link

"Хөргөлт инженеринг" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2026-04-17 16:24 Батзориг

Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) болон “Хөргөлт Инженеринг” ХХК-ийн хооронд хөргөлт, халаалт, агаар сэлгэлтийн салбарын хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Хамтын ажиллагааны санамж бичигт 2026 оны 04 сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд ШУТИС-иас Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Гадаад харилцааны албаны дарга Г.Батзориг, Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа, ЭХС-ийн Сургалт, чанарын албаны дарга Ч.Улам-Оргил, Дулаан хангамж, автоматжуулалтын тэнхимийн эрхлэгч П. Бямбацогт нар, “Хөргөлт Инженеринг” ХХК-иас Гүйцэтгэх захирал Ж.Баярдэлгэр, Ерөнхий зөвлөх Д.Ариунбаатар, Ерөнхий менежер А.Сүхбаатар, Төслийн координатор Ө.Анхболор болон IT,  маркетинг харилцааны мэргэжилтэн Д.Балжинням нар оролцлоо.

  

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллахаар тохиролцлоо. Тухайлбал:

  • Сургалт, дадлага: Оюутнуудыг үйлдвэрлэлийн бодит орчинд ажиллуулах, мэргэжлийн дадлага хийх боломжоор хангах, төгсөгчдийг ажлын байранд зуучлах.
  • Судалгаа, инновац: Хөргөлт, халаалтын системийн эрчим хүчний хэмнэлт, дотор агаарын чанар болон шинэ технологийн туршилт, судалгааг хамтран гүйцэтгэх.
  • Олон улсын хамтын ажиллагаа: Гадаадын их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, салбарын байгууллагуудтай хамтарсан сургалт, олон улсын семинар зохион байгуулах.
  • Сургалтын орчин: ШУТИС-ийн сургалтын орчин, лабораторийн баазыг бэхжүүлэхэд “Хөргөлт Инженеринг” ХХК-ийн зүгээс орчин үеийн тоног төхөөрөмж, инженерийн шийдлээр дэмжлэг үзүүлэх.

 

Энэхүү хамтын ажиллагаа нь мэргэжлийн боловсрол, судалгаа, үйлдвэрлэлийн уялдааг шинэ шатанд гаргаж, салбарын чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг талууд онцоллоо. Дашрамд дурдахад тус компаний гурван ажилтан "30+ 3" хөтөлбөрөөр амжилттай суралцаж байна.

 

Гадаад харилцааны алба

Сургалтын бодлого зохицуулалтын алба

Эрчим хүчний инженерчлэлийн сургууль

Affiliated schools