link

ОХУ-ын есөн сургуульд ажлын айлчлал хийлээ
2014-12-10 18:33
ШУТИС-ийн ГХХА-ны проректор П.Жаргалтуяа, ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар нар 2014 оны 11 дүгээр сарын 19-26-ны өдрүүдэд ОХУ-ын Москва болон Екатеринбург хотын хамтын ажиллагааны гэрээтэй их дээд сургуулиудын лаборатори, сургалт судалгааны үйл ажиллагаатай танилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр тус улсын 9 сургуульд ажиллаа.
Москвагийн Барилгын улсын их сургууль, Губкиний нэрэмжит нефть, хийн технологийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээг сунгах болон төлөвлөгөөнд тусгагдах ажлуудын талаар санал солилцов.
Мөн Уралын Уул уурхайн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож, ШУТИС-мйн Ректорын мэндчилгээг уламжиллаа. Энэхүү арга хэмжээнд ГУУС-ийн захирал Б.Чинзориг, сургалтын мастер, тус сургуулийн төгсөгч А.Тэмүүлэн нар оролцлоо.
 
Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн улсын их сургууль, Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн орчин үеийн сургалт судалгаанд ашиглагдаж буй лабораторитой танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлээр ярилцав.
Москвагийн Хүнс үйлдвэрлэлийн улсын их сургууль, Москвагийн Технологи, дизайны их сургууль, Москвагийн Уул уурхайн улсын их сургуулиар айлчлан, сургуулийн удирдлага, профессор багш нартай уулзаж хамтын ажиллагааны гэрээний биелэлт, гэрээний хүрээнд цаашид хийгдэх ажлуудын талаар санал солилцон, ажлын төлөвлөгөөнд тусгахаар тогтов.
 
Энэхүү айлчлалын үр дүнд манай сургуулийн урилгаар Москвагийн Барилгын улсын их сургуулийн проректор Элена Гогина, захирал Борис Моханов нар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн тэргүүн проректор Матерн Анатолий Иванович болон бусад албаны хүмүүсийн хамт 2014 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд манай сургуульд ажиллахаар боллоо.
 
Номын сангийн хамтын ажиллагааны хүрээнд
ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар ОХУ-ын Их дээд сургуулиудын номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээтэй танилцан, “Горная книга”, “Издательство АСВ”, “Издательский дом МЭИ” хэвлэлийн газруудтай номын захиалга, хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар санал солилцож, тус хэвлэлийн газруудад ШУТИС-ийн профессор, багш нарын захиалсан барилга, архитектур, геологи, уул уурхай, эрчим хүчний чиглэлийн нийт 184 төрлийн 190 гаруй ном, сурах бичиг, гарын авлагыг авахаар боллоо.
 
Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн их сургуулийн дэргэдэх хэвлэлийн газар, профессор багш нарын эрдэм шинжилгээний өгүүлэлийг ВАК-аар хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдэд хэвлүүлэх талаар харилцан тохиролцов. Мөн “Издательский дом МЭИ” хэвлэлийн газар Шинжлэх ухаан технологийн төв номын сантай хамтран ажиллахаар болж, Монгол дахь салбараа ШУТИС-д нээх хүсэлтийг ректор Б.Очирбатад уламжилсан болно.

Affiliated schools