ШУТИС, ҮТДС-Өөрчлөлт нэрээр ухрах ёсгүй!
ШУТИС-ийн Эрхэм хүндэт ТУЗ-ийн дарга Д.Одхүү,
Эрхэм хүндэт Ректор Т.Батбаяр,
Эрхэм хүндэт Тэргүүн проректор Д.Батчулуун,
Эрхэм хүндэт Проректор Б.Очирбат,
ҮТДС-ийн захирал Т.Амаржаргалан,
Сургуулийн удирдлага, хамт олон, журмын нөхөд минь ээ,


Миний бие ШУТИС-ийн багш Р. Бадмаанямбуу БНСУ-д хувийн хүндэтгэх шалтгаанаар түр байгаа бөгөөд сүүлийн үед ШУТИС дээр өрнөөд байгаа сургуулийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор ҮТДС-ийг тараах тухай мэдээллийг сошиал мэдиа хэрэгслээр аваад сургууль, салбарынхаа хөгжлийн төлөө санаа зовж явдаг залуу хүний хувьд өөрийн гэсэн өнцгөөс санал бодлоо илэрхийлэхийг хүсч байна.

ШУТИС буюу "Шинжлэх ухаан технологийн их сургууль" бол уламжлалаасаа ч, одоогийн чиг хандлага, нэрнээсээ ч харахад Монгол улсын хөгжилд луужингийн үүрэг гүйцэтгэх үүрэгтэй асар том эрдмийн ундарга байх ёстой гэж би боддог. Зарим нь их сургуулийг эрдмийн уурхай гэж зүйрлэх нь бий ч дуусаж дундардаг газар шороо ухдаг уурхай л лав биш буйзаа!

Одоогийн ҮТДС буюу Үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль нь 1961 оноос МУИС-ийн ИФ-аас эхлээд ПДС-ийн МТФ, ТИС-ийн МТС дараа нь ХҮТС, сүүлд ШУТИС-ийн ҮТДС болтлоо уламжлал, олон улсын чиг хандлагын дагуу шинэчлэгдэн өөрчлөгдөж Монгол улсын эдийн засгийн суурь хөнгөн аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй хүний нөөцийг бэлтгэж байгаа, олон оюутантай голлох салбар сургуулийн нэг юм.

Монгол улс эрчимтэй хөгжлийн гарц руу дөхөж яваа энэ торгон цаг хугацаанд бид дээр дооргүй үйлдвэржилтийг дэмжих, Монголын гэсэн онцлогтой экспортын чиглэлийг хөгжүүлэхийг зорьж, эрэл хайгуул хийж байна. Монгол брэнд дэлхийд гарах хамгийн нөхцөл нь бүрдсэн салбар бол Хөнгөн аж үйлдвэрийн салбар, тэр дотроо ноос ноолуурын салбар мөн. Брэнд бол үндсэн материалын эх үүсвэр нь газарзүйн болоод техник шинж чанарын өвөрмөц онцлогт тулгуурласан "Технологи-Дизайн-Маркетинг"-ийн цогц гэж томъёолж болох юм. Энэ ажлыг бодит үр дүнд хүргэхээр тус сургуулийн профессор багш нар, эрдэмтэн судлаач нар, ҮХААЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоод, үйлдвэрүүд, олон улсын байгууллагууд санал нэгтэй дэмжин үе шаттай хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, зүтгэж байгаа билээ.

Ноос ноолуурын салбар бол уул уурхайн ордуудаас ч үнэ цэнэтэй байгальд ээлтэй, нөхөн сэргээгдэх стратегийн чухал ач холбогдолтой салбар болохоор бид олон улсын сүлжээнд хөл нийлэхгүйгээр урагшлахгүй тул тэдний үйл ажиллагаанд өөрийн дуу хоолой, санал санаачлагыг дэмжүүлж оролцох нь хөгжлийн нэг хүчин зүйл юм. Тийм ч учраас ҮТДС, Нэхмэлийн хүрээлэн санаачлага, зүтгэл гаргаж Монгол улсын засгийн газар дэмжиж 2010 онд Монгол улс Олон улсын ноосон нэхмэлийн байгууллага (IWTO)-н бүрэн эрхт үндэсний хорооны гишүүн болсноос хойш бид идэвхитэй ажиллаж байна.

