СНББА танилцуулга

ШУТИС-ийн Санхүү эдийн засгийн газрын түүхэн товчоо, танилцуулга

 

ШУТИС-ийн түүхэн хөгжлийн үе шатуудад тус сургуулийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа өөрийн гэсэн бодлого, төлөвлөгөөтэйгээр, тодорхой үр дүнтэй  явагдаж ирсэн.

Сургуулийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны талаар 1950-1980-аад он хүртэлх судалгааны тоо материал хомс байгаагийн зэрэгцээ сургуулийн 40 жилийн ойн номонд бага зэрэг орсон байгаа тул 1980-аад оны үеэс эхлэн товч оруулахыг зорилоо.

1982 он хүртэл ПДС нь МУИС-ийн бүрэлдэхүүнд төсөв санхүү, бүртгэл, тайлан тэнцэл, эдийн засаг, менежментийн бодлого нь нэгтгэгдэж байсан онуудыг бүхэлд нь нэг үе болгон авч үзэж болох юм. 1983-1987 оныг манай улсын дээд сургуулиудын удирдлага, зохион байгуулалтын бүтцэд мөрдөж байсан нийтлэг маягийн норм, нормативыг удирдлага болгон ажилласан он жилүүд нэг үе нь байв.

Политехникийн дээд сургууль /тухайн үеийн нэрээр/ нь 1982 оноос БНМАУ-ын СнЗ-ийн 281-р тогтоолоор МУИС-ийн бүрэлдэхүүнээс бие даасан хуулийн этгээд болж тусгаарлахдаа улиралд 4.7 сая төгрөгийн улсын төсвийн санхүүжилтын 181479 тоот мөнгөн харилцахын данстай, 25.6 сая төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгөтэй, 162.9 мянган төгрөгийн аж ахуйн материал, эргэлтийн хөрөнгөтэй, сургуулийн бүх тэнхим, салбарыг хамарсан аж ахуйн гэрээт ажил, эрдэм шинжилгээний 305012 тоот харилцах дансны  500.0 мянган төгрөгийн үлдэгдэлтэй /бусад их, дээд сургуульд байгаагүй/, төсвийн бус тусгай хөрөнгийн 183140 тоот харилцах дансны 91.1 мянган төгрөгийн үлдэгдэлтэй эхэлж дотоодын бусад их, дээд сургуулиудаас дутахааргүй улс орныхоо хэмжээнд Их сургуулийн статустай ажиллах хэмжээнд нэгэнт хүрээд байсан юм.

 

 

  Зураг дээр: 1980-аад оны эхээр ажиллаж байсан санхүүгийн ажилтнууд

        

Зураг дээр: Төлөвлөгөө, санхүгийн хэлтсийн хамт олон /1988 он/

Бие даан ажилласан 8 жилийн хугацаанд эхний 4 жилд нь удирдлага, аж ахуй, зохион байгуулалт бусад бүхий л түвшинд жигдэрч, улс ардын аж ахуйд инженер, техник технологийн мэргэжилтэй үндэсний боловсон хүчний хэрэгцээ улам их шаардлагатай цаг үед цаашид тус сургууль дээр Засгийн газрын бүтцийн хороо УАХШХ, ШУТУХ, ДТДБУХ/, БНМАУ-ын Сангийн яамнаас хийгдсэн иж бүрэн шалгалтаар онцын зөрчил, дутагдал гаргаагүй ихээхэн том үр дүн болж чадсан. Мөн шинэ тутам дээд сургууль болохын хувьд ПТДС-ийн материаллаг бааз, хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийн хангамж дутагдалтай байгааг улсаас бүх талаар дэмжих нь чухал болохыг энэхүү шалгалтаар баталгаажуулан, 1988 онд БНМАУ-ын СнЗ-ийн 190-р тогтоолоор анх удаа улсын төсөвт байгууллагуудаас ПДС-ийг төсөвт аж ахуйн тооцоон дээр ажиллуулах төр засгийн дээд байгууллагын дэмжлэг авч байсан нь уг шалгалтын өөр нэг чухал үр дүн болсон. Уг төсөвт аж ахуйн тооцооны систем нь шинэчлэл, өөрчлөлтийн тун чухал арга хэмжээ, шийдвэр байсан бөгөөд одоогийн төлбөртэй сургалтын эхлэл болсныг онцлон тэмдэглэх ёстой. 

