link

“Гурил үйлдвэрлэлийн технологи” мэргэжлийн анхан шатны сургалт боллоо
2015-04-22 17:22
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн салбараас эрхлэн гурилын үйлдвэрийн ажилчдад зориулсан “Гурил үйлдвэрлэлийн технологи” мэргэжлийн анхан шатны сургалтыг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдрийн хооронд зохион байгуулав. ШУТИС-ийн ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, Хүнсний Инженерчлэлийн Салбарын эрхлэгч Я.Алтанцэцэг, ахлах багш Э.Энхцэцэг, багш Ч.Норов, Ц.Минжмаа нар онол, практик хосолсон нийт 3 кредит цагийн хичээл зааж сургалтыг хөтөлбөрийн дагуу амжилттай явууллаа.
 
Сургалтаар үр тариа хадгалах, боловсруулах, гурил үйлдвэрлэх технологи, гурил үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, гурилын үйлдвэрийн хөдөлмөр хамгаалал, хүнсний буудай болон буудайн гурилын стандарт, гурилын үйлдвэрийн чанарын хяналтын тогтолцоо гэсэн үндсэн сэдвүүдээр онолын хичээл оров. Мөн буудай болон буудайн гурилын чанарыг стандарт аргаар тодорхойлох дадлагын хичээлийг ҮТС-ийн Сургалт судалгааны төвд орсны зэрэгцээ “Милл Хаус” ХХК-ийн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
 
Сургалтанд” Энсада” ХХК, Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Алтан дуулга” ХХК-ийн гурилын үйлдвэрийн ажилчид хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд ярилцлага, шалгалт авч сертификат гардуулав.
 
Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хүнсний инженерчлэлийн салбар

Affiliated schools