МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ЭРДЭС БАЯЛГИЙН МУЗЕЙ

Монгол улсын газар нутгийн геологийн тогтоц, эрдэс баялгийг харуулсан тус музей нь геологичид, оюутнууд, сонирхогч олон түмний хүчээр боссон байгаль шинжлэлийн төрөлжсөн музей юм.

Музей нь гадаад дотоодын олон түмэнд үргэлж нээлттэй ажиллан Монгол орныхоо геологи, эрдэс баялгийг сурталчлан таниулж ирсний зэрэгцээ мэргэжлийн хичээл сургалт явуулах, хээрийн ба суурин судалгаа хийж музейн үзмэрийн санг баяжуулах, судлан шинжилж бүтээл туурвих зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Музейг анх Монголын геологичдын анхны багш нарын нэг док.проф. Ардын багш Жаргалын Лхамсүрэн геологийн салбарт багшлахын зэрэгцээ музейн үйл ажиллагааг үүсгэн байгуулж, эрхлэн явуулж ирсэн билээ. 1960-аад оны эхээр эрдэс чулуулгийн дээж материалуудыг системтэй цуглуулах ажлыг хийж эхлэн эрдэм шинжилгээ, хичээл сургалтанд ашиглахын зэрэгцээ 1965 оны үеэс олон түмэнд үзүүлэн таниулдаг болсноор музейн суурь тавигдаж өнөөг болтол өргөжин тэлсээр “Геологи эрдэс баялгийн музей” нэртэйгээр ажиллаж байна.

Музей нь ШУТИС-ийн Номын сангийн төв байрны 1-р давхарт байрладаг.

Монголын өргөн уудам нутагт сүүлийн ная гаруй жилийн хугацаанд явуулсан геологи хайгуул, эрдэс баялгийн судалгааны ажлын үр дүнд алт, зэс, нүүрс, фосфорит тэргүүтэй 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 9000 орчим орд илрэлт газрууд мэдэгдээд байна. Музей нь эдгээр хүдрийн баялаг, ашигт малтмал, өнгөт эрдэнийн чулууны бүх төрөл зүйлсийн 3000 орчим дээж материал, зураг, тайлбарыг дэлгэн харуулсан юм. Монгол орны өргөн уудам газар нутаг нь эрдэс ашигт малтмалаар үлэмж арвин тул музей нь геологичид, оюутан, сонирхогч олон түмний хүчээр жилээс жилд байнга баяжин шинэчлэгдсээр ирсэн юм.

Музейгээс эрхлэн төсөл судалгааны ажлуудад оролцож эрдэм шинжилгээний бүтээлүүд, өгүүлэл, бие даасан ном хэвлүүлэн гаргаж байна. Түүнчлэн Орос, Итали, Чех, Канад, Япон, Америк, Тайван зэрэг орнуудтай дээж солилцох, хээрийн судалгааны ажил явуулах, үзэсгэлэн гаргах зэргээр хамтран ажилладаг.

Музейн үзмэрт Монгол орноо мэдэгдсэн бүх төрлийн эрдсийн зүйлсийг найрлага бүтэц, гарал үүслийн шинжээр нь ангилан үзүүлсэн болно. Музей нь Геологи ба Ашигт малтмалын гэсэн 2 хэсэгтэй:

Геологийн хэсэгт маагмын, тунамал, хувирмал чулуугууд болон амьтан ургамлын үлдэгдэл, чулуужсан хэв дардсуудыг харуулсан. Түүнчлэн Антарктит тивийн болон  олон орны чулуугийн дээжсүүд тавигдсан болно.

Ашигт малтмалын хэсэгт Монгол орны газар нутагт бүрэлдэн бий болсон төрөл бүрийн ашигт малтмалуудыг Метал ба Метал бус ашигт малтмал, Өнгөт чулуу, Шатах ашигт малтмал, Газрын тос гэх зэргээр төрөлжүүлэн харуулсан байгаа.

 

 

 

 

Метал ашигт малтмалаас алт, мөнгө, зэс, төмөр, хартугалга, цагаантугалга, цайр, молибден, вольфрам, ГХЭ-ийн хүдэр болон Асгатын мөнгөний орд, Лугийн голын ГХЭ-ийн орд, Баян модотын цагаантугалганы орд, Цавын полиметалын ордын загваруудыг харж болно.

Металл бус ашигт малтмалаас болор, хээрийн жонш, гантиг, шөрмөсөн чулуу, гөлтгөнө, бал чулуу, гялтгануур, давс, цеолит, фосфорит, хайлуур жонш болон Цагаанчулуутын гантигийн орд, Өргөний хайлуур жоншны ордын загварууд бий. Монголчуудын уламжлалт өнгөт эрдэнийн чулуунд орох мана, гартаам, хас, молор, болор, биндэръяа, анар, ногоон хаш, баргилт мэтийн гоёл чимэглэл, урлаг сийлбэрийн чулуулгийн төрөл зүйлүүдийг дэлгэн харуулсан байгаа.

Музейд Шаварын царамын анар, Бужгарын ордын хайлуур жоншны талстууд, Эрдэнэтийн овооны оюу, Төхөм толгойн усанбиндэръяа, Арц богдын нил болор, Шишгэд голын ногоон хаш, Өмнөговийн цагаан шүр зэрэг ховор олдворууд, Горхийн боржингийн усан ба утаат болор, Дорноговь, Хэнтийн флюоритын ордуудын хүдэр, Бодончийн ордын гялтгануурын том хуудаслаг талст, Увсын Шүдэн уулын жамц давс, Хантайширийн нурууны серпентин зэрэг эрдсийн томоохон цул дээжүүдийг үзэх болно. Мөн Монголын уламжлалт ардын эмнэлэгт хэрэглэж ирсэн эмийн эрдсүүд, хүний биенд үүссэн чулуу зэрэг сонирхолтой үзмэрийг сонирхож болно.

Манай орны түлш эрчим хүчний үйлдвэрийн түүхий эд болох нүүрс, шатдаг занар тэдгээрийн тархалт байршил, Таван толгойн ордын загвартай танилцах болно. Мөн Монгол орны газрын тос агуулсан сав газрууд, газрын тосны ордын хайгуул олборлолт, боловсруулалт, Тамсагийн ордын загвар болон газрын тосноос гаргаж авсан бүтээгдэхүүний дээжсүүд, өрмийн чөмөг зэрэг сонирхолтой үзмэр тавигдсан байгаа.

Та бүхэн хүссэн цагтаа манай музейд морилон ирж, сонирхон үзээрэй!

 

Ажиллах цаг: Ажлын өдрүүдэд 9-18 цагт ажиллана.

                        Бусад өдөрт захиалгаар үйлчилнэ.

Хаяг: Улаанбаатар, Бага тойруу-42. ШУТИС, Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн байрны 1 давхарт.

Харилцах утас: 11326425, 976-99793438.   976-88443329

е-mail: majigsuren@must.edu.mn,  majigsuren@yahoo.com