Ер нь улсын төсөвт байгууллага аж ахуйн тооцоон дээр ажиллах тухай ойлголт, практикийн энэ эхлэл нь манай улс орны хувьд төдийгүй социалист системд онолын талаасаа зөвшөөрөгдөөгүй, нийгмийн түүхэн энэ үед төр засгийн дээд байгууллагын шийдвэрээс гадна БНМАУ-ын Сангийн яамны Төсвийн санхүүжилтын газар /дарга н.Махбал/, ШУТДБУХороо /дарга н.Даш/, “Санхүү, зээл, эдийн засаг” сэтгүүлийн зөвлөл, МУИС-ийн Санхүүгийн тэнхмийн багш н. Цэрэнпил нарын байгууллага, хүмүүс бодит дэмжлэг, туслалцаа үзүүлж байсныг дурсан тэмдэглэх хэрэгтэй юм.

Сургуулийн тухай өмнөх хэд хэдэн ном бүтээл дурсамжид  түүхэн олон чухал үйл явдлуудаас гадна эрдэмтэн багш нар хүмүүс, хамт олон улс эх орондоо анхных нь байсан тухай он цагийн дарааллаар нь тодруулан тэмдэглэж, онцлон дурсдаг нь аргагүй юм. Учир нь тухайн үедээ эхэлж байсан шинэ зүйлийг хүлээн авч хөгжүүлэх нь эхэндээ амаргүй ч тодорхой хугацааны дараа бахархал байдаг байх. Сургалт, эрдэм шинжилгээ, гадаад дотоод харилцаа, хүний нөөц, санхүү эдийн засаг, менежментийн өөр хоорондоо салшгүй хамааралтай цогц бодлого нь түүхийн аль ч үед эн тэнцүү чухал юм. Иймээс манай ахмад санхүүч Я.Дашдондог гуай “санхүү эдийн засаг, менежментийн түүхэн он цагийн явцад тохиож байсан зарим баримтыг сургуулийн түүхэнд оруулах хэрэгтэй бөгөөд цаашид уг ажлыг залуу үе, журмын нөхөд улам боловсронгуй болгон шинэчилж, анхаарч байхыг хүсэж байна” гэж ярьж байна.

 Тэрээр 1989 оноос эхлэн төсөвт аж ахуйн тооцоонд орж, ажилласан зарим онцлог ач холбогдолыг тодорхойлохдоо:

