БНЧУ-ын ИХ СУРГУУЛЬД МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА


Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хооронд байгуулсан боловсрол, соёл, шинжлэх ухаан болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дагуу 2008-2009 оны хичээлийн жилээс БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд байгалийн ухаан, геологи /гидрогеологи/, мал эмнэлэг, хүрээлэн буй орчин /экологи/, газар тариалан, машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл /эрчим хүч/, анагаах ухаан, эдийн засаг /худалдаа/, информатик, барилгын чиглэлээр чех хэл дээр англи хэл дээр магистрын сургалтад хамрагдах 3 хүнийг, англи хэл дээр докторын сургалтад хамрагдах 5 хүнийг тус тус шалгаруулна.

 
Магистр, докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн ШУТИС-ийн ОУХАА-ны 218 тоот өрөөнд бүртгэх тул доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн хүрэлцэн ирнэ үү. Үүнд:

1. Ажил байдлын тодорхойлолт;
2. Бакалавр, магистрын дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3. Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (2-4 хуудас);
4. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
5. Шалгалтын хураамж 10000 төгрөг.

 
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНЧУ-ын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлж, баримт бичгийг нь хүлээн авах талд хүргүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс чех хэлний нэг жилийн бэлтгэл сургалтад хамрагдах боломжтой. Магистр, докторын сургалт англи хэл дээр явагдах тул энэ сургалтад хамрагдах хүмүүс хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангидаа элсэн суралцана. БНЧУ-ын Засгийн газраас амьжиргааны тэтгэлэг олгож, сургалтын төлбөрийг санхүүжүүлэх бөгөөд замын зардлаа суралцагч өөрөө хариуцана.


Энэ зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://www.mecs.pmis.gov.mn)-ын

“мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан булангаас уншиж болно.



МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, БНЧУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


Оруулсан Д. Туул, ОУХАА-ны ахлах мэргэжилтэн