link

ШУТИС-ИЙН РЕКТОР Б.ДАМДИНСҮРЭН МОСКВА ХОТОД АЖИЛЛАСАН ТУХАЙ
2009-02-05 21:29 Админ

ШУТИС-ИЙН РЕКТОР Б.ДАМДИНСҮРЭН  МОСКВА ХОТОД

АЖИЛЛАСАН ТУХАЙ

 

      2009 оны 1-р сарын 25-наас 2-р сарын 1-ний өдрүүдэд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Москва хотын их дээд сургуулиуд дээр ажиллав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Барилгын инженер, архитектурын сургуулийн дэд захирал Ц.Цацрал, их сургуулийн төв номын сангийн захирал Ч.Гүльнар, Москва дахь төлөөлөгч Л.Гүрбазар нар орсон юм.

      Энэ хугацаанд ШУТИС, бүрэлдэхүүн сургууль болон Москвагийн их дээд сургууль хооронд хамтын ажиллагаа тогтоосон сургуулиуд дээр ажиллалаа. Үүнд :

1.    Москва хотын уулын их сургууль

 

Тус их сургуулийн урилгаар их сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээ ," Неделя горняка-2009 " сэдэвт эрдэм шинжилгээний симпозиумд оролцов.

Уулын их сургуулийн ректор, профессор А.Н.Корчак-тай уулзлаа. Уулзалтын үеэр ШУТИС,УУИС-ийн хамт олны өмнөөс 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж их сургууль болон уул уурхайн инженерийн сургуулийн дурсгалын бэлгийг гардуулав.Хоёр сургуулийн ректорууд өөрийн сургуулийн тухай товч мэдээлэл хийж цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Ректор Б.Дамдинсүрэн - Москвагийн уулын их сургууль , ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай протокол 2003 онд байгуулсан тухай мэдэгдээд сургалтын материаллаг бааз  дутагдалтай мэргэжлээр хамтарсан хөтөлбөр (2+2, 3+1) хэрэгжүүлэх, хамтарсан шинэ мэргэжил нээх , уулын салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг авч үзэх асуудлыг санал болгов.

Ректор А.Н.Корчак - Хоёр сургуулийн хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байна. Эхлээд хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулъя. Энэхүү гэрээг үндэслэн ажлын хөтөлбөр ( баримт ) гаргая. Хөтөлбөрт Таны тавьсан саналыг тусгах хэрэгтэй. Танай тал Гэрээний төслөө ирүүлэх хэрэгтэй. Гол нь мэргэжлийн тэнхим, профессоруудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хамтран хийх, багш, эрдэм шинжилгээний ажилтан харилцан солилцох асуудлыг тусгая.  Хамтарсан хөтөлбөр (2+3, 4+2) -ийн хувьд Боловсрол шинжлэх ухааны яамны шийдвэр, хууль эрх зүйн баримт байгаа эсэхийг судлая. Танай сургууль, Москва дахь төлөөлөгч манай сургуулийн гадаад харилцааны хэлтэстэй тохирч хамтран баримт бичиг боловсруулах хэрэгтэй гэлээ .

 

2.    Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургууль

 

Ректор Б.Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг тус сургуулийн ректор, академич И.Б.Федоров, гадаад харилцаа эрхэлсэн проректор, профессор Г.П.Павлихин нар хүлээн авч уулзав. Уулзалтанд компьютерийн систем, мэдээллийн технологийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор С.С.Гаврюшин, доктор Д.Ганбат, багш Р.Найдандорж нарын эрдэм шинжилгээний ажлын удирдагч  нар оролцлоо.

Сургуулийн ректорууд сургуулийнхаа талаар харилцан мэдээлэл хийж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ректор И.Б.Федоров - Хоёр их сургуулийн хооронд 2000 оны 4 сард сургалт, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны гэрээг  байгуулсан бөгөөд тус гэрээ нь 5 жил тутамд сунгагдаж буйг мэдээлээд цаашид шинжлэх ухаан, техникийн бүх чиглэлээр холбоо тогтоон хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Мөн 2008 оны 4 сард ШУТИС дээр зохион байгуулагдах техник, технологийн номын үзэсгэлэнд хэвлэлийн газраа оролцуулна гэдгээ мэдэгдлээ.

Профессор С.С.Гаврюшин доктор Д.Ганбатыг докторантурт ирүүлэх, шороон алт цэвэрлэх туршилт хийхэд зориулж концентрант илгээх, Р.Найдандоржийг сургууль дээрээ ирж эрдмийн зэргээ хамгаалахыг хүсэв.

Ректор Б.Дамдинсүрэн - сургууль хоорондын хамтын ажиллагаанд хөгжил дэвшил байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд тус сургуулиас гурван багш аспирантурт суралцаж, багш Д.Ганбат эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан нь Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургуулийн  хувьд Монголын анхны эрдэмтэн болсныг сонордуулав. Цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тавьсан саналыг дэмжээд техникийн чиглэлээр аспирант, оюутан хүлээн авч хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу улсын шугамаар суралцуулах хүсэлт тавив. Хавар зохион байгуулагдах орос хэл дээрх номын үзэсгэлэнд оролцох шийдвэр гаргасанд талархлаа илэрхийллээ.

Энэ оны намар их сургууль байгуулагдсаны 50 жилийн ой болно гээд сургуулийн ойд хүрэлцэн ирэхийг урив.

Уулзалтын дараа сургуулийн эрдэм шинжилгээ, түүхэн музей үзэж сонирхлоо.

 

3.    Москва хотын Эрчим хүчний дээд сургууль (техникийн их сургууль )

 

Тус сургуулийн ректор, гадаад харилцаа эрхэлсэн проректор нар гадаадад томилолтоор явсан учир төлөөлөгчдийг эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, профессор Н.В.Скибицкий, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Михаил Александрович нар хүлээн авч сургуулийнхаа талаар танилцуулав.

Н.В.Скибицкий - Эрчим хүчний сургууль нь Оросын Холбооны Улсын хэмжээнд Эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгэх 4 чиглэлээр стандарт боловсруулан бакалавр, магистр бэлтгэж байгаа бөгөөд 2007 онд их сургуулийн боловсролын инновацийн хөтөлбөрийн уралдаанд шалгарч ОХУ-ын тэргүүлэх 40 сургуулийн нэгээр шалгарч цахилгаан станц, аж үйлдвэрийн дулааны эрчим хүчний систем, уурын ба хийн хөдөлгүүрийн тэнхмийн сургалтын лабораторийг орчин үеийн техник хэрэгслээр тоноглов. ЮНЕСКО-ийн шийдвэрээр Москва хот дахь ЮНЕСКО институттай хамтран орос хэл дээр гадаадын иргэдийг давтан бэлтгэж эхлээд байна. Анхны хөтөлбөрт Оросын дээд сургууль төгссөн хэд хэдэн орны 10 мэргэжилтэн хамрагдсан. Хөтөлбөрийн хугацаа 2 сар. Цаашид жилд 2 удаа зохион байгуулах болно. Уг хөтөлбөрт манай сургуулийн төгсөгч танай хүмүүс хамрагдаж болно гэв.

Эрчим хүчний сургууль нь гадаадын техникийн их сургуулиудтай хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жишээлбэл: Киргизийн ТИС, Алма-Ата хотын эрчим хүч, холбооны дээд сургууль. Мөн Мянма, Нигер, Вьетнам улсын элчин сайдын яамтай шууд гэрээ байгуулж гадаадын иргэдийг сургаж байна.

2008 оноос Финлянд улсын Лаппеенрантын техникийн их сургууль, МЭИ-ийн хооронд хоёр диплом олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа тухай ярив.

Ректор Б.Дамдинсүрэн - ШУТИС-ийн тухай товч мэдээлэл өгч, хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх санал тавив.