  1. Сургалтын материаллаг баазыг өргөтгөх, санхүү эдийн засаг, менежментийн бодлого зорилтыг хангахад санхүүгийн эх үүсвэрийг бүх талаар нэмэгдүүлж улс эх орондоо инженер техникийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилтыг хангахад сургууль байгууллага хамт олон хүмүүсийн бүтээлч үйл ажиллагааг чиглүүлэхэд төсөвт аж ахуйн тооцооны бодлого чиглэж байсан нь тодорхой юм.
  2. Гэхдээ урьд нь улсын төсвөөс авч байсан санхүүжилтийн хэлбэрийг нь өөрчлөн, байгууллагын бие даасан байдлыг хөхүүлэн дэмжиж, гарч болох хамгийн бага зардлаар, хүрч чадах дээд зэргийн үр дүнгийн тухайд асуудлын гол учир нь байсан. Энэ бол аль ч үед хамааралтай амин чухал ойлголт, одоо ч ач холбогдлоо алдаагүй гэдэгт итгэл үнэмшилтэй явдаг төдийгүй зах зээлийн эдийн засгийн гол мөн чанар үүнд оршдгийг бид бүхэн сайн мэдэх билээ.
  3. Хичээлийн ба оюутны байрны бүрэн хэмжээний хүчин чадал, оюутан багш нарын тоо бүтцээс шууд хамааралтайгаар улсын төсвөөс авч байх санхүүжилтийг томсгосон тооцооны нормативын аргачлалыг хэрэгжүүлж эхэлсэн. Эрдэм шинжилгээний аж ахуйн гэрээт ажлын чиглэлээр сургалтын лаборатори, полигон, багаж тоног төхөөрөмжийг өргөтгөх, шинэчлэх тусгай зориулалтын санхүүжилтыг нэмэгдүүлэхэд тэнхим салбаруудын мэргэжлийн болон оюуны нөөц бололцоог дайчлан ажиллаж оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, багш эрдэмтнийг өргөнөөр оролцуулах нь санхүүжилтын өөр нэг эх үүсвэр нь болж өгсөн. Төсөвт аж ахуйн тооцоонд орж ажиллах тухай норм, норматив, дүрэм журмыг боловсруулан мөрдөх сургуулийн анхны шийдвэрийг Ректоратын 1988 оны 11 сарын 28-ны өдрийн зөвлөгөөнөөр батлан гаргасан нь сургуулийн дотоод нэгж, салбаруудын бие даасан үйл ажиллагаа, идэвх санаачлагыг дээшүүлэхэд хүчтэй нөлөөлж, хамгийн эхний ээлжинд мэргэжил дээшлүүлэх курс, АСУ /Удирдлагын автоматжуулсан системийн/ төв, Хэвлэлийн газар, Ерөнхий эрдмийн тэнхмийн курс, лаборатори, цайны газар, Барилгын салбарын Хөх тоосгоны цех зэрэг олон нэгжид аж ахуйн дотоод тооцоо нэвтэрч байснаас гадна нийт факультетуудад зуны, намрын ажилд оролцсоны орлого өсч, төсвийн бус тусгай хөрөнгийн санхүүжилт нэг дахин нэмэгдэж байсан юм.
  4. Оюутны сарын тэтгэлгийг сурлагын дүн, шалгалт шүүлэг, лаборатори, дадлагын ажлуудтай уялдуулан хүн тус бүрийн итгэлцүүрийн коэффициентээр хуваарилдаг зарчим мөрдөгдөж, бусад анги, салбарууд дээр ч гаргасан бодит хэмнэлтийн 80 хүртэл хувийг сургуулийн хэмжээгээр нэгтгэн тооцоолж, Сангийн яамны Төсвийн санхүүжилтийн газар, хэлтэстэй тохирч, сургуульдаа авч үлддэг байлаа.

1988-1992 оны хоорондох үеийг төсөвт аж ахуйн тооцоогоор ажиллаж, ТИС-ийн хэмжээнд хүрсэн он жилүүд гэж үзэж болох юм.

            Зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1990-ээд оны эхэн үед сургуулийн санхүүгийн байдал маш олон талын хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарч байв. Юуны өмнө ажиллах боловсон хүчний тогтвор суурьшил алдагдаж, олон багш нар арилжаа наймаа хөөн ажлаа орхин явсны адил санхүүгийн ажилтнуудаас ч цөөнгүй хүмүүс ажлаас гарч явж байсан нь бодит үнэн билээ.