Хорин нэгдүгээр зууны эхэн бол Нанотехнологийн эрин хэмээн дэлхий даяар хүлээн зөвшөөрч шинэ шинэ нээлт, бүтээгдэхүүнүүд энгийн хэрэглээ болж байхад Монгол гэрийн эсгий, бүрээсээс аваад эдийн засаг, нийгмийн олон салбарт өрнөж буй их бүтээн байгуулалттай холбоотой ажлын хувцас, цэрэг арми, сурагчийн дүрэмт хувцас гээд өч төчнөөн хэрэглээнд шинэ дэвшил авчрахаар Нано боловсруулалттай даавуу үйлдвэрлэх технологийн шугамыг сургуулийн удирдлагууд дэмжиж, манай эрдэмтэд Герман улсаас оруулж ирээд суурилуулах шатанд байгаа нь ч бид бүхний өргөн цар хүрээтэй ажиллаж, хичээж яваагийн бага ч гэсэн бодит үр дүн болов уу.

Энэ мэт урагш гишгэсэн зарим бодит ажлуудыг хардаж, үндэслэл муутай цуурхал мэдээг олон нийтэд түгээсэн хариуцлагагүй үйлдлүүд ч ҮТДС-ийн талаарх өнөөдрийн асуудалд нэмэр хачир болж явах шиг. ҮТДС доторх бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах шаардлага байгааг үгүйсгэхгүй, харин ч салбар, багуудыг томсгох, оновчтой бүтцийг бий болгох нь цаг үеийн хүндрэлийг давах, цаашид ч хөгжих зөв арга зам байж болох юм. Үр хүүхдээ унахад нь өшиглөдөггүй Монгол жудгийг санаж, голлох том салбарын сургуулиа санхүүгийн бэрхшээлтэй үед нь дэмжиж, улам зөв чиглүүлж, хөгжүүлэх тэнхээ ШУТИС-д бүрэн бий гэж бодож байна.

Хүн ухаан орсон цагаасаа гэдэг шиг, фрэшмэн байхаасаа ШУТИС-тай ажил амьдралаа холбосон болохоор тааруу зүйлийг нь бусдад өмөөрч хамгаалах үе бишгүйдээ байдаг ч үнэнийг хэлэхэд заримдаа сургуулийнхаа нэрнээс ичих үе гардгийг нуух юун. Учир юунд вэ гэж асуух бараг хэрэггүй биз. Шинжлэх ухаан технологийн их сургуульд дэлхийн түвшиний судалгаа хийчихээр лаборатори (Research Laboratory), туршилтын үйлдвэр (Pilot Plant) байна уу гэдгээс хариулт авч болно. Дээр нь манайхтай ижил гадны их сургуулиуд оюутны тооноос гадна, судлаачдын тоогоо чухалчилж үздэг юм билээ. Гэтэл ШУТИС-д эрдэм шинжилгээний ажилтнууд дайвар мэт явдгийг мөн л хэлмээр санагдав.

Монгол улсад өрнөж буй шинэчлэлт өөрчлөлтийн цаг хугацаанд шинжлэх ухаан, бизнесийн зангилаа болсон олон ажил үйл биелэлээ олж олон улсын сорилт, судалгааны лаборатори, экспортын брэнд бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийн туршилтын үйлдвэр гээд ШУТИС-ийн нэр хүндийг өргөх, цаашдаа ч улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжууд бүтэж байгаа нь сургуулийн хөгжилд оруулж буй ҮТДС-ийн багагүй хувь нэмэр боловуу.

