link

ШУТИС-ийн Хүндэт профессор цол олгов
2015-05-28 00:40
ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар Монгол Улсын зөвлөх инженер, ЭХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Монгол Улсын зөвлөх инженер ДЦС-3 ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Ганбаатар нарт ШУТИС-ийн Хүндэт профессор цол олгосныг ШУТИС-ийн ректор Б.Очирбат гардуулан өглөө.
Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректорын зөвлөлийн гишүүд, хүндэт профессор цол хүртэж буй Ц.Баярбаатар, Б.Ганбаатар нарын хамт олон, гэр бүлийн хүмүүс нь оролцож баяр хүргэлээ. Хүндэт профессор цол олгох тухай тушаалыг проректор Ч.Баасандаш, танилцуулгыг Хөгжлийн бодлого, эрдмийн ба хүндэт цолны нарийн бичгийн дарга Л.Пүрэв уншиж танилцуулав. Мөн хүндэт профессор цол хүртсэн Ц.Баярбаатар, Б.Ганбаатар нарт баяр хүргэж ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ЭХС-ийн профессор Б.Мандах нар үг хэлсэн юм.
МУ-ын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ШУТИС-ийн Хүндэт профессор Ц.Баярбаатарын ШУТИС-д оруулсан хувь нэмэр:
  • ШУТИС-ийн ЭХС-ийн материаллаг бааз бэхжүүлэх чиглэлээр системийн лабораторыг шинэчлэн байгуулж, ДЦС-4 ТӨХК-ний реле хамгаалалт автоматик, түлш дамжуулах цехийн конверийн автоматжуулалт удирдлагын чиглэлүүдээр болон эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа олон асуудлаар ШУТИС-ийн ЭХС-ийн доктор, профессор багш нартай хамтран 300-иад сая төгрөгний төсөл, эрдэм шинжилгээ, гэрээт ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
  • ДЦС-2 ТӨХК-ний дэргэд Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор дээр бакалавраар төгссөн инженерүүдийг үйлдвэрийн дадлагад сургах сургалтын хөтөлбөрийг нээсэн.
  • Эрчим хүчний сургуульд цахилгаан дамжуулах сүлжээний иж бүрэн лабораторийг тохижуулж ашиглалтанд оруулсан.
  • ЭХС-д Цахилгаан хөдөлгүүрийн лабораторийг БНЧУ-ын засгийн газартай хамтран байгуулж ашиглалтанд оруулсан.
МУ-ын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, ДЦС-3 ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер, ШУТИС-ийн Хүндэт профессор Б.Ганбаатарын ШУТИС-д оруулсан хувь нэмэр:
  • ЭХС-д ДЦС-ын иж бүрэн лаборатори байгуулах ажилд санхүүгийн болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулж ажилласан.
  • Монгол Улсад ажиллаж буй ДЦС-ууд, ялангуяа зуухны ашиглалтын үед үүсдэг түгээмэл доголдол, бэрхшээлийн учир шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах чиглэлээр эрдэм шинжилгээний ажил тасралтгүй хийж шинэ бүтээл 5, оновчтой санал 10 гаруйг гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мөн 20 гаруй илтгэл, өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Улаанбаатар хотын уурын сүлжээний шинэчлэл, станцын дулаан хангамжийн дотоод системийн горим тохируулга, техникийн усны алдагдлын хэмжээг бууруулах зэрэг улс оронд нэн чухал ач холбогдолтой төслүүдийг Эрчим хүчний сургуулийн багш нартай хамтран хэрэгжүүлсэн. 
  • ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран Станцын уур, ус, конденсатын алдагдал, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг бууруурах, ТЭЗҮ-г сайжруулахад чиглэсэн 250-иад сая төгрөгийн эрдэм шинжилгээ, гэрээт ажил хийсэн байна.
  • ШУТИС-ийн оюутны үйлдвэрлэлийн дадлагыг чанартай явуулах, ЭХС-ийн сургалтын лабораторийн баазыг бэхжүүлэх, залуу багш нарт судалгаа, шинжилгээний ажил явуулахад нь туслалцаа үзүүлэх зэргээр дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан.
  • ЭХС-ийн болон салбарын судлаачдын эрдмийн ажлын чанар үр өгөөжийг дээшлүүлэх, тэдний бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор 2000 оноос ЭХС-тай хамтран 2 жил тутамд багш нарын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, оюутны дунд мэргэжлийн уралдаан олимпиад зохиох зэрэг үйл ажилагааг санаачилж, санхүүгийн дэмжлэг байнга үзүүлсэн.
Эрчим хүчний салбар болон дээд боловсролтой инженер техникийн мэргэжилтэн бэлтгэхэд олон жил үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллаж буйг ЭХС-ийн хамт олон өндөрөөр үнэлж Ц.Баярбаатар, Б.Ганбаатар нарыг “Хүндэт професор” цолд нэр дэвшүүлсэн байна.

Affiliated schools