            Улсын төсвийн санхүүжилт хүндэрч, төлбөрт сургалтанд эргэлт буцалтгүй шилжсэн бөгөөд багш, ажилтнй нийгмийн баталгааг хангах хэмжээнд хүрсэн орлого хуримтлагдаж чадахгүй нилээд олон жил болсон байна. Харин энэ хүнд цаг үед 1992 оноос ажиллаж эхэлсэн ректор Д.Бадарч удирдлагын шинэлэг зоримог алхмууд хэрэгжүүлж, улмаар 1990-ээд оны дунд үеэс зохих үр нөлөөгөө өгсөн. Ялангуяа бүрэлдэхүүн сургуулиудын бие даасан байдлыг хангах, санхүүгийн эрх мэдлийг өргөтгөх талаар авсан арга хэмжээнүүд тухайн цаг үедээ бүрэлдэхүүн нэгжүүдийн идэвхи санаачлагыг өрнүүлэхэд ихээхэн үр нөлөөгөө өгч байсныг хэн ч үгүйсгэх аргагүй юм. Энэ үед Санхүү, эдийн засгийн проректороор Лидагийн Болдбаатар, ерөнхий санхүүчээр Гончигсүрэнгийн Билгээ нар ажиллаж байв.

 

Зураг дээр: Санхүүгийн  ажилтнууд /2005 онд/

 

Үүний дараа 2004-2006 онуудад Эдийн засаг, хөгжлийн проректороор  Дашзэвэгийн Энхболд, 2006-2008 онуудад Галбадрахын Даваажаргал нар ажиллаж, сургуулийн эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход хүчин зүтгэсний зэрэгцээ номын сангийн барилгыг эхлүүлэх, санхүүжилтийг бүрдүүлэх талаар идэвхи чармайлттай ажиллаж иржээ.

            Өнгөрсөн жилүүдэд тус сургуулийн материаллаг бааз, үйл ажиллагааны цар хүрээ тасралтгүй өргөжиж ирсэнийг дараах хүснэгт диаграммаас харж болно.

 

 

Үзүүлэлтүүд

 

Хэмжих

нэгж

 

Оноор

1982

1992

2002

1

Үндсэн хөрөнгө

сая төг.

25.6

465.0

9937.5

2

Сургалтын тоног төхөөрөмж

сая төг.

6.4

116.3

3403.1

3

Нийт зардал

сая төг.

3.7

84.7

4646.3

 

Тус сургуулийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаа 1990-ээд оны дунд үе хүртэл улсын төсвийн хөрөнгийг зүй зохистой, ариг гамтай ашиглан зарцуулах үндсэн зорилготой байсан бол төлбөртэй сургалт явагддаг болсонтой холбоотойгоор орлого бүрдүүлэх, орлого зардлын зохистой харьцааг барих, хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх замаар орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл, санхүүгийн менежментээр хангаж, эдийн засгийн зорилтот болон үр дүнгийн удирдлагаар үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай болсон юм. Үүнтэй холбогдон Санхүүгийн албаны үйл ажиллагаа өргөжиж, Санхүү эдийн засгийн газар нэртэй болж, зөвхөн нягтлан бодох бүртгэлээр  үйл ажиллагаагаа хязгаарлалгүй, төсөв санхүүгийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, зохион байгуулалт, хяналт, үнэлгээ, шинжилгээний үйл ажиллагаа цогцоор хэрэгжүүлдэг болсон.

СЭЗГ-ын хамт олон /2009 оны хавар/

Санхүүгийн ажилтнууд мэргэжил дээшлүүлэх болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авах, эрхийг сунгуулах сургалтанд байнга хамрагдаж байна. Түүнчлэн 2007 оны намар Малайзын Линкоквингийн Их сургуульд ахлах нягтлан бодогчид явж туршлага судалж ирсэн.  

Зураг дээр: Лимкоквингийн их сургуулийн ажилтнуудтай хамт хойд эгнээний зүүн гараас Г.Оюунчимэг, Ш.Чимэдцэрэн, Ш.Цэнгэл, Б.Алтантуяа, Д.Ундрах, Ё.Эрдэнэхүү, Ж.Амарбаясгалан, Л.Тунгалаг, Ч.Оюун, С.Төгс, Д.Төмөрөө, урд эгнээнд зүүн гараас Г.Жавхлан, Д.Лууванчиг, В.Эрдэнээ, Т.Мажигсүрэн, Г.Билэгт нар байна.