Москвагийн эрчим хүчний дээд сургуулийн реле хамгаалалт, автоматжуулалтын тэнхмийн тэргүүлэх профессор-багш урьж оюутнуудад лекц уншуулах,аспирант, магистр нарт зөвлөлгөө өгүүлэх, хоёр улсын гэрээний дагуу " нанотехнология" мэргэжлээр оюутан сургах, МЭИ-д докторантур, аспирантурт сурч байгаа багшийг нанотехнологийн курст суралцуулах, МЭИ ба ШУТИС-ийн хооронд хоёр сургуулийн диплом олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх.

2008 онд ШУТИС дээр зохион байгуулагдсан номын үзэсгэлэнд "Издательский дом МЭИ" оролцож бүх номоо бэлэглэсэн, үзэсгэлэнгээс хойш хэвлэгдэн гарсан номноос нэг хувийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаад талархлаа илэрхийлэв. Хэвлэлийн газрын менежертэй уулзан ярилцаж , шинэ ном , сэтгүүл хүлээн авав.

/ 2008 онд хэвлэгдсэн  22 төрлийн 8900 рублийн өргтөгтэй ном бэлэглэсэн болно/.

 

4.    Москва хотын барилга инженерийн их сургууль

 

ШУТИС-ийн төлөөлөгчдийг тус сургуулийн ректор, профессор В.И.Теличенко, гадаад харилцаа эрхэлсэн проректор В.И.Гагин нар хүлээн авч уулзав. Уулзалтанд барилгын дээд сургуулиудын холбооны хэвлэлийн газрын захирал, профессор Н.С.Никитина, суурь боловсролын дээд сургуулийн захирал, профессор В.Н.Сидоров, профессор, шинжлэх ухааны залуу доктор П.Акимов нар оролцов.

Ректор, профессор В.И.Теличенко - Хоёр их сургуулийн уламжлалт хамтын ажиллагааг цаашид эрчимтэй хөгжүүлэх сонирхол их байна. Хамгийн гол нь хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, боловсролын түвшинд нэгдэх явдал чухал байна гэв. Барилгын их сургууль ОХУ-ын боловсролын инновацийн хөтөлбөрт шалгарч сургалтын болон эрдэм шинжилгээ, судалгааны лаборатори, төвүүдийг орчин үеийн шинэ техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглож материаллаг баазаа бэхжүүлж байна. Профессор-багш нарын нийгмийн асуудалд ихээхэн анхаарал тавьсан. Сургуулийн номын санг шинэчилсэн. зайн сургалтын нээлттэй сүлжээ байгуулж ашиглалтанд оруулсан гэв. Өндөр барилгын тэнхим шинээр байгуулж мэргэжлийн салбар нээлээ гэж хэлээд хоёр их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна гэлээ.      

Ректор Б.Дамдинсүрэн - Биднийг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье гээд сургуулийнхаа тухай товч мэдээлэв. Бид өнөөдөр хоёр сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна. Цаашдаа багш нарын мэргэжлийг богино хугацаагаар дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ,судалгааны төсөл хэрэгжүүлэх, профессор-багш урьж ажиллуулах ,ном сурах бичиг солилцох, залуу багш нарыг магистрантур, докторантурт суралцуулах, өндөр барилгаар багш, мэргэжилтэн бэлтгэх, зайн сургалтын нээлттэй сүлжээ ашиглах ,барилгын сургуулиудын холбоонд гишүүнээр элсэх, холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх зэрэг санал тавив. Тавьсан саналыг хүлээн аваад барилгын сургуулиудын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө холбооны ерөнхийлөгч, МГСУ-ийн ректорын нэр дээр ирүүлэх, 5 сард Курск хотод зохион байгуулагдах холбооны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах бөгөөд тус хуралд ШУТИС-ийн барилгын сургуулийн төлөөлөгчийг оролцуулахыг хүсэв.

