Суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох харилцааг Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар зохицуулна.
Бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр, мөн дэд бакалавр хөтөлбөрөөр суралцах иргэнд хөнгөлөлттэй зээл олгоно.
Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг авах суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Монгол улсын иргэн байх;
- Тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлийн үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх;
- Боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцагч байх, эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллага (ШУТИС энэ шаардлагыг хангасан)-д суралцдаг байх;
- Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх;
- Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “өрийн мэдээллийн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх.
Дээрх нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна.
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагад (ШУТИС-ийн байгууллагын магадлан итгэмжлэл 2034 он хүртэл хүчин төгөлдөр хугацаатай) дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцдаг байх;
- Элсэн суралцагч дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсэлтийн босго оноонд хүрсэн, магистр, докторын хөтөлбөрт суралцах бол өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 2.8-аас доошгүй байх;
- Дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагчийн голч дүн 3.0-оос доошгүй байх.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах суралцагч дараах баримт бичгийг бүрдүүлж, бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн сургалтын албанд 2025 оны 8 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 05-ны (ажлын) өдрүүдэд өгнө.
Баримт бичгийг сургалтын албаны ажилтан хянах ба шалгуур хангасан суралцагчтай Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/301 дүгээр тушаалын 10 дугаар хавсралтаар батлагдсан “Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ” байгуулна.
Бүрдүүлэх баримт бичиг:
I. Хичээл сонголт 2 хийхийн өмнө:
- Хүсэлт (батлагдсан маягтын дагуу, өргөдөл хэсэгт оюутан өөрийн болон эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг нэмж бичнэ);
- Иргэний үнэмлэх, эсхүл лавлагаа (суралцагч, эцэг эх, асран хамгаалагч);
- Дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэгч бол элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар, техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч бол дипломын хуулбар;
- Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн хуудас;
- “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй (хугацаа хэтэрсэн зээлийн өргүй) тухай лавлагаа И монгол системээс;
- Эрсдлийн даатгалын хураамж төлсөн баримт.
II. Хичээл сонголт-2 хийсний дараа:
- Тухайн улиралд судлах хичээлийг баталгаажуулсан тодорхойлолт;
- Сургалтын төлбөрийн нэхэмжлэл.