Зураг дээр: ШУТИС-ийн санхүүчид /2007 оны намар/

Түүхэн 50 жилийн хугацаанд ШУТИС-ийн хамт олон багагүй ололт амжилтыг бий болгож, 25 орчим мянган багш, оюутан, ажилтан, ажилчдын сурч, ажиллах орчинг бүрдүүлж, төр, засгийн дэмжлэг болон өөрсдийнхөө итгэл зүтгэл, идэвхи санаачлага, хөрөнгө чадлынхаа хэмжээгээр техник технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх материаллаг баазыг цаг үеийн шаардлагад нийцэхүйцээр хөгжүүлж ирлээ. Цөөн жишээ дурьдахад, сургуулийн байр талбай сүүлийн 40 жилд 3 дахин нэмэгдсэн, лабораторийн тоо 100 дахин, нийт хөрөнгийн хэмжээ 390 дахин өссөн байна.

Сүүлийн 10 жилийн байдлаар ШУТИС-ийн санхүү, эдийн засгийн өсөлтийг тоймлон харуулбал,

 

 

ШУТИС-ийн 2008 оны статистикийн судалгаагаар, 21382 бакалавр оюутан, 1502 магистрант, 686 докторант, лицейн шатны 536, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 616 суралцагч суралцаж байгаа бөгөөд  859 профессор, багш, 709 ажилтан ажиллагчидтай, хичээлийн 12 байр, оюутны 6 байр, дадлагын 26 газартайгаар сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. Нийт профессор, багш нарын 39.5 хувийг эрдмийн зэрэг цолтой багш нар эзэлж байна. Нийт ажиллагчдын сарын дундаж цалин 449.6 мянган төгрөг байгаа бөгөөд үүнээс профессор багш нарын сарын дундаж цалин 499.6 мянган төгрөг байна. Багшийг дэмжих болон мэргэжил дээшлүүлэх зардал нь нэг багшид жилд дунджаар 229.9 мянган төгрөг ноогдож байгаа ба нэг оюутанд ноогдох эрдэм шинжилгээний болон спорт урлагийн арга хэмжээний зардал 7.8 мянган төгрөг байна.

2008 оны байдлаар ШУТИС-ийн жилийн дундаж орлого, зардал 15.3 тэрбум төгрөг байгаа ба нийт хөрөнгийн хэмжээ 19015.7 сая төгрөгт хүрсэнээс үндсэн хөрөнгө 11935.7 сая төгрөг, эргэлтийн хөрөнгө 7080.0 сая төгрөг байна. ШУТИС нь 672842 м2 талбай бүхий 16 хэсэг газар эзэмшиж,  8887.8 сая төгрөгийн өртөг бүхий 10 гаруй барилга, байгууламж, объект, 7885.7 сая төгрөгийн өртөг бүхий машин тоног төхөөрөмж, 172.1 сая төгрөгийн үнэ бүхий 34 программ хангамжийг эзэмшиж ашиглаж байна. Сургалтын зориулалттай талбайн ашиглалтын индекс 0.93-д хүрсэн. Сургалтын орчин нөхцлийг сайжруулахад байнга анхаарч ажиллаж байгаа бөгөөд зөвхөн 2008 онд 4152.4 сая төгрөг зарцуулсан бөгөөд хичээлийн байрны багтаамжийг 256 суудлаар нэмэгдүүлсэн. Сүүлийн 10 жилд 2976.4 сая төгрөгийн өртөг бүхий 85  лабораторийг шинээр ашиглалтанд оруулж, нийт лабораторийн тоо 210 болсон. Сургалтын лабораторийн индекс 0.95 болж, сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Номын фонд 272.0 мянган ширхэг болж, нэг оюутанд ноогдох мэргэжлийн ном, сурах бичгийн тоо 3.3 ширхэг болжээ. Номын сангийн суудлын тоо 1320-д хүрч, оюутны байр тус бүрд номын сан, интернет кафе ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 3129 компьютер, 523 принтер, 119 олшруулагч сургалтын болон бусад үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа бөгөөд нийт компьютерийн 78.8 % нь интернетэд холбогдсон. Нэг сургалтын компьютерт ноогдох оюутны тоо ШУТИС-ийн дунджаар 11 байгаа бөгөөд харин ХМТС, КтМС зэрэг мэргэжлийн сургуулиудын хувьд 6 байна.

