link

“Хүнсний үйлдвэрийн ирээдүй-үндэсний брэнд” онол-практикийн бага хурал болов
2014-12-09 17:11
“Монгол Улсын эдийн засгийн форум-2013”-аар монгол үндэсний брэнд, түүний дотор амьтны гаралтай хүнсний брэнд буй болгох асуудлыг хэлэлцэж, энэ талаар төр, хувийн хэвшил, иргэний нэгдмэл үйл ажиллагаа чухал болохыг онцолсон билээ. Брэндийн талаарх ойлголт болон“Хүнсний тухай хууль”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, сурталчлах ажлын хүрээнд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн профессор Л.Дамдинсүрэнгийн санаачлагаар энэ оны 11 дүгээр сарын 20-нд“Хүнсний үйлдвэрийн ирээдүй-Үндэсний брэнд” онол-практикийн бага хурлыг ҮХААЯ-тай хамтран амжилттай зохион байгуулав.
 
Хурлыг ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нээж “...энэ хурлын гол зорилго нь эх орны байгалийн түүхий эд, уламжлалт мэдлэгийн нөөц, гадаад орны туршлагад тулгуурлан хүнсний брэнд буй болгох онолын үндсийг тодорхойлж, бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тогтоох” гэж онцлон тэмдэглэв.Онол-практикийн энэхүү бага хуралд Монголын байгалийн цэвэр брэнд буй болгох арга зүй, үйл ажиллагаанд чиглэсэн үндсэн 5 илтгэл хэлэлцсэн бөгөөдуг хуралд хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын захирал, тэргүүлэх менежерүүд, эрдэмтэд, багш нар, ҮХААЯ-ны салбарын бодлого зохицуулалтын газрын дарга, ажилтнууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, оюутны төлөөлөл нийт 200 орчим хүн оролцож, санал, бодлоо нэгтгэв.
 
ҮХААЯ-ны Хүнсний Үйлдвэрийн Бодлогын ХэрэгжилтийгЗохицуулах газрын дарга Г.Нандинжаргал“Хүнсний салбарын2014 оны зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон 2016-2024 он хүртэл авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар илтгэхдээхүн амын хүнсний хангамж, баталгааг буй болгоход хүнсний аж үйлдвэрийн гүйцэтгэж байгаа үүргийг үнэлж, цаашдын хөгжлийн зорилтуудыг тодруулав. Профессор Л.Дамдинсүрэн “Монголын байгалийн цэвэр брэнд буй болгох арга зүй, үйл ажиллагааны чиглэл” илтгэлдээ <<...Монголын байгалийн хүнсний бүтээгдэхүүний шинж чанарын үл давтагдах онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, брэндийн бэлэгдлийг олон улсын зах зээлийн нийтлэг зарчмын дагуу оновчлоход бизнес-шинжлэх ухааны хамтын ажиллагааг чиглүүлэх хэрэгтэй>> гэж дүгнээд зорилтот зах зээлийг сонгох, сегментчилэх, брэндийн орон зайг тогтоох, зах зээлд нэвтрүүлэхэд олон улсын байгууллага, гадаадын зөвлөх үйлчилгээ чухaл гэдгийгтодорхой тайлбарлан ярив.
Хурлын төгсгөлд өргөн хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр Монголын байгалийн цэвэр түүхий эдэд суурилсан брэнд буй болгох бодлого, үйл ажиллагааны талаар зөвлөмж гаргалаа. “Хүнсний үйлдвэрийн ирээдүй-Үндэсний брэнд” онол-практикийн бага хурлын үндсэн болон хавсралт илтгэлүүд, бусад холбогдох материалыг багтаасан эмхтгэлийг хэвлүүлж олны хүртээл болголоо.
Мэдээ бэлтгэсэн:
ШУТИС. Үйлдвэрлэлийн технологийн сургууль.Ц.Сэлэнгэ

Affiliated schools