архитектурын үндэсний сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд франц, монгол нийлсэн 19 оюутан хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэгт ажиллаж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний асуудлуудын шийдэл боловсруулан хамтарч ажилласан.  

Хамтарсан ательегийн эхний өдрүүдэд Улаанбаатар хоттой танилцах аялал хийсэн бөгөөд үүгээрээ хотын орчин, хэмнэл, орон сууцны хороолол, тэдгээрийн оршин суугчдын амьдралын хэв маягтай танилцах боломжийг олж авсан. Энэ танилцах аялал нь хотын үл анзаарагдах хэсгүүд, засаг захиргааны зохион байгуулалт, тэдгээртэй холбоотой асуудлууд, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэргийн талаар ойлголтыг танилцуулсан.

Хамтран ажилласан 2 долоо хоногийн эцэст хийсэн ажлынхаа талаар НЕТГ, НЗТХ-ээс зохион байгуулсан семинарын үеэр УБ хотын захиргаанд танилцуулсан.

Мөн оюутнуудыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд УБ хотын Захирагч хүлээн авч уулзан, тэдний гүйцэтгэсэн судалгааны талаар санал солилцсон бөгөөд хот төлөвлөлтийн талаар хэрэгжүүлж буй бодлогоo танилцуулав. Хамтарсан ажлын дараа оюутнууд Парис болон Улаанбаатар хотноо тус тусдаа судалгааны сонгосон газруудын архитектур орон зайн төсөл дээр өөрсдийн багш нараар удирдуулан ажиллаа.

 

Парис хотноо, Парис Ла Виллетийн Архитектурын Үндэсний сургуулийн дипломын болон Мастер-2 зэргийн төслийн хүрээнд архитектор Оливье Бушерон болон хотын антропологич Марианита Палумбогийн удирдлага дор франц оюутнууд ажилласан бол Улаанбаатар хотноо ШУТИС-ийн Хотын дизайн хичээлийн хүрээнд ахлах багш, ландшафтын архитектор А.Өэлүн болон багш, архитектор С.Амгалан нарын удирдлагын дор монгол оюутнууд ажилласан.

Энэ жил тус төслийг дахин хэрэгжүүлэн, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Франц Монголын оюутнуудаас бүрдсэн шинэ баг 10 хоногийн турш социализмын үед баригдсан орон сууцны хорооллуудын орчинд судалгааны ажил явуулж, хотын өнгөрсөн, одоо, ирээдүйг харуулсан судалгааны төсөл дээр ажиллаж тайлан хурал, үзэсгэлэнг 9дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Affiliated schools