ШУТИС-ийг 2015 он хүртэл хөгжүүлэх Мастер төлөвлөгөөнд Номын сангийн шинэ цогцолборыг барьж, мэдээллийн орчин үеийн технологийн нэвтрүүлж, улмаар олон улсын жишигт хүрсэн е-номын сан байгуулах зорилго онцгой байр суурь эзэлж байгаа болно. Номын сангийн энэхүү цогцолбор нь манай улсын их, дээд сургуулиудын номын сангийн загвар төв болохын зэрэгцээ үндэсний ба дэлхийн шинжлэх ухаан, технологийн ололтыг түгээх, сурталчлах хамгийн том, төвлөрсөн номын өргөө болох юм. Ингэснээр ШУТИС өнөөгийн түвшиндээ ч орчин үеийн кампусын загварт ойртсон сургалтын орчин бүхий их сургууль болох чиглэлд том алхам хийх болно. Түүнчлэн нэлээд хэдэн жилийн өмнөөс орчин үеийн их сургуулийн кампус байгуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудад хандаж асуудал дэвшүүлснээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ШУТИС хотхон”-оор тусгагдсан 48 га газрын 18 га дээр Их Сургуулийн кампус барихаар төлөвлөж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн техникийн зураг төслийг боловсруулж байгаа ба багш, ажилчдын амины орон сууцны зориулалтаар 30 га газрын кадастрын зураглал хийж, хотын нэгдсэн санд оруулж баталгаажуулсны хамт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн зураг төсөв нь гарч, газар эзэмшүүлэх эрх нээгдэж, гэрээ байгуулагдан хувь хүмүүст гэрчилгээ олгох зэрэг ажил хийгдэх шатандаа явж байна.

ШУТИС хотхон, багш, ажилтны орон сууцны цогцолборын бүтээн байгуулалт нь Засгийн Газрын хөтөлбөрт багтсан, холбогдох ерөнхий төлөвлөлт, зураг төсөв нь нилээд нарийн боловсруулагдаж чадсан төсөл учраас цаашид жил жилийн улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.

 

САНХҮҮ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АЛБА 

ШУТИС-ийн СНББАлба нь  2017 оны 08 сарын 24-ний  өдрийн Захирлын А/132 тоот тушаалаар дараах албан тушаал, орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. 

СНББА-ны даргаар доктор (PhD) Д.Барсболд, захиргаа хариуцсан ахлах нягтлан бодогчоор мэргэшсэн нягтлан бодогч  Б.Алтантуяа, эрдэм шинжилгээ хариуцсан ахлах нягтлан бодогчоор мэргэшсэн нягтлан бодогч Б.Мөнхцэнгэл, санхүүгийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр мэргэшсэн нягтлан бодогч Ш.Цэнгэл, сургалтын зээл, санхүүжилт хариуцсан мэргэжилтнээр Б.Баянжаргал, бүртгэл тооцооны ажилтнаар М.Шатар нар тус тус ажиллаж байна. 

Ийнхүү ШУТИС гэдэг том айлын “гал тогоог” хашиж, энэ айлын “хүүхдүүд” хоолтой ундтай, тавтай тухтай ажиллаж, амьдрах боломж нөхцлийг хангах гэж компьютерийн товчлуурын хээг арилтал дарж, тооцоо судалгаа хийж буй санхүүгийн нийт ажилтнуудынхаа өмнөөс энэхүү цахим хуудсыг уншигч танд эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.