Төлөөлөгчид МГСУ-ийн зарим сургалтын лаборатори , судалгааны төв, номын сан, зайн сургалтын нээлттэй сүлжээ, багш оюутны цайны газраар орж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Орлогч захирал Ц.Цацрал  нэг өдөр тус сургууль дээр ажиллаж  ном, сурах бичгийн сонголт хийж зарим хүмүүстэй уулзлаа.

"АСБ" хэвлэлийн газраас 45 төрлийн 65 ном авсан болно. / Үүнээс 50 хувийг нь бэлгэнд, 50 хувийг нь худалдаж авсан /

 

5.    Москва хотын автозамын дээд сургууль

 

Төлөөлөгчдийг тус сургуулийн ректор, профессор В.М.Приходько, гадаад харилцаа эрхэлсэн проректор, автотээвэр, автозасварын ашиглалтын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор А.Н.Ременцов, гадаад харилцааны хэлтсийн дарга профессор А.Н.Каледин нар хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтанд ректорын зөвлөх, доктор, профессор В.В.Сильянов оролцов.

Ректор, профессор В.М.Приходько - Хоёр жилийн дараа манай сургууль 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. 127 мэргэшлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Төгсөгчдийн 95 хувь нь ажлын байраар хангагддаг. Жил бүр гадаадын 300 гаруй оюутныг орос хэлний бэлтгэл ангид хүлээн авдаг. Монгол улсаас жил бүр оюутан ирдэг.Төгссөний дараа инженерийн болон анагаахын сургуульд сурдаг гэв.Олон улсын оролцоотой эрдэм шинжилгээний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Инженерийн сурган хүмүүжүүлэх ухаан (инженерная педагогика) гэсэн шинэ салбар нээсэн. Үйлдвэрлэлийн дадлагаар оюутан солилцох боломжтой гэлээ.

2010 оны 2 сард "Автомобиль, автозам" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Тус бага хуралд оролцохыг урив.

Ректор Б.Дамдинсүрэн - ШУТИС-ийн тухай товч танилцуулаад хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэхэд хоёр тал анхаарч ажиллах, багш, эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохиох, хамтарч ном, сурах бичиг бичих, автозамын барилгын салбар / гүүр, туннель, зам/-т хамтарч ажиллах,  мэргэжлийн туслалцаа авах, Автомобиль, автозамын боловсролын олон улсын холбоо (МААДО)-д гишүүнээр элсэх санал тавив.

Бүх чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Зам, гүүр, туннелийн хувьд хамтран ажиллах чиглэлээ өгөх, хамтарсан төв байгуулах, МААДО-д гишүүнээр элсэх саналаа албан бичгээр ирүүлэхийг хүсэв.

Профессор В.В.Сильянов МААДО-ын танилцуулга, дүрмийг өгөв. Дараа нь автозамын удирдлагын автоматжуулсан системийн төвийн үйл ажиллагаатай танилцав.

 

6.    Москва хотын эдийн засаг,статистик,мэдээлэл зүйн улсын их сургууль

 

Тус сургуулийн ректор ээлжийн амралтаа авсан байв. Төлөөлөгчдийг олон улсын төслийн зохицуулалт эрхэлсэн проректор Е.А.Хвилон, сургалт эрхэлсэн проректор В.Г.Минашкин, мэдээллийн технологи хариуцсан проректор А.В.Новиков, төв номын сангийн захирал Б.И.Ростокин, маркетингийн газрын дарга О.В.Свистун, харъяа сургуулиудын захирал нар хүлээн авч сургуулийнхаа үйл ажиллагааг чиглэл тус бүрээр танилцуулж, харилцан санал солилцов. Асуулт хариултын үед ШУТИС-ийн тухай товч мэдээлэл өгч, ШУТИС-ийн сургалт эрхэлсэн проректор 2008 оны намар олон улсын эрдэм шинжилгээ-практикийн бага хуралд оролцож тус сургуулийн удирдлагатай уулзсан тухай мэдээлээд, ШУТИС-ийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж хоёр сургууль хамтарч энэ оны 4 сард Улаанбаатар хотноо "Технология электронного обучения (e-leaning ): возможности и перспективы" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион явуулахаар тогтов. Хуралд МЭСИ европын сургуулиудыг, ШУТИС азийн сургуулиудыг урьж оролцуулах үүрэг авлаа.

