Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/138 тоот тушаалаар БНСУ-ын Ионсей Их Сургуулийн профессор Ү Нам Чилд тус сургуулийн “Хүндэт профессор” цол олгохоор шийдвэрлэсний дагуу Хүндэт профессор цол олгох ёслолын ажиллагааг 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд амжилттай зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн, ГУУС-ийн захирал доктор Б.Чинзориг, Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн багш нар оролцлоо.
Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Б.Очирбат үг хэлж, Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш ректорын тушаал болон товч намтарыг нь уншиж танилцууллаа. Үүний дараа Хүндэт профессорын өмсгөл, дипломыг гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээжийг өргөн барилаа. Хүндэт профессорт баяр хүргэн ГУУС-ийн захирал Б.Чинзориг, Геологи, гидрогеологийн тэнхимийн профессор Н.Батсүх нар үг хэллээ.
Шинжлэх ухаан технологийн их сургуульд оруулсан хувь нэмрийг дурдвал:
· ГУУС-ийн Гидрогеологи-геоэкологийн профессорын багтай 2007 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд Ионсой их сургуульд ШУТИС-ийн залуу 2 багшийг удирдаж докторын зэрэг хамгаалуулсан ба ШУТИС-ийн 1 төгсөгчийн магистрын дипломыг удирдаж хамгаалуулсан байна.
· Уурхайн усны судалгаа ба байгаль орчинд ээлтэй менежментийн хөтөлбөр боловсруулсан ба "Усны нөөцийн тогтвортой байдлын судалгаа ба байгаль орчинд ээлтэй менежмент", "Улаанбаатар хотын газар доорхи усны чанарын судалгаа" сэдэвт төсөл хэрэгжүүлэн ажилласан.
· ГУУС-ийн материаллаг баазыг бэхжүүлэхэд 20 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын багаж, тоног төхөөрөмжийг бэлэглэж, оюутны судалгааны ажил гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн байна.
· Мэргэжлийн ном сурах бичиг 2 сая төгрөгийн үнэ бүхий ном сурах бичиг хандивлан, газар доорх усны бохирдлоор сургалт семинар зохион байгуулж байсан.
· Солонгосын мэргэжлийн байгуулагуудтай хамтран ажиллах суурийг тавин эрдэм шинжилгээний хуралд багийн багш нарын зардлыг даан оролцуулж байсан.
· Олон улсын мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүлд (Environmental Earth Science) хамтарч өгүүлэл хэвлүүлэх зэргээр багш судлаачдыг дэмжиж ажилладаг эрдэмтэн юм.
БНСУ-ын Ионсей Их Сургуулийн профессор Ү Нам Чилд ШУТИС-ийн Хүндэт профессор цол хүртсэнд баяр хүргэн эрүүл энх аз жаргал хүсээд эрдэм ном түгээн дэлгэрүүлдэг хамгийн буянтай үйлс тань арвижин дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.