Салбар бүр онцлогтой тул зарим голлох мэргэжлүүд нь хөгжих гэж бас өндийх гэж ядаж буй зарим салбарын мэргэжлүүдээ чирж явдаг практик ч бий. ҮТДС салбарын олон чухал мэргэжлүүдээр сургадаг бөгөөд жишээ татан өөрийн салбарыг түлхүү бичсэнийг ойлгоно бизээ. ҮТДС-ийн өнөөгийн нэр, бүтцийн үндсэн агуулга ч сайн чанарын ховор онцлог түүхий эдийг механик, химийн технологиор боловсруулж, загвар дизайны чиг хандлага, Монгол онцлогийг шингээсэн, зөв маркетингтай жинхэнэ инновацийн бодит загвар бүтээгдэхүүн бий болгох мэдлэг чадвартай мэргэжилнүүдийг бэлтгэх, Монгол үйлдвэржилтийг дэмжихэд чиглэгдэж байгаа юм. Улс орон л хойно салбар бүрийг зөвхөн техник, технологиор биш хүн авч явдаг тул сайн муу мэргэжил гэж байхгүй, харин сайн муу мэргэжилтэн бэлтгэх асуудал бол байгааг анхаарах цаг болсон.

ШУТИС чанартай, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд анхаарахаасаа илүү тооны хойноос хөөцөлдөгч болж хувирсан нь хатуу ч үнэн! Манайд 30 гаруй мянган оюутан (сургуулийн цахим хуудаснаас шинэ тоо баримт олж чадсангүй) чанарын өндөр түвшинд сургаж, дадлагажуулж, мэргэшүүлэх байр, материаллаг бааз нэн хангалтгүй байгаа нь бас л үнэн.

Ингэлээ гээд Аж үйлдвэрийн салбарыг Ахлах сургууль (Лицей)-иас доорд үзсэн хөгжлөөс ухарсан шийдвэр гаргах зоригтой, бас ахархан бодолтой удирдлага байхгүй гэдэгт 100% итгэнэ. 

ҮТДС-ийн хичээлийн байрыг Ахлах сургууль болгож, мэргэжлүүдийг бусад сургуулиудад тарааж, дэлүү шиг наалдуулж үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэвэл том эндүүрэл бөгөөд хүнийг багалзуурдаж алах гэж буйтай агаар нэгэн төсөөлөгдөж байна!


Үүгээр би хэн нэгнийг үгүйсгэж, сөргөлдөж, зогсонги хэв маягт баригдаж суух, шинэчлэлт өөрчлөлтөөс ухрах эрх, халгах нас, сувдаг сэтгэл байхгүй гэдгээ илэрхийлж, урагш тэмүүлэх, сайхан ирээдүйн хөгжлийг хамтдаа бүтээлцэх чин сэтгэл хүсэл ихэнх залуу хүмүүст байдаг гэдэгт итгэдэг.

Ер нь хэн нэгэн алдаа гаргавал алдааны цаана бүх хийсэн гавъяа, бас зүтгэсэн зүтгэлийг үгүйсгэлгүй тэдний хийсэн бүтээсэнд талархаж, урам өгч, дэмжиж ажиллахыг үргэлж санаж байгууштай. Хамгийн том эрх ашиг улс орон, хамгийн жижиг эрх ашиг албан тушаал билээ.

Далай багшийн сургаалийг зөвөөр тусгаж газраа бага сэндийчиж, нүдээ томоор нээж, тархиа их ажиллуулж, гараа их хөдөлгөж л бид хөгжинө.

Шинжлэх ухаанч технологиор улсаа чиглүүлэх үүрэгтэй
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хамт олондоо
Шинэчлэлт өөрчлөлтийг зөв хийж
Шинэ шатанд гарахын ерөөлийг өргөн дэвшүүлье!

Эндүү ташаа алдаа байвал өршөөгөөрэй, эв зөвийг хүссэнийг минь болгоогоорой!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!



Гүнээ хүндэтгэсэн,

Ранжилын Бадмаанямбуу

ШУТИС-ийн ҮТДС-ийн Нэхмэл судлалын салбарын Ахлах багш,
Ноос ноолуурын сорилтын төвийн захирал

БНСУ, Сөүл хот
Самсунг Сөүл эмнэлэг
2013.08.07

Жич: Ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн ачаар санал бодлоо өөрийнхөө үгээр хэнээс ч хараат бусаар илэрхийлж, удирдлага хамт олондоо хүргэж, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж байгаадаа баяртай байна.

 

ҮТДС-ийн БНЗ-ийн дарга ахлах багш Л.Ишдорж