link

Азийн Хоолзүй, шим тэжээл судлалын нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны 12-р их хуралд оролцов
2015-05-28 21:55
Азийн Хоолзүй, шим тэжээл судлалын нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо(Federation of Asian Nutrition Societies)-той хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Йокохама хотод болсон Азийн шим тэжээл судлалын 12-р их хуралд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш Г.Энхтайван “Present nutrition status of Mongolian population” сэдэвтэй илтгэл тавьж хэлэлцүүлсэн ба түүнтэй хамт Монгол улсыг төлөөлж Нийслэлийн захирагчийн ажлын албанаас болон бусад байгууллагаас хоолзүй, шим судлал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн 12 төлөөлөгч оролцжээ.
Азийн шим тэжээл судлалын их хурал нь шим тэжээл судлал, хүнсний чиглэлийн Азийн болон дэлхийн улс орнуудын эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжих, мэдлэг, мэдээлэл солилцох зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ удаагийн хурал нь “Урт наслалтын төлөөх шим тэжээл, хоол хүнс: хүн бүрийн сайн сайхны төлөө” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа нь өнөөдрийн шим тэжээл судлалын олон чиглэлийн нэгдмэл зорилгыг илэрхийлж байна.
 
Япончууд дэлхийд хамгийн урт наслалттай орон гэдгээрээ танигдсан бөгөөд эрүүл хооллолт, японы уламжлалт хоолны соёл (“Washoku” хэмээн дэлхийд танигдсан), маш зөв менежмент бүхий Сургуулийн үдийн хоол, шим тэжээлийн боловсролын систем (“Shokuiku” хэмээн дэлхийд танигдсан) нь энэ орны иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн гэж үздэг юм байна. Эдгээр шалтгаан нь энэ удаагийн хурлын урианы үндэслэл болжээ.
Уг хуралд 5 бүгд хуралдаан, шим тэжээлийн боловсролын 13 бүрэн хэмжээний лекц, 174 лекц бүхий 48 зөвлөгөөн, семинар, Азийн Хоолзүй, шим тэжээл судлалын нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны гишүүн орнуудын илтгэлүүд болон 1500 гаруй аман болоод ханын илтгэлүүд тавигдаж, шим тэжээл судлалын боловсрол олгох аялал зохион байгуулж, 50 гаруй орны 4000 шахам төлөөлөгч хуран чуулсан байна.
 
 
Мэдээлэл бэлтгэсэн ҮТС, Биотехнологи, шим тэжээл судлалын
салбарын дэд проф. Г.Энхтайван

Affiliated schools