ШУТИС-ийн нийт профессор багш нар, ажилтан, албан хаагчид, оюутан суралцагчид Та бүхэнд 2020-2021 оны Хичээлийн шинэ жил-Эрдмийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ оны эхнээс дэлхийн нийтэд дэгдсэн COVID-2019 цар тахлын тархалтын улмаас Монгол улсад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы дэглэм өнөөг хүртэл үргэлжилж байгаа тул бид шинэ хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр эхлүүлж байна.
ШУТИС-ийн профессор багш нар, оюутан суралцагчид 2020 оны Хаврын улирлаас цахим хэлбэрээр хичээл сургалтаа амжилттай явуулж, хүндрэл бэрхшээл, сорилтыг хамтын хүчээр даван туулж, зохих туршлага хуримтлуулж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ бүрэн хангалаа. Ийнхүү 2020-2021 оны хичээлийн жил цахим болон танхимын сургалт хосолсон хичээлийн жил болж байна. Нөгөө талаар тус их сургуулийн ойрын 10 жилийн хөгжлийн зорилго, зорилтуудыг тодорхойлсон “ШУТИС-2030 Стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхлэх анхны хичээлийн жил болж байгаагаараа онцлогтой юм.
Энэ хичээлийн жилд ШУТИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний сургалтад 3200 орчим, ШУТИС-Косэн ба Ахлах сургуульд 120 гаруй оюутан, суралцагчид шинээр элсэн суралцаж байгаа бөгөөд шинээр элсэгчиддээ тусгайлан халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн Ректорын зөвлөл “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, их сургууль, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилтыг шинэ хичээлийн жилийн уриа болгон дэвшүүлж, хэрэгжүүлэн ажиллах шийдвэр гаргалаа. Бид дотоодын үйлдвэр, аж ахуй нэгжүүдтэй хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж ирсэн уламжлал дээрээ тулгуурлан одоогийн тулгарч буй нөхцөл байдалд илүү өргөн хүрээнд харилцан үр ашигтай хамтран ажиллах шаардлагатай болж байна. Энэхүү хамтын нэгдмэл үйл ажиллагаа нь бидний хөгжлийн нэг чухал хөдөлгөгч хүч болно.
Тус их сургуулийн нийт эрдэмтэн багш нар, ажилтнууд, оюутан суралцагчид та бүхэн Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас сануулж буй халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахин халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж, шинэ хичээлийн жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье.
Эрдэм номын эрхэм үйлсэд Тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
РЕКТОР Б.ОЧИРБАТ
"Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
Химийн салбарын мэргэжилтний мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтанд урьж байна.
STUDENT TO PROFESSIONAL: SOFT SKILLS DEVELOPMENT
“МОНГОЛ МЕНЕЖМЕНТИЙН ДЭГ СУРГУУЛЬ – 65” Эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна
ШУТИС-ийн багш, судлаачдын шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл танилцуулах "2IP-2024" арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна