ПОЛЬШ, УНГАР, ТУРК, ЛАОС, ВЬЕТНАМ УЛСАД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА

20082009 оны хичээлийн жилээс хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу:

– Польш улсад 10 оюутныг барилга, архитектур, автоматжуулалт, мэдээллийн технологи, эрчим хүч, металлурги, геологи, байгалийн ухаан, хөдөө аж ахуй, эдийн засгийн чиглэлээр,

– Унгар улсад 2 оюутан (А категори – үнэ төлбөргүй суралцаж, амьжиргааны тэтгэлэг авна)-ыг архитектур, мэдээллийн технологийн чиглэлээр, 3 оюутан (Б категори – үнэ төлбөргүй суралцаж, амьжиргааны зардлаа өөрөө хариуцана)-ыг биотехнологи, анагаах ухаан, эдийн засгийн чиглэлээр,

– Турк улсад 35 оюутныг инженер (10), технологи (10), байгалийн ухаан (6), анагаах ухаан (4), эдийн засаг (2), эрх зүй (1), хөдөө аж ахуй (1), турк судлал (1)-ын чиглэлээр,

– Лаос улсад 3 оюутныг уламжлалт анагаах ухаан, хөдөө аж ахуй, техник технологийн чиглэлээр,

– Вьетнам улсад 15 оюутныг техник технологи (5), байгалийн ухаан (2), мэдээллийн технологи (2), хөдөө аж ахуй (2), хүнсний технологи (1), эм зүй (1), эдийн засаг (1), олон улсын худалдаа (1)-ны чиглэлээр тус тус сонгон шалгаруулж, бакалаврын түвшний сургалтад хамруулна.

Сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид шалгалтад оролцох мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 21 нас хүрээгүй Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Шалгалтад орох хүсэлтэй оюутнууд нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, доорх хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2008 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Бүртгэл хөтлөх хүснэгт:

Овог

Нэр

Нас

Хүйс

Утас

Регистрийн дугаар

Курс

Голч дүн

Суралцаж буй чиглэл

Суралцах чиглэл

Суралцах улс

1












Сонгон шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын оноог 5 дугаар сарын 8-ны өдрийн 15.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан оюутнууд доорх хүснэгтэд дурдсан мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.

Бүртгүүлсэн мэргэжлийн чиглэл

Мэргэжлийн шалгалт

1

Барилга, архитектур, автоматжуулалт, эрчим хүч, металлурги, геологи, байгалийн ухаан, хөдөө аж ахуй, эдийн засаг, олон улсын худалдаа, мэдээллийн технологи, инженер, техник технологи, технологи, эрх зүй

Математик

2

Байгалийн ухаан, хөдөө аж ахуй, технологи, биотехнологи, анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, эм зүй, хүнсний технологи

Хими

3

Турк судлал

Нийгмийн тухай мэдлэг

Мэргэжлийн шалгалтыг 5 дугаар сарын 9-ний өдрийн 15.00 цагт зохион байгуулж, шалгалтын оноог 5 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Мэргэжлийн шалгалтад мөн нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Шалгарагчдыг 2 шалгалтын нийлбэр оноогоор нь зарлагдсан хуваарь тус бүрээр жагсааж шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 5 дугаар сарын 12-ны өдрийн 15.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Польш улсад суралцахаар шалгарсан хүмүүст 5 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 цагаас, Вьетнам, Лаос улсад суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 15.00 цагаас, Унгар улсад суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 16.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 212 тоот өрөөнд, Турк улсад суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 17.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 401 тоот өрөөнд хүлээн авах талд илгээх баримт бичгийн бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө өгөх тул биечлэн ирэх шаардлагатайг анхааралдаа авна уу.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг тухайн улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. Суралцах хариу авсан оюутнуудыг нэг жилийн хэлний бэлтгэл сургалтад хамруулна. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд хүлээн авах тал үнэ төлбөргүй суралцуулна. Вьетнам, Лаос, Унгар (А категори), Турк улсад суралцах хүмүүст хүлээн авах талын Засгийн газраас амьжиргааны тэтгэлэг олгоно. Польш улсад суралцах оюутнууд Сургалтын төрийн сангаас сар бүрийн 400 злотын зээл авах боломжтой. Унгар улсад В категориор суралцах хүмүүст амьжиргааны тэтгэлэг олгохгүй.

Энэ зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn/)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан булангаас уншиж болно.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ


Олон Улсын Хамтын Ажиллагааны Мэргэжилтэн /Т.Ууганбаяр/