ГАДААДАД МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн
11 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт



СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАХ ХҮМҮҮСИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ




Нэг. Нийтлэг зүйл



1. Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах Монгол Улсын иргэдийг шалгаруулахад энэхүү журмыг баримтлана.


2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “яам” гэнэ/ нь жил бүрийн 1 дүгээр сард багтаан бусад яамд, тэдгээрийн харьяа байгууллага, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага /цаашид “захиалагч” гэнэ/-уудын мэргэжлийн чиглэлийн захиалгыг авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд нийцүүлэн тухайн жилд гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах хүний тоо, мэргэжлийн чиглэлийг тогтооно.


3. Яам жил бүрийн 2 дугаар сард багтаан тухайн жилд гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах хүний тоо, мэргэжлийн чиглэл, захиалагч байгууллагын нэр, бүртгэх болон шалгаруулах тодорхой нөхцөл болон хугацааг яамны вэб хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.


4. Зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр, магистр /докторантурт суралцагчдад хамаарна/-аас доошгүй боловсролтой /сургалтын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш байна/, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, гадаад хэлний бэлтгэлтэй, олон улсын нэр хүндтэй их сургуулийн үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн хүмүүс /цаашид ”шалгуулагч” гэнэ/-ийг шалгаруулалтад оруулна.


5. Сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж буй шалгуулагч нь өөрийн ажиллаж буй байгууллагаас зөвшөөрөл авна.


6. Яам энэ санхүүжилтэд хамруулах гадаадын их сургуулиудын нэрсийн жагсаалтыг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас гаргасан мэдээлэлд үндэслэн тогтоож, өөрийн вэб хуудсанд байршуулна.


Хоёр. Бүртгэл, сонгон шалгаруулалт



7. Шалгуулагч нь доор дурдсан баримт бичиг (цаашид “баримт бичиг” гэнэ)-ийг бүрдүүлж, зарлагдсан хуваарийн дагуу яаманд бүртгүүлнэ:


а. өргөдөл (тухайн чиглэлээр суралцахаар болсон зорилго, ийнхүү суралцахад өөрийгөө бэлтгэсэн байдал болон яагаад өөрийгөө энэ санхүүжилтэд хамаарагдах шаардлагатайг тайлбарласан үндэслэл, суралцаж төгсгөөд хийх ажлын тухай төсөөлөл, суралцахад шаардагдах дэмжлэг, нөхцлийг тодорхой илэрхийлсэн байна);

б. энэ журмын 6-д заасан сургуулиас элсүүлсэн тухай албан захидал;

в. өөрийн судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна);

г. эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);

д. ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллуулж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс энэ мэргэжлээр суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон захидлыг битүүмжлэн энэхүү тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлнэ);

е. бакалавр, магистр (докторантурт суралцах хүмүүст хамаарна)-ын боловсролын зэрэг эзэмшсэн тухай боловсролын баримт бичиг, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (боловсролын баримт бичгийн хуулбарыг олгосон байгууллагаас нь авахыг зөвшөөрсөн захидал).

ж. гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт.



8. Яамны шийдвэрээр байгуулагдсан комисс /цаашид “шалгалтын комисс” гэнэ/ нь шалгуулагчдын баримт бичигт дүн шинжилгээ хийж, шалгаруулалтыг зохион байгуулна. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд сургалт, эрдэм шинжилгээний болон захиалагч байгууллагын төлөөллийг оруулна.


9. Шалгаруулалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авна. Шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практикийн ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар үнэлгээ өгөхөд оршино.


10. Шалгуулагчдын оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, тухайн чиглэлээр хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг хяналтын тоонд багтаан шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалавр, магистр /докторантурт суралцах хүмүүст хамаарна/-ын дипломын голч дүнг харгалзана. Дипломын голч дүн тэнцвэл хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзана.


11. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шалгаруулалтын дүнг үндэслэн суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргана. Шийдвэрээ хүлээн авсан шалгуулагч нь холбогдох журмын дагуу захиалагчтай гэрээ байгуулж, яамнаас батлагдсан тусгай маягтын дагуу тангарагийн бичиг өргөн барина. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай тодорхой нөхцөл болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүргийг тодорхой тусгасан байна.

Гурав. Бусад зүйл



12. Шалгаруулалтын бүртгэлийн болон зохион байгуулалтын холбогдох зардлыг шалгуулагч хариуцна.


13. Шалгуулагч нь энэ журамд заасан болзол шаардлагыг хангаагүй, баримт бичгээ дутуу эсвэл хуурамчаар бүрдүүлсэн, шалгалтын явцад бусдаас дэмжлэг авсан, бусдын бүтээлийг хуулж ашигласан, худал мэдээлэл өгсөн, зарлагдсан хугацаанаас хоцорсон болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол сонгон шалгаруулалтаас хасна.


14. Гадаадад суралцуулах өөр шалгалтад тэнцэж, тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн хүнийг шалгаруулалтад оруулахгүй.


15. Монгол улсын болон гадаадын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрт энэ журмаас өөрөөр заасан тохиолдолд гэрээ, хэлэлцээрийн заалтуудыг баримтална.


16. Шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.



---------- о О о ----------


Оруулсан Д. Туул, ОУХАА-ны ахлах мэргэжилтэн