Хоёр сургуулийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг шинэчилж 4 сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурахаар харилцан тохиров.

 

7.    Москва хотын электрон техникийн дээд сургууль (Техникийн их сургууль )

 

Төлөөлөгчдийг тус сургуулийн мэдээлэлжүүлэлт, олон улсын үйл ажиллагаа хариуцсан проректор, доктор, профессор С.В.Умняшкин, ОАО "Завод ПРОТОН-МИЭТ"-ийн тэргүүлэх зохион бүтээгч Б.А.Логинов, квантын физик, наноэлектроникийн тэнхмийн эрхлэгч,"Нанотехнологии в электронике" ЦКП-ийн дарга, доктор, профессор В.К.Неволин, МРТУС-ийн тэнхмийн эрхлэгч, доцент В.В.Чистюхин,  орлогч захирал В.А.Беспалов нар хүлээн авч сургуулийн бүтэц, үйл ажиллагаа, сургалт, эрдэм шинжилгээ, зохион бүтээх төвийн тухай мэдээлэл өгөв. Дараа нь радиотехник, телекоммуникацийн лаборатори, "Нанотехнологии в электронике" төв, сургалт-эрдэм шинжилгээний нанотехнологийн комплекс, "Нанофабрик", Зондовый микроскопын лабораторийн үйл ажиллагаатай танилцав.

Ректор Б.Дамдинсүрэн сургуулиа товч танилцуулж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бүрэн боломж буйг нотлоод нанотехнологийн мэргэжлээр оюутан сургах, багш, эрдэм шинжилгээний ажилтан богино хугацаагаар сургах, нанотехнологийн мэргэжил нээхэд тусламж авах, нанотехнологийн лаборатори байгуулах, нанотехнологийн сурах бичиг, гарын авлага, арга зүйн материал захиалж авах, нанотехнологи сэдвээр зохион байгуулж буй хурал, симпозиумд багш, оюутан оролцуулах санал тавив.

Тус сургууль тавьсан саналыг хүлээн авч хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд   удирдлагууд сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

 

 

8.    Москва хотын холбоо, мэдээллийн их сургууль

 

Ректор Б.Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчдийг Холбоо мэдээллийн их сургуулийн ректор А.С.Аджемов, гадаад харилцаа эрхэлсэн проректор И.А.Захаров, гадаад харилцааны хэлтсийн дарга О.Н.Каприелова нар хүлээн авч уулзан, сургуулиа танилцуулав. Номын сангийн үйл ажиллагаатай  нь танилцав.

Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн баталгаажуулахаар  тохиролцлоо.

 

9.    "Горная книга"  хэвлэлийн газарт зочилж ,үйл ажиллагаатай нь танилцав

 

Хэвлэлийн газрын ерөнхий захирал Л.Х.Гитис байгууллагынхаа одоо ба ирээдүйн хөгжлийн талаар мэдээлэл хийж, ШУТИС-д уулын салбарын ном, сурах бичиг тогтмол нийлүүлж байна гэв. 2008 онд ГИАБ-ын тусгай дугаарыг "Монголия" нэртэйгээр хэвлэн гаргасан гэлээ.

 

10. ШУТИС-иас Москва хотын их, дээд сургуулийн докторантур, аспирантурт суралцаж буй ЭХИС-ийн багш Загдхорол, Пүрэвсүрэн, ГГТС-ийн багш Оюунтөгс, ХБТС-ийн багш Ч.Цэнд-Аюуш, КтМС-ийн багш Наранцэцэг нартай уулзаж, тэдний эрдэм шинжилгээний ажлын явцтай танилцаж, санал хүсэлтийг нь сонсож зарим асуудлыг нь сургуульд нь тавихаар болов.            

 

